Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
2016/03/01
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Ингээд Засгийн газрын хуралдааны мэдээллийг хүргэе.
Аймаг, дүүрэг, сумдын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд тэмдэглэнэ
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 2 дугаар зүйл, Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газрын тогтоол гаргаж, аймаг, дүүрэг, сумын баяр наадам, бүс, аймгийн хэмжээний томоохон уралдааныг 2016 оны 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Энэ оны 7 дугаар сарын 10-16-нд Улаанбаатар хотод болох Ази, Европын дээд түвшний уулзалтад 4000 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд 53 орны төр, засгийн тэргүүн оролцохоор саналаа ирүүлсэн байна. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын 800 орчим сурвалжлагч, сэтгүүлч ажиллана. Дээд түвшний уулзалт болох цаг хугацаа нь Үндэсний баяр наадамтай давхцаж байгаа юм.
Хөдөлмөрийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар нийтээр амрах хугацааг 7 дугаар сарын 11-15 гэж заасан байна. Энэ нь дээрх хугацаанд нийслэлийн ачааллыг зарим талаар бууруулах ач холбогдолтой бөгөөд аймаг, дүүрэг, сумын баяр наадмыг 7 дугаар сарын 15-25-нд зохион байгуулах тухай шийдвэр гаргаж өгөх хүсэлтийг энэхүү уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлөөс гаргажээ. Дээд түвшний уулзалтын үеэр орон нутгаас нийслэл рүү чиглэсэн зорчигчдын нэн яаралтайгаас бусад урсгалыг хязгаарлах, иргэдэд тайлбарлан ойлгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болголоо.
Өнөөдөр “АСЕМ-ийн өдөр”
АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд 2016 оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ийн өдөр” болгон зарлаж, улс даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэлээ. Люксембургийн Их Гүнт Улсад 2015 оны 11 дүгээр сард болсон АСЕМ-ийн Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар уулзалтаар АСЕМ-ийн талаарх олон нийтийн ойлголтыг бэхжүүлэх, үйл ажиллагаа, ач холбогдлыг сурталчлан таниулах, ард иргэдийн дунд сурталчилгааны цогц арга хэмжээг өргөнөөр зохион байгуулах зорилго бүхий “АСЕМ-ийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 1-нд тэмдэглэн өнгөрүүлэх тухай санаачилгыг гишүүн орнууд санал нэгтэй дэмжсэн юм. АСЕМ-ийн Дээд түвшний анхны уулзалт 1996 оны 3 дугаар сарын 1-нд Бангкок хотноо зохион байгуулагдаж байжээ.
Монгол Улс АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт, АСЕМ-ийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах орны хувиар АСЕМ-ийн түүх, алсын хараа, онцлог, хэтийн зорилго, хандлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэж, АСЕМ-ийн олон улс дахь ач холбогдлыг сурталчлан таниулах үүрэгтэй хэмээн үзэж, энэ оны 3 дугаар сарын 1-нийг “АСЕМ-ийн өдөр” болгон тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төсөл санаачлагчид санал уламжлахаар тогтлоо
УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн санаачлан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөл санаачлагч хувь тэнцүүлэх замаар сонгуулиар нэр дэвшигчийн мандатаас зургааг нь олонхийн сонгуулиар сонгогдох мандатад шилжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байна.
Эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүллээ
Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд балансаас балансад шилжүүлэхийг Сангийн сайд Б.Болорт даалгалаа.
Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 22-ны 260 дугаар тогтоолоор концессийн “шинэчлэн сайжруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээг “Юниверсити хоспиталь” ХХК-тай байгуулах эрх олгосон юм. Иймд Засгийн газрын дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн яамны балансад бүртгэлтэй хуучин нэрээр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дуусаагүй барилгыг Эрүүл мэнд, спортын яаманд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ.
“Монгол Улсын үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” баталлаа
Засгийн газрын 2010 оны 289 дүгээр тогтоолоор баталсан “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т улсын бүртгэлийн байгууллага нь гадаад улсад зорчих баримт бичгийг зохиох, хэвлэх, тараах, цахим хэлбэрт шилжүүлэх, олон улсын стандартад нийцүүлэх, машинаар уншигдах боломжтой гадаад улсад зорчих баримт бичиг олгох, хугацааны сунгалт хийгдэхгүй ба уншигдах хэсэгт өөрчлөлт, засвар оруулах боломжгүй биометрик мэдээлэл хадгалсан паспортыг хэрэглээнд нэвтрүүлэх, машинаар уншигдахгүй гадаадад зорчих баримт бичгийг 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө эргэлтээс бүрэн хасах тухай заасан. Иргэний бүртгэлийн бодлого, хөтөлбөр, зорилтын хүрээнд хууль эрх зүй, мэдээлэл технологийн болон бүртгэлийн үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор батлагдсан журмын нэр томъёо, зохицуулалтыг өөрчлөх шаардлагатай болж байна. Шинэчлэн боловсруулсан журамд гадаад паспортын хүчинтэй байх хугацааг 5, 10 жилийн хугацаатай байхаар тусгажээ. Мөн гадаад паспортын бүртгэлийн төвлөрөл, шат дамжлагыг бууруулж орон нутаг дахь бүртгэлийн байгууллагад шилжүүлэхээр тусгасан байна. Ингэснээр бүртгэлийн үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирч, иргэдэд төрийн үйлчилгээ ойртоно гэж тооцож байна.
Товч мэдээ:
- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- 2016-2018 онд Монгол Улсад зохион байгуулах олон улсын томоохон хурал чуулган, арга хэмжээний нэгдсэн жагсаалтыг баталлаа.
- Архивын ерөнхий газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн VII хороо, Амарын гудамжинд байрлах 5 давхар барилгыг Тахарын ерөнхий газарт балансаас балансад шилжүүллээ.
- “Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг дэмжин УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
- Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийн 2015 оны жилийн эцсийн дүнг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
- “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2016 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Шадар сайд Ц.Оюунбаатар танилцууллаа.
- Эрчим хүчний зохицуулах хорооны дүрмийг шинэчлэн баталлаа.
- Канад улсын Торонто хотод 2016 оны 3 дугаар сарын 6-9-нд болох Геологи, уул уурхайн олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол Улсын уул уурхайн салбарыг сурталчлах, хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийг танилцуулах бизнес форум болон бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, төслүүдээ сурталчлах үзэсгэлэн зохион байгуулах арга хэмжээний зардалд зарцуулах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Болорт зөвшөөрлөө.
- “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон “Сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг баталлаа.
- Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжин тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
- Д.Үүрийнтуяаг Засгийн газрын хэрэжүүлэгч агентлаг-Ашигт малтмалын газрын даргаар томиллоо.
- Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Зочин · 2016/03/01
nice