Иргэн О.Түмэндэмбэрэл “Ачтан” эмнэлэгт 2013 оны есдүгээр сард цөсний хүүдийн чулуу авах хагалгаанд ороод эрүүл мэндээрээ хохирсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал иргэн О.Түмэндэмбэрэлд хагалгааг буруу хийсний улмаас эрүүл мэнд сэтгэл санаагаар хохироч Баянгол, Хан Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандсан байдаг. Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд хагалгаа хийсэн их эмч Б.Төмөрбаатарыг эрүүгийн хуулийн 106.2-т зааснаар эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс О.Түмэндэмбэрэлийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзжээ. Гэвч уг хэрэг нь 2015 оны долдугаар сараас өмнө үйлдэгдсэн учир Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин хохирогчийн Улаанбаатар сонгдо, Японы анагаахын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт хагалгааны төлбөрт зарцуулсан 119 сая төгрөг нэхэмжилснээс 104 сая төргөгийн бодит хохирлыг “Ачтан” эмнэлэг барагдуулах ёстой гэж шийдвэрлээд байсан. Харин энэ шийдвэрийг “Ачтан” хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хохирлыг барагдуулахгүй хэмээн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Хяналтын шатны шүүх өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болох юм.

Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

О.Номин