Авилгатай тэмцэн газраас хуульд заасан чиг үүргийн дагуу жил бүр 2 сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнаас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон, хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хүлээж авах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулдаг. Дараа нь нэгдсэн дүн мэдээг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байдаг. Улсын хэмжээнд 39853 албан тушаалтан мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 39850 мэдүүлэг гаргагч буюу 99,9 хувь нь бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаандаа 39848 мэдүүлэг гаргагч бүртгүүлсэн бол 2 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 3 мэдүүлэг гаргагч мэдүүлгээ гаргаж өгөөгүй байна. Тухайлбал, Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Дэчингалсан, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Л.Гэрэлт-Од нар мэдүүлгээ гаргаж өгөөгүй, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Эрдэнэбаяр, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа, хүний нөөцийн газрын дарга А.Ундрах хуулийн хугацаа хожимдуулж мэдүүлгээ бүртгүүлсэн байна.

Тайлан, мэдээнд дурдагдсан хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж өгөөгүй болон хугацаа хожимдуулж мэдүүлсэн албан тушаалтнуудад Авилгын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцдог.

Бид энэ талаар АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэхээс тодруулсан юм.

- Дээрх нэр дурдсан албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авах вэ?

- Авилгатай тэмцэх газраас энэ албан тушаалтнуудад хуулийн дагуу хариуцлага тооцуулахаар тухайн байгууллагын удирдах албан тушаалтнуудад манайхаас албан бичиг, албан шаардлагыг хүргүүлсэн. Хуулийн хугацаанд мэдүүлээгүй тохиолдолд нийтийн албанаас халах буюу огцруулах хариуцлагатай. Хугацаа хожимдуулан мэдүүлж, хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах сахилгын шийтгэл ногдуулдаг.

- Төрийн тусгай хамгаалалтын газрын Харуулын албаны дарга Ж.Самбалхүндэв ажиллаагүй байсан болохоор ХОМ өгөх боломжгүй байсан гэсэн мэдээлэл өгсөн?

- Хуульд зааснаар тухайн байгууллагууд нь ондоо мэдүүлэг гаргах үүрэгтэй албан тушаалтнуудын нэрсийн жагсаалтыг Авилгатай тэмцэх газарт ирүүлдэг. Энэ нэрсийн жагсаалтаар мэдүүлэг гаргагч хэзээ томилогдсон, мэдүүлэг гаргах үүрэгтэй юу? гэж нэрсийн жагсаалтаа ирүүлээд энэ нэрсийн жагсаалтын дагуу тухайн ондоо ажилласан мэдүүлэг гаргагчдаас мэдүүлгийг хүлээж авдаг. Төрийн тусгай хамгаалалтын газраас нэг албан тушаалтан тайлангаа гаргаж өгөөгүй гэсэн мэдээлэл өгсөн. Үүнийг бид нар дараагийн хариуцлага тооцох үе шатны дагуу ажиллаж шийдвэрлэнэ. Мөн тайлангаа нэгтгэж дууссаны дараа бид холбогдох байгууллагуудын тайлангийн үнэн бодит байдалд давхар хяналт шалгалт хийгээд явдаг.

 

О.Номин