Шинээр байгуулагдсан Хөдөлмөрийн үндэсний нам хөнжил дотроо хөлөө жийлцсэнээс болж хоёр хуваагдаад байгаа билээ. Тодруулбал, тус намын дарга УИХ-ын гишүүн С.Ганбаатар болон шинээр томилогдсон намын дарга Б.Найдалаа гэсэн хоёр “туг”ын доор хуваагдаад байгаа юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт энэ хоёр фракц тус тусдаа Намын төв хороогоо хуралдуулсан юм. Эхний өдөр Б.Найдалаа, Т.Доржханд тэргүүтэй ХҮН-ын үүсгэн байгуулагчид Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалааг намын даргаар сонгож, С.Ганбаатарыг намын даргаас нь чөлөөлсөн юм. Мөн энэ үеэрээ Б.Найдалаад алга болсон гэгдээд байсан тамга, тэмдэгээ гардуулж өгсөн. Харин маргааш нь товлосон ёсоор С.Ганбаатарын талынхан Намын төв хороогоо хуралдуулж Б.Найдалаа нарын гурван гишүүнээ тус намаас хөөсөн. Ингээд ХҮН хоёр даргатай болсон бөгөөд хэн нь жинхэнэ дарга гэдэг нь мэдэгдэхгүй байна. Тэгвэл тэдний маргааныг Улсын дээд шүүх хагалахаар болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тодруулбал, тус намаас С.Ганбаатарыг намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлжээ. Мөн нөгөө талынхан нь Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэхээр дээд шүүхэд хүсэлт явуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Улсын дээд шүүх уг асуудлыг хэзээ хэлэлцэх товоо гаргаагүй байгаа аж. Ямартаа ч ХҮН Улсын дээд шүүхийн хаалгыг татсан. Тэгвэл тус намын үүсгэн байгуулагчдын нэг, намын дарга Б.Найдалаа нэгэн цахим хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Энэ үеэрээ “Хяналтын төв байгууллагаас гаргасан дүгнэлт, шаардлагыг С.Ганбаатар гишүүн тухайн үед дарга байхдаа биелүүлээгүй. Улс төрийн намын тухай хуулийг зөрчсөн. Хяналтын байгууллагыг тараах, түдгэлзүүлэх тухай байж болзошгүй шийдвэр гаргасан. Намын ёсзүйн андгайгаа зөрчсөн, хуйвалдаан зохион байгуулалцсан, гишүүдээ хуурсан. Тийм учраас дарга байх боломжгүй. Хуулийн дагуу, Хяналтын байгууллагаас гаргасан дүгнэлтийн дагуу намын Төв хороо шийдвэрээ гаргасан” гэв. Мөн тэрбээр “С.Ганбаатар гишүүнтэй олон удаа уулзах гэж оролдсон. Би болон манай нөхөд даргын суудлын төлөө тэмцээд байгаа юм биш. С.Ганбаатар гишүүнийг дарга болгоё гэхэд би дэмжсэн, бусад нөхдөө ч ятгасан. Намд нэгдсэн бол дүрэм, журмаа баримталдаг байх ёстой. Дарга байна уу, цэрэг байна уу дүрэм, журмаа баримтлаагүй бол хариуцлагаа үүрэх ёстой” гэсэн юм. Үүнээс гадна тус намын тамгыг тойрсон хэрүүл байдаг. Тэгвэл Б.Найдалаа тус нам нэг тамгатай тухайн тамга өөрт нь байгаа. Тэр тамгыг хүчингүй болгоод ч юм уу, дахиж хийлгэсэн бол хууль зөрчсөн, авлигатай холбоотой асуудал болно гэжээ. Үүнээс гадна “Хөдөлмөрийн Үндэсний намыг 2011 онд бүртгүүлсэн. Энэ намыг анх байгуулахад С.Ганбаатар гишүүн ямар нэгэн байдлаар оролцоотой байсан нь үнэн. Өөрөө бол үгүйсгэдэг” гэсэн байна. Мөн С.Ганбаатартай уулзах гэж хэд, хэдэн удаа оролдсон. Нэг удаа Архангай хүртэл чулуу хөөлгөсөн. Юунаас айгаад гишүүдээ тансаг буудалд буулгаад, хамгаалаад байгааг ойлгохгүй байна. Хаанаасаа тийм их мөнгө гаргаад байгаа юм. Хэвлэлийн бага хурал хийчихээд С.Ганбаатар гишүүн манай гишүүдээс зугтаад гарсан. Юунаас айгаад, зугтаад байгаа юм бэ гэж ярьжээ.

 

Б.Төгөл