Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн АСЕМ-ын уулзалтын талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан захидал бичжээ. Түүний бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэе.


Ноён Ерөнхий сайд аа!


Жирийн нэгэн тэтгэвэрт суудаг өвгөн танд хандаж байна. Энэ захидлыг “та” уншихаас өмнө ард түмэн уншиг гэж бодлоо... Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан таны цагийн байдалд зохируулсан “лүндэн”-гийн тухай сонслоо... Чих, нүд хоёртоо итгэхээс аргагүйд хүрэв. Утга агуулга нь Монголд болох АСЕМ-ын хурлын үеэр хөдөөний түмэн нийслэл хот руу орж ирэхгүй байх, хотын иргэд болж өгвөл хотоосоо гарч явбал зүйтэй... гэсэн “лүндэн” бололтой юм... Энэ “лүндэн”-гээ аймаг, хот, сумдын засаг дарга нарын газарт “буулгасан” бололтой... Олон жилийн төрт ёсны түүхтэй, хүлээцтэй, тэвчээртэй, Монголын ард түмэн та бүхний олон алдааг уучилж байгаа шүү!
Та нарын “хөл” чинь хүний эрхийг гишгичихээд, “ам” чинь хүний эрхийг дээдэлдэг... Та энэ “лүндэн”-гээрээ хүний эрхийг хорлонтой зөрчлөө... АСЕМ-ын томчуулд Монголын ард түмэн муухай харагдана гэж айгаа юү? Ард түмнээсээ ичиж байна уу? Тэгвэл “та” монгол хүнгүй Монголд АСЕМ-ын хурлаа хий л дээ. Тарган цатгалан, өнгө зүс, хувцас хунар сайтайгаараа зөвхөн та нар л монгол хүн, Монгол амьдралын өнгө болох ёстой юу? Та нар дэлхийд битгий хэл Монголдоо, Монголоо төлөөлж “чаддаггүй” шүү дээ! Монголчууд дэлхийд гологдоогүй ард түмэн шүү! Энэ шийдвэр гаргах болсондоо алиг шалигхан олон шалтаг хэлнэ дээ. Та нар замын түгжрэл, хэт бөөгнөрөл эмх замбараагүй байдал гээд л их юм ярина.


Гэмт хэрэг, аливаа ёс бусад өртөж, эрхээ эвдүүлээгүй ард түмэн, гэртээ хоригдох, нийслэлдээ ирэх эрхээ хасуулах, зайлан дүрвэх тушаал эдлэх ёсон байхгүй. Агуу дээдэс, бурхад мориллоо ч ард түмэн амьдралаараа амьдарч, хэвийн эрхэт амьдрал орчиж л байх учиртай... Монголчууд эзэрхийлэн түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн зайлуулж байсан болохоос... Элэгсэг, төрт ёсны зочиндоо сүүдэр ч хүргэж байгаагүй ард түмэн... хүргэх ч үгүй! Төрт ёсны хичээлийг дэлхийд заасан ард түмэн шүү! Та нар тэнэглэх зав яасан их юм бэ?


“АСЕМ-ын өдөр” нэртэй том уулзалт сая боллоо... Монголд дизайны урлагт (зохиронгуйн урлагт) мэргэшсэн хүн мөн ч олон бий дээ! Улсуудын далбааг алсын хаяагаар нь цухуйлгасан, угаасан хувцас хатааж байгаа юм шиг тайзтай хурал хийлээ... Тэнд Монгол Улсын Ерөнхийлөгч мориллоо шүү дээ! Монгол төрт ёсны хүндэтгэл тавьсан сандлаас, зассан чимэглэлээс хүртэл эхэлнэ...


Ерөнхийлөгч тэнд ярихдаа: Зочид буусан өргөөнөөсөө гарахад Монголын мах, бууз үнэртэж байх тухай ярилаа. Энэ ч яах вэ (энгийн байхын хэтийдсэн халил) байсан биз гэе. Эндээс ургуулан бодоход хөдөө хотын хүн харагдаж болохгүй, мах буузны үнэр бол болох нь. Тэгэхээр мах буузны үнэрээс бага эрхтэй ард түмэн байх нь, бид чинь... Төрийн дээдсүүд аливаа шийдвэрийг хоорондоо зөвлөж, зөвшиж шийддэг байх гэж төсөөлье! Өөрсдөөрөө тоглуулах эрхийг ард түмэн та нарт өгчихсөн. Гэхдээ хугацаатай! Харин хүний эрхээрээ хэзээ ч тоглуулахгүй шүү... Эрхэм Ерөнхий сайд аа!
Баянгол дүүргийн 1-р хорооны иргэн Бавуугийн Лхагвасүрэн