Олон улсын Нарантуул худалдааны төвд өнөөдөр 03:36 цагт гал гарсан. Галыг үүрийн 05:00 цагт унтраасан тухай эх сурвалжууд мэдээлэв. Гал гарсантай холбоотойгоор дөнгөж сая Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мэдээлэл хийсэн юм.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүү: Өнөөдөр өглөө 03 цаг өнгөрөөгөөд Нарантуул худалдааны төвд гал гарсан. Тодруулбал, БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Нарантуул худалдааны төвийн бөс барааны хэсэгт буюу саравчтай задгай тал гал гарсан. Уг хэсэг нь 96*65 м2 хэмжээтэй талбай бөгөөд 53*43 нь шатсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байгаа. Нийслэлийн гал унтраах ангиудын 90 орчим хувь нь ажилласан. 100 гаруй албан хаагч галыг унтраахад ажилласан. Гал түймэр тархсан дэлгэрсэн зүйл гараагүй. Цагдаагийн 75 албан хаагч хамгаалалтад гарч ажилласан мэдээ байна. Одоогоор хохирлын хэмжээг тодорхой хэлэх боломжгүй байна.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хошууч Б.Баатархүү: Галын дуудлага ирснээс эхлээд БЗД-ийн албан хаагчид болон хэв журмын албан хаагчид хамгаалалтад ажилласан. Нэмэлтээр мөрдөн байцаагчид томилогдон ажиллаж байна. Одоогоор хэргийн газар ажиллаж байгаа. Хохирогчдийн тоог тогтоох боломжгүй. Нарантуул захыг 2-3 өдөр хаана гэсэн мэдээлэл байгаа. Өнөөдөр 11 цагийн байдлаар бол захыг хаана гэсэн мэдээлэл ирээгүй байна. Түргэн шуурхай хугацаанд хэргийн газарт үзлэг хийж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл гал гарсан хэсгийг тусгаарлан, хамгаалалтад авч байгаад захын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахаар ОБЕГ-ын алба хаагчидтай хамтран ажиллаж байгаа. Камерын бичлэг болон бусад нотлох баримтыг хэрэгт хавсарган ажиллаж байгаа. Дөнгөж мөрдөн байцаалтын ажил явагдаж байгаа болохоор урьдчилан таамаг дэвшүүлэхгүй байхыг хүсч байна.

НОБГ-ын гал түймэртэй тэмцэх тасгийн дарга, Онцгой байдлын хурандаа Б.Эрэдэнэбаатар: Нарантуул захад галын аюудлгүй байдлын тухай шалгалтыг тогтмол хийдэг. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгаагүй тул 2016.02.26-ны өдөр 250 000 төгрөгөөр торгосон гэв.

Улмаар сэтгүүлчдийн асуултад хариулснаар хэвлэлийн хурал өндөрлөв.

А.Баярмаа

О.Номин