Мүүнийхэн улс төрийн дээд албан тушаалтнуудыг өөрийн болгох зорилгоор "Дэлхийн энх тайваны гэр бүлийн холбоо", "Хөх Tолбот ТББ", "Оюуны Эрэл" оюутны холбоо зэргээр дамжуулан үйл ажиллагаагаа сурталчилдаг юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь шашин биш бөгөөд бусдын тархийг угаах гаж урсгал гэж үзээд “Мүүн”-ийг манай хоёр хөрш буюу Хятад Оросд үйл ажиллагааг нь албан ёсоор хаагаад байгаа аж

Мүүнийхэн залууст гэр бүлийн талаар сургахдаа “Хүн гэр бүлтэй болоод хамт амьдраад зарим нь таарч тохирохгүй сална гэдэг чинь ерөөсөө өөрийн жинхэнэ ханиа олоогүй явдал юм. Хэрэв чи өөрийн жинхэнэ ханиа олвол хэзээ ч тийм зөрчил, үл ойлголцол гарахгүй. Жинхэнэ ханиа олохын тулд ноён Мүүн рүү өөрийн зургаа явуул. Түүнийг хүлээж аваад чиний жинхэнэ ханийг зааж өгдөг. Чи тэр зааж өгсөн хүнтэй нь суувал жаргана” гэдэг ажээ.
Мөн XXI зуун Солонгосын зуун болно. Солонгос хэл дэлхийн 1 -р хэл болно. Сүнс гэж байдаггүй. Харин чиний өвөг дээдсийн оюун ухаан чамд агуулагдсан байдаг гэх зэрэг зүйлийг хэлдэг байна.

Өнгөрсөн 2012 оны 3 сарын 24-нд гэхэд л Солонгосын Гэпёнг дэх сүмийн стадионд 50 орны 2500 гаруй хосуудын хуримлах ёслолыг Мүүнийхэн үйлджээ. Нийтдээ 15 мянга гаруй үзэгч хуран цугларсан тус ёслолын үеэр 92 настай Сан Мүүн хосуудыг тайзан дээр гаргаж рашаан цацаад гэр бүл болсон хэмээн зарласан аж. Хуримын ёслолд манай Монголоос нилээд хэдэн хос оролцсон бөгөөд тэднийг нийлүүлэх анхны зан үйл нь Улаанбаатарт явагдсан бөгөөд Жинхэнэ Эцэг Мүүний зарлигаар Монголыг хариуцсан элчээр томилогдсон (банбунгванг) Бо Хи Пак гэгч нь ёслолыг удирджээ.

Дараа нь Монгол залуус Солонгосыг зорьж тэнд Жинхэнэ эцэг эхтэйгээ хуримаа хийсэн бөгөөд уламжлал ёсоор сүйт бүсгүйчүүд нь цагаан даашинз өмсөж, залуус нь нарийн улаан зангиа зүүсэн байна.

Мөн үүнээс гадна манай улсын хувьд дунд сургууль болон оюутны холбооны байгууллагуудаар дамжуулан уг үйл ажиллагааг дэмжиж, сурталчилж, залуусыг татан оролцуулдаг зэргээс үүдэн иргэн Э.Цэрэн нь Б.Насабаярыг буруутгаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Боловсролын яамны стратеги бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Насанбаяр нь 2000 онд Мүүнд элссэн бөгөөд Солонгосын Сан Мүүн сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр уг байгууллагад олон жил ажиллаж, маш олон залуусыг эгнээндээ нэгтгэсэн учир оюутан залуусыг Д.Гантөмөр сайдад санал өгүүлэхэд нэлээд нөлөөлж, ажилладаг гэх мэдээлэл байгаа юм. Ямартай ч Мүүний талаарх олон баримт хавсаргасан мэдээлэл энэ долоо хоногт Цензургүй сурвалжлагаар гарах юм байна. Дашрамд дурдахад Мүүн хэмээх хүн монголд ирж, олны танил, урлаг соёлынхныг хамруулан хурал хийж байсан баримт мэдээлэл Монголын Үндэсний олон нийтийн телевизийн MM агентлагийн мэдээний хөтөлбөрт ийнхүү үлджээ. Тэгэхээр монголын улс төр урлаг соёлынхныг Мүүн эгнээндээ нэгтгэсэн гэдэг ч үнэний ортой байж болох юм. Хамгийн гол нь уг хурал Төрийн ордонд 2005 оны 10 сарын 16-ны өдөр болжээ.

Н.Ганаа