Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан хуулийн байгууллагын зүгээс “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбатыг сэжигтнээр татан шалгахаар болсон.

Гэтэл Ч.Ганбатыг гадаадад гарсан учраас оргон зайлсан хэмээн Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн юм. Ингэхдээ мөнгө угаасан болон хөрөнгө завшсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж эхэлсэн. Тэгвэл Ч.Ганбат өдгөө АНУ-д буй бөгөөд тус улсын иргэн болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Эх сурвалжийн мэдээлснээр АНУ-ын иргэн болсон тул Монгол руу татан авчрахад багагүй хугацаа орох болоод байгаа аж.

Дээрх мэдээллийн дагуу түүнийг ямар ямар гадаад паспортой явсан болохыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хэргийг шалах ажлын хэсгийнхэн тогтоож, холбогдох газруудаас лавлагаа авсан байна.

Үүгээр бол Ч.Ганбат нь Монгол Улсын таван гадаад паспорттой болох нь тогтоогджээ. Хууль хяналтынхан ч түүний нэр дээр А серийн буюу албаны А0030.., А0021.. гэсэн хоёр, Е серийн буюу энгийн улаан паспорт Е548.., ЕО548.., ЕО066.. гэсэн гурван паспорт бүртгэлтэй байгааг илрүүлсэн аж. Тэрээр эх орноосоо явснаас хойш Англи, Америк хоёрын дунд явж байгааг тогтоожээ. Англи руу 7-8 удаа нисэж Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээг боловсруулсан гэх “Сидней Аустинг” компанийн удирдлагуудтай уулзалт хийж байгаа юм байна. Ч.Ганбат АНУ-ын паспортаар хил нэвтэрсэн бөгөөд биедээ таван Монгол Улсын гадаад паспорттой байсан гэнэ.

 

www.times.mn