Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол залуу БНХАУ-ын Нанжин хотноо зохион байгуулагдсан “The Brain” гэж нэрлэдэг ой тогтоолтын аваргуудыг тодруулдаг телевизийн хамгийн том, хамгийн олон үзэгчтэй шоу нэвтрүүлэгийн ялагч болсон байна.

Тодруулбал, Монгол Улсын нэрийг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын ОУ-ын Их Мастер Э.Энхмөнх оролцсон юм. Түүний хувьд эхний шатандаа "X-Team" баг буюу Австрали, Перу, Испани, Шведийн шилдэг тамирчидтай нэг баг болон өрсөлдсөн бол төгсгөлийн шатандаа тус бүртээ өрсөлдөж, бүгдийг ялснаар ийнхүү ялагч болсон байна.

Хятад улсын тэрбум гаруй хүний дундаас ой тогтоолтоороо шилдгээр шалгарсан хүмүүс дэлхийн ой тогтоолтын аваргуудтай хүч үздэг энэхүү сонирхолтой телевизийн шоуг нэг оройд бараг 300 сая хүн үзэж сонирхдог гэх судалгаа байдаг ажээ.

Манай тамирчны хувьд Монголын Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатартай Хятад улсыг зорьсон. Тэд явахдаа монголчууддаа “Хамгийн гол нь ялах ч бай, ялагдах ч бай энэ телевизийн шоунд оролцсоноороо Монгол Улс бол тусгаар тогтносон улс, Хятадын хараат биш гэдгийг олон арван сая хүнд мэдрүүлэхээрээ СОЁЛ-ын маш том ажил болох юм. Гэхдээ аливаа тэмцээн уралдаанд ялагдана гэж ордоггүй учраас та бүхэн минь сайхан мэдээ хүлээж байгаарай” хэмээн бичиж байсан.

Тэгвэл тэрхүү амлалтаа биелүүлж тамирчид маань ялагч болжээ. Дашрамд өгүүлэхэд манай тамирчин Э.Энхмөнхийг тэмцээний туршид “Монгол бүргэд” хэмээн нэрлэж байсан байна.

Уншигчдадаа тэмцээний эцсийн шатанд манай тамирчны үзүүлсэн амжилтын талаарх бичлэгийг үзүүлье. Энэхүү бичлэгт Э.Энхмөнх санамсаргүй анивчсан 225 цифрийг харгалзах нүдтэй нь хамт тогтоож байгаа юм.

 

Эх сурвалж: http://mnb.mn/

Нийтэлсэн: О.Шинэтуяа