Цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг анхааруулж байна
2016/03/01
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” зэрэглэлд хүрээд байна.
Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар нийт 20 аймгийн 205 суманд 248910 (бод-34764, бог-214146) толгой мал хорогдсон мэдээтэй байна.
Улмаар 02 дугаар сарын 25, 26-ны өдөр баруун аймгуудын нутгаар цас орсон бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Солонготын даваа цасанд хаагдсаныг нээсэн.
Өнөөдрийн байдлаар цасанд хаагдсан зам, даваа байхгүй байна.
Харин 2016 оны 03 дугаар сарын 02, 03-ны өдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар, 04-ний өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа нь зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсэх, улмаар цаг агаарын гамшигт үзэгдэл болохыг цаг уурын байгууллагаас мэдээлж байна.
Иргэд цасан шуурганы үеэр хол, ойрын замд гарахгүй байх, зайлшгүй гарах тохиолдолд дулаан хувцас, халуун хоол хүнс болон цас ухах багаж хэрэгсэл базаах, шатахууны нөөцтэй явах, автомашин, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган замд гарах, аль болох туулах чадвар сайтай автомашинаар зорчиж, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй урьдчилан сэргийлэх мэдээг дагаж мөрдөхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.
Мөн хүчтэй салхи шуурганы үеэр авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулсан авто замын хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, автомашин олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирдаг тул шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хязгаарлах арга хэмжээ авч ажиллана.
Малчдын хувьд малын бэлчээрлэлтэд онцгой анхаарч, малыг ойрын бэлчээрт, нөмөр, нөөлөг газар бараадуулах, их салхи шуурганаас урьтаж хаших, салхи шуурганы үед өвс, тэжээл өгч бэлчээрлүүлэхгүй байхыг зөвлөж байна.
Зочин · 2016/03/02
Shaa2
Зочин · 2016/03/01
nice