“Баян айлын бандгар хүү, балаг нь арилдаггүй балай залуу” гэсэн шог ярианы гол баатар болчихоод харайж яваа УИХ-ын Н.Номтойбаяр болон түүний багын найз “Мунзуй” хочит Г.Нямдорж нарын дунд хоёр жилийн өмнө үүссэн хутга шөвөгний хэргийн маргаан одоо болтол үргэлжилж байна. Тухайн үедээ нэлээд шуугиан тарьсан тэдний энэ хэрэг хотын төв хэсэгт байрладаг “Le Triskell” хэмээх франц ресторанд шөнийн 24 цагийн орчимд үйлдэгдсэн тухай тус рестораны жижүүрийн тэмдэглэлд дурайтлаа бичигдэн үлдсэн байлаа. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлстийн ажилтнууд мөн “Хүн хутгалсан хэрэг гарлаа” гэсэн шөнийн шуурхай дуудлагаар явж очоод хэргийн газрын үзлэг хийхдээ Н.Номтойбаярын хүн хутгалсан хутгыг олж, нотлох баримт болгож хэргийн материалд авсан байв. Рестораны үйлчлэгч нар нь ч бүгдээрээ шахуу Н.Номтойбаярын согтуурхан том том дуугарч, хүмүүс рүү агсарч, “Мунзуй” Г.Нямдоржтой маргалдан хутга шүүрч аваад давшлахыг харсан байдаг ажээ.

Зоогийн газарт Н.Номтойбаяр нь гартаа барьсан хутгаа гялалзуулан “Мунзуй” руу дайрахад хажуунаас нь түүнтэй цуг явсан Д.Баттулга гэдэг залуу нь тэднийг салгах гэж гүйж очиход Н.Номтойбаяр нь мань эрийн нуруу руу хутгалахыг түүнтэй хамт явсан Ч.Энх-Эрдэнэ нь ч хараад зогсож байжээ. Тэр шөнө “Мунзуй” хочит Г.Нямдорж Н.Номтойбаяртай утсаар яриад урьд нь Солонгост хамт ажиллаж байсан эрх зүйч мэргэжилтэй Д.Баттулга гэдэг найзыгаа дагуулан түүнтэй уулзахаар Le Triskell” ресторанд очоод ийнхүү хутганы хэргийн золиос болсон аж. Тэд уг нь эртний танилууд, бүр хар багийн найзууд, цагийн сайханд Н.Номтойбаярын аав Нямтайширын МАК компанийн хамгаалалтын албанд хүртэл ажиллаж байсан андууд юмсанж. Хэрвээ Н.Номтойбаяр нь “Мунзуй” руугаа хэл амаар дайрч, элдвээр доромжлон, хутга шөвөг барьж дөвчигнөөгүй бол Д.Баттулга биедээ хүйтэн мэсийн шархтай хоцрохгүй байсан юм билээ. Энэ тухай “Мунзуй” Г.Нямдорж мөрдөн байцаагчийн хаалга сахиад сууж байхдаа ойр тоднынхоо хүмүүст нэлээд тодорхой ярьсан байдаг. Гэлээ ч гэсэн хэрэг гарсны маргаашаас Н.Номтойбаяр нь “Миний гартаа бариад байсан хутганы үзүүрт тэр нөхөр биеэ ялимгүй шүргүүлчихсэн. Өөр юу ч болоогүй. Д.Баттулга гэдэг хүний бие зөв зүгээр байгаа. Хүн хутгалсан хэрэг огт болоогүй” гэж хэвлэл болгонд үг дайж, ингэхдээ гол нь “Мунзуй” Г.Нямдоржийгоо эрүүгийн элемент хэмээн доош чихэж, энэ хэрэгт түүнийг буруутан болгохыг чадан ядан оролдож байжээ.

Харин “Мунзуй” Г.Нямдорж нь түүний тэр шөнө үйлдсэн хутганы хэргийнхээ талаар хэлсэн болгоныг нь хүлээн зөвшөөрсөн мэт чимээгүй харж суусангүй. Ресторанд болж өнгөрсөн бүх зүйлийг тэр дэс дараалан дэлгэхдээ Н.Номтойбаярынхаа урьд нь үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн амьд гэрч болж дэргэд нь сүүдэр шиг дагаж явсан хүний хувьд хүүхэн хүчиндсэн зэрэг олон хэргүүдийг нь жинхэнэ тоочиж өгсөн байна. “Мунзуй” Г.Нямдорж нь бага залуу насандаааа алдахдаа ч алдаж, онохдоо ч онож явсан, Центр пойнтийн гэх хэргээр ял эдлээд гарч ирсэн, юмны сайн мууг ялгахтайгаа эр ажээ. Тиймээс ч тэр шөнө найзыг нь хутгалсан гэмт хэргээсээ бултах гэж мөрдөн байцаагч нар болон олон нийтийн өмнө гэмгүй царайлж, бодит байдлыг гуйвуулан байнга худлаа хэлж явсан Н.Номтойбаяртайгаа тун ширүүн үзэлцэхээр шийдсэн нь түүний үг ярианаас илэрхий анзаарагдаж байлаа. Гэвч Н.Номтойбаяр нь УИХ-ын гишүүний нэр сүрээр хууль хяналтынханд нөлөөлөх гэж аавыгаа дагуулан прокурор, цагдаагийн томчуудтай уулзаж явсаар хэргээ хэрэгсэхгүй болгуулж амжсан байв. Тэр бүү хэл дараа нь нөгөө муу “Мунзуй” Г.Нямдоржийгоо мөрийтэй тоглоом тоглосон хэрэгт холбогдуулан цагдаагийнхнаар аятайхан чихдүүлж аваад түүнийг нэг жилээр яллуулж дөнгөсөн тухай яриа ч хүмүүсийн сонорыг мялааж, гайхлыг төрүүлээд авчээ. Өөрөөр хэлбэл, хүчтэй нь хүчгүйгээ, мөнгөтэй нь мөнгөгүйгээ ямар ч үед дийлж салдаг гэдэг нь энэ биз.

Тиймээс Н.Номтойбаярт хутгалуулаад үхэх шахсан Д.Баттулга нь түүний хэргийг хуулийн үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж прокурорт гомдол гарган хөөцөлдөөд дийлээгүй байна. Энэ хэргийг дүүрэг, нийслэлийн прокурорууд нь огт тоож үзээгүй ажээ. Тэгэхээр нь “Мунзуй” Г.Нямдорж, Д.Баттулга хоёр УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, Улсын Ерөнхий прокурор хоёрт хоёуланд нь гомдолоо илгээж, саяхнаас харин Н.Номтойбаярынхаа хэрэгсэхгүй болгуулсан тэрхүү хутганы хэргийг нь дахин шалгуулж “даагаа нэхэх”-ээр болсон байна. Хэрэг хуучирдаггүй гэдэг үнэн юм байна. Гэхдээ яаж шийдэхийг одоогоор таах аргагүй байгаа ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн