“Бяцхан зүрх дуулж байна” төслийн анхны дууны нээлт боллоо
2016/03/07
Өнөөдөр “Бяцхан зүрх дуулж байна” төслийн анхны дуу болох “Бяцхан зүрх” дууг клипжүүлэн үзэгчиддээ хүргэлээ. “Бяцхан зүрх дуулж байна” төслийн анхны ажил нь БСШУЯ-тай хамтарсан бөгөөд “Хүүхэд бүхэн жаргалтай байг” сэдвийн хүрээнд 20 гаруй хүүхдийн дуу бүтээхээр ажилдаа орсон байна. “Бяцхан зүрх” хэмээх анхны дуугаа МУСТА, дуучин Р.Номин-Эрдэнэ, С.Сэрчмаа, Б.Баярцэцэг нартай хамтран дуулсан байна. Мөн өөр олон хүний тусламжтайгаар ажлуудаа амжилттай хийж гүйцэтгэж байгааг төслийн багийнхан өнөөдөр дуулгалаа.
Өнөөгийн нийгэмд ажилгүйдэл, ядуурал, архидалт, гэр бүл салалт маш их байгаа. Энэ нь залуу гэр бүлүүдэд дарамт болж байгаа. Үүнээс болж маргалдах, үл ойлголцох асуудал гарч гэр бүл салж, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох, эцэг эхийн хайранд өсөх эрх зөрчигдөж байгаа юм. Тиймээс МУСТА, дуучин Р.Номин-Эрдэнэ эх хүн болохоор энэ асуудалд маш их эмзэглэж явдаг учраас “Бяцхан зүрх” ТББ-ыг санаачилсан гэдгээ өнөөдөр сэтгүүлчдэд дуулгалаа.
“Бяцхан зүрх дуулж байна” төсөл нь хэрэгжээд хоёр жилийн нүүрийг үзээд байна. Байгуулагдсанаасаа хойш тодорхой хэмжээний олон ажлуудыг хийж бүтээсэн гэнэ. Одоогоор дуучин Р.Номин-Эрдэнэ өөрийн хувийн уран бүтээлээ хойш тавин “Бяцхан зүрх дуулж байна” хэмээн ТББ-даа гол анхаарал, зүрх сэтгэлээ дайчлан ажиллаж байна гэв.
О.Номин