Ч.Энхээ: Ардын хувьсгалт нам, Аюулаас хамгаалах яамтайгаа намайг тагнуулын хэрэгт холбож үзээд буулгаж авч чадаагүй л юм даа
2013/08/27
Ардчилсан хөдөлгөөний анхны зүтгэлтнүүдийн нэг Чимидийн Энхээ гуайтай ярилцлаа.
-Яриагаа Ардчилсан хөдөлгөөний үеэс эхлэх үү? Та яаж яваад энэ хөдөлгөөнд оролцсон юм бэ?
-Юу ч гэх юм бэ дээ, “Түүхэн цаг үе өөрөө түүхэн хүнийг төрүүлдэг” гэж ярьдаг, түүхэн цаг үе өөрөө намайг сонгоод энэ хөдөлгөөнд оруулсан гэх үү дээ. Шинэ юмыг зориглон эхлүүлж чадах хэмжээний мэдлэгтэй, боловсролтой, зоригтой, дайчин ч гэдэг юм уу, хүмүүс нь байж л шинэ юм эхлэх тохироо бүрддэг. Сэтгэл зүйн хувьд шинэчлэлийг эхлэх бэлтгэл нь ханачихсан хүмүүс гэсэн үг л дээ. Би тэдний нэг байсан учраас түүх намайг сонгосон биз, түүнээс өөрөөр байх арга ч байгаагүй байх аа.
-Өөрөөр байх арга байгаагүй гэдэг нь?
-Тэр үед би тухайн үеийн ортодокс коммунист үзэл санааг үзэн ядагч болж хэдийнэ төлөвшчихсөн, тэр дэглэмийг нурааж, эрх чөлөөг бий болгох чин хүсэл бүрэлдэн тогтчихсон, зөвхөн яаж хийх аргаа л хайж байсан, тэр утгаараа түүхийн сонголтод таарсан гэсэн үг.
-Тухайн үед тийм үзэл байсан гэж үү?
-Байсан болоод л бид эхэлсэн юм шүү дээ. Гэхдээ бүгд над шиг тийм хатуу байр суурьтай байгаагүйг хүлээн зөвшөөрнө. “Үнэн” сонинд ажиллаж байхдаа үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө сонины эрхлэгч Л.Түдэвт “Хятадын тагнуул” гэж гүтгүүлж, хэлмэгдсэн болохоороо би их хатуу, шийдчихсэн байсан.
-Та Элбэгдорж, Бат-Үүл нарт жаахан таагүй ханддаг чинь үүнээс улбаатай юу?
-Үгүй л дээ. Чин үнэнийг хэлэхэд Элбэгдоржид тухайн үед ардчилсан тогтолцооны тухай бидний хэмжээний мэдлэг байгаагүй, бидний яриаг сонсоод чимээгүй дагаад л явдаг байсан. Сүүлд өөрөө ч түүнийгээ хэлсэн байдаг юм. Нэг номондоо анх ардчиллын төлөө тэмцэлд оролцохдоо эхний нэг хоёр сар чухам юуны төлөө яах гэж яваагаа сайн ойлгоогүй байсан гэсэн байна билээ. Бат-Үүлд ч байгаагүй. Бат-Үүл чинь Ардчилсан холбоог байгуулчихсан хойно орж ирсэн хүн. Харин таагүй ханддаг нь сүүлд энэ байдлаа үнэнээр хэлэхийн оронд өнөөгийн ардчилсан тогтолцоог бий болгохын төлөө анхнаасаа ухамсартай тэмцэж эхэлсэн гэж худлаа залаад эхэлснээс үүдсэн хэрэг. “Загалмайлсан эцэг” ч гэх шиг өөрсдийгөө цоллоод... Ичих хэрэгтэй байхгүй юу. Тэд Ардчилсан хөдөлгөөнд орж ирсэн нь үгүйсгэшгүй гавьяа, эр зориг гэдгийг би хүлээн зөвшөөрнө, гэхдээ шинэ юмыг эхлэхэд тэр шинэ юмны тухай мэдлэг, боловсрол, сэтгэл зүйн төлөвшил шаардлагатай байдгийг би хэлсэн дээ, тэр нь байгаагүй. Ардчилалд уриалж, дуудаж, тэргүүнд гарч ирдэг, өөрөөр хэлбэл зорилгоо мэддэг хэсэг байхад тэр уриаг нь сайн ойлгохгүй ч гэсэн зөнгөөрөө зөвийг нь мэдэрч, хүлээн зөвшөөрч, дагадаг хэсэг бас бий. Би дагуулж намирснуудын нь нэг байсан, харин Ээ, Бээ хоёр бол тэр үедээ дагаж явсан хүмүүс. Үнэнийг хэлэхэд над шиг унаган оростой, уншсан нь бардаагаар дөрвөн тонны даацтай, хэлж, хэлмэгдсэн цуутай, хэвлүүлж, шуугиулсан зохиолтой хүний өөдөөс юм ярих мэдлэгийн нөөц тэр хоёрт байгаагүй үе. Юм үнэнээрээ байх сайхан. С.Зоригийг орж ирсний дараа тэд Ардчилсан холбооны удирдлагыг Дарь.Сүхбаатараас булааж авангуутаа холбооны анхны зорилгыг өөрчилж, хуучин коммунист дэглэмийг багашаархан засаж сайжруулах замаар хэвээр үлдээх, үргэлжлүүлэх бодлогыг ил тунхаглаж эхэлсэн шүү дээ. Тэр үеэс л Зоригоор бамбай хийж байгаад, хөлний нь араас миний өөдөөс цор цор хийж зүрхэлдэг болж эхэлсэн. Энэ үеийг одоо Ардчилсан хөдөлгөөн дэх шинэ коммунизмын үе гэж заримдаа нэрлэдэг.
-Тэгээд өнөөгийн ардчилсан тогтолцооны жинхэнэ авторууд нь хэн гэж?
-Ардчилсан холбоо шинэ коммунист үзэл санааг тунхаглаад эхэлмэгц коммунизмын эсрэг үзэлтнүүд зайгаа барьж, өөрийн холбоогоо гаргаж эхэлсэн. Үүнд Ардчилсан социалист хөдөлгөөн, Шинэ дэвшилт холбоо ордог юм. Чухамдаа тэдний удирдлага болох А.Ганбаатар, Баабар, “иргэн” Ламжав, Д.Батсүх, Да. Ганболд, Ж. Баасандаш нарын олон хүн өнөөгийн ардчилсан тогтолцооны төлвийг гаргаж, хүрэх арга замыг тодорхойлж чадсан. Чадахаар барахгүй, час улаан биш ч гэсэн коммунизмын зам руу зүтгээд эхэлсэн С.Зориг. Бат-Үүл, Элбэгдорж нарын нүдийг нээж, Ардчилсан хөдөлгөөнийг эргээд зөв зам руу ороход нөлөөлсөн гавьяатнууд. Дээр нэр нь дурдагдаагүй бусад гавьяатнууд намайгаа өршөөнө биз, хэзээ нэг цагт бүгдийн нь нэр түүхэнд бичигдэх байх аа.
-Та тэгээд тэдэнтэй нийлэхгүй яасан юм?
-Би Шинэ дэвшилт холбоо, Үндэсний дэвшлийн намынхантай нэлээд ойр холбоотой байсан. Харин тэд сүүлдээ Зориг, Бат-Үүл, Элбэгдоржтой бүр сүжирч нийлээд эхлэхээр нь итгэл алдарсан.
-Яагаад?
-“Чонотой нийлсэн гэрийн нохой чононоос аюултай” гэж үг байдаг. Коммунизмын төлөө тэмцэхээ ил хэлж байгаа коммунистаас Ардчиллын нэрээр халхалсан шинэ коммунистууд илүү аюултай гэж хөрвүүлье.
-Одоо ч гэсэн Бат-Үүл, Элбэгдорж нар коммунист үзлээсээ салаагүй байгаа гэж та хэлэх гээд байна аа даа?
-Коммунист үзэл гэдэг нь марксизм-ленинизмын үзэл санааг дээдлэх итгэл үнэмшил, засгийн эрхийг тогтоон барих коммунист арга зүй хоёрын нийлбэр юм. Тэд эхнийхээсээ салсан байж магадгүй, харин хоёрдохиосоо салаагүй байгаа. Ойлгогдохгүй байна уу? Жишээ хэлье. Ленин хувьсгалыг удирдаж байх үед Сталин хэн ч биш байсан. Гэхдээ Ленинийг нас барсны дараа Сталиныг Лениний дараа орох, магадгүй эн зэрэгцэх хувьсгалч гэж өргөмжлөх явдал эхэлснээ сүүлдээ гаарч, нэг хүнийг тахин шүтэх үзэл рүү орсон. Энэ бол дарангуйллыг хүсэгчийн хэрэглэдэг нийтлэг арга. Гэтэл Ардчилсан хөдөлгөөнийг эхлэхэд ямар нэг тоймтой үүрэг гүйцэтгээгүй, бусдыг дагаад найгаж байсан, тэр бүү хэл анхны цуглааны үеэр нуугдаад алга болчихсон хүн өнөөдөр өөрийгөө “Загалмайлсан эцэг”, “ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлсэн түүхэн гавьяатан” гэж нэрлүүлэхээс ичихээ байлаа. Арга нь мөн л дөө, гэхдээ ямар арга вэ гэдэгт л асуудал байгаа юм. Ардчиллын зорилго, мөн чанарыг сайн ойлгоогүй байж ойлгосон дүр эсгэж, бусдыг дууриаж ярих, дууриаж хийх гэж сармагчлан оролдох нь ямар гажуудалд хүргэдгийг бид өнөөдөр харж байна шүү дээ. Хүмүүсийн амьдрал ядуурч, социализмын үед хийж чаддаг байсан зүйлээ эвдэж, нурааж хаясан мөртөө, наймаа арилжааг чөлөөтэй болгосныг эс тооцвол шинэ зүйл бараг бүтээсэнгүй. Аргаа барахаараа гадныханд газраа өгч, эрдэнэсээ ухуулж нэг юм торгоох төдий амь зогоох болж байна.
-Эвгүй бол хариулахгүй байж болно гэж тодотгоод нэг зүйл асуумаар санагдлаа. Хэрэв та Элбэгдорж, Бат-Үүл нарын оронд байсан бол үүнээс илүүг хийж чадах байсан гэж боддог уу?
-Мэдээжийн хэрэг, чадах байсан. Үгүйдээ л ардчилсан тогтолцоонд шилжих гэж хорин жил жонхуурахгүй байсан. Ардчилсан хөдөлгөөнийг эхлэх үедээ би зорилгоо мэддэг байсан гэж дээр хэлсэн шүү дээ.
-Үүний баталгаа байх уу?
-Байна. Би тэднээс хэдэн хувь илүүг хийж чадах байсны баталгаа нь миний элит, тэдний люмпен сэтгэлгээний ялгаанд байгаа юм. Өнөөгийн бидний “Ардчилсан” гэж нэрлээд байгаа үзэл санаа буюу барууны либертаризм болон түүнээс ургаж гарсан бүх үзэл санааны нэг цөм нь үүнд байдаг. Хамгийн их ардчилалтай Япон, Англи, Дани зэрэг улсуудад уламжлалаа тэгтлээ асарч тойглоод, хаант засгаа хүртэл хадгалаад байдгийн учир ч энэ. Монголчуудад ч энэ үзэл их хүчтэй байсан. “Сайн хүний үр, сүүтэй гүүний унага” гэдэг нь элитийг тодорхойлдог байлаа. Үүний цаана сэтгэлгээний хүрээ цараа өргөнтэй, оюуны өндөр соёлтой, авлига, төрийн өмчийг идэж уух зэрэг муу бүхнээс өөрийгөө хамгаалах төрөлхийн дархлаатай, ард түмнийхээ төлөө гэсэн чин сэтгэлтэй, жинхэнэ эх оронч гэсэн ойлголтууд явдаг. Ийм хүн зорилготой, түүндээ хүрэх арга замыг зөв тодорхойлох хэмжээний мэдлэг, боловсролтой, зорьсондоо хүртлээ санаа амардаггүй дайчин чанартай байдгаараа ялгардаг. Харин люмпен бол тодорхой зорилгогүй, зөвхөн олон түмэнд таалагдах, нэр хүнд олчих арга юу байна гэж харж, шиншилж явдаг, оллоо гэхэд оройлон манлайлагчийн дүрийг чадмаг бүтээдэг, гэхдээ эхэлснээ гүйцээх чадвар, тэвчээр муутай, эхний саад тулгарангуут хойшоо суугаад эхэлдэг зантай байх нь олонтаа. Жишээ нь, би хэрэв “Цагаан хэрэмтэй тэнцэх хэмжээний ногоон хэрэм байгуулна” гээд хэлчихсэн л бол заавал байгуулж дуусгах гэж үзнэ, бүр чадахгүй бол “Уучлаарай, би чадахгүй юм амлаж, та нарыгаа чирэгдүүлж” гээд огцорчихно.
-Сандал суудалтайгаа зууралдахгүй юу?
-Сандал суудлыг яаж харахад энэ ялгаа чинь бас гарна. Элит сэтгэлгээтэй хүн аль ч салбарт орсон бусдаас дээгүүр явж чаддаг онцлогтой, урлаг, соёл, эрдэм шинжилгээ, судалгааны гээд аль ч салбар луу орсон, амжилт гаргах магадлал өндөртэй байдаг нь бас нэг онцлог юм. Тиймээс өндөр албан тушаал гэдэг нь түүний хувьд бүтээлч сэтгэлгээг нь боогдуулсан бөөн хар ядаргаа, гэхдээ ард түмэндээ тус нэмэр болоход хэрэгтэй учир аргагүй орох ёстой, ачаалал ихтэй жирийн нэг ажил гэж л харагдана. Өөрөөр хэлбэл ял талаас нь харж байгаа юм. Тиймээс алдаа гаргаад огцрох юм бол, нэг талаараа ичгүүртэй гэх боловч, нөгөө талаараа харин ч сэтгэл амрах маягтай. Ихэнх элитүүд төрийн албанд орохоос аль болох зайлсхийж, урлаг, соёл, эрдэм шинжилгээний салбар луу, өөрөөр хэлбэл, элдэв дарамт багатай, тааваараа хийх, амжилт гаргах салбар луу зүтгэдгийн учир үүнд байдаг. Харин люмпен бол албан тушаалаас хамгийн түрүүнд ямбыг нь, эрх мэдлийг нь харж, түүнд хүрэхээр улайран зүтгэдэг, гарсан хойноо буухгүй байх бүх аргыг хэрэглэдэг гэж байгаа. Аргагүй шүү дээ, огцорчихлоо гэхэд өөр хийж чаддаг юм байхгүй, өөр ямар ч салбарт амжилт гаргах боломжгүй юм чинь.
-Ингэхэд таныг албан тушаал авч чадаагүйдээ хорсдог гэж Бат-Үүл ярьсан байсан...
-Энд нэг юмыг дутуу орхиод, алгасаад байгааг анзаарсан уу? Намайг албан тушаал аваагүйдээ хорссон гэж буруутгахаасаа өмнө хоёр зүйлийг хэлэх шаардлагатай байдаг юм. Нэгд, Энхээ ер нь Ардчилсан засгаас албан тушаал горилох эрхтэй юу, үгүй юу гэдэг асуудал. Энэ Ардчилсан тогтолцоог бий болгоход Энхээгийн нэмэр нөлөө байсан уу, анхны үүсгэгчдийн нэг байсан гэдэг нь үнэн үү гэдэгт эхлээд хариулах хэрэгтэй. Хоёрт, хэрэв үнэхээр үүсгэлцэж явсан, ардчилсан хөдөлгөөнд оролцсон бусдын адилаар албан тушаал горилох эрхтэй гэвэл яагаад өнөөг хүртэл өгөхгүй байгаагаа тайлбарлах шаардлага бас гарна. “Уг нь анхны хүн мөн л дөө, гэхдээ яг албан тушаал өгчихье гэхээр мэдлэг, боловсрол нь хүрдэггүй, хуурамч дипломтой, хулгайч зантай, улсын хөрөнгө идчих магадлал өндөртэй” ч гэдэг юм уу... Нэг хэсэг намайг мэдрэлийн өвчтэй, архины цагаан солиотой, ерөөс Ч.Чимид гэж хүний хүүхэд биш, хужаагийн хүүхэд гэж ярьдаг байсан, тэрийгээ ч болохноо хэлэг. Үүний дараа л “Ийм л учраас албан тушаал өгөөгүй юм шүү дээ. Үүнд Энхээ хорсоод...” гэхчлэн яривал илүү логиктой болно.
Албан тушаал гэснээс, 1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болсныхоо дараа надад хэнд ч чамлагдахааргүй хэд хэдэн албан тушаалыг санал болгосныг нь би хүлээж аваагүй юм. Сүүлд энэ тухай өөрөө “Би Ерөнхий сайд болсныхоо дараа Ч.Энхээд Засгийн газрын бүтцэд орж ажиллахыг санал болгосон боловч тэр татгалзсан. Би үүнд их харамсаж явдаг” гэсэн нь цагаан дээр хараар бичигдээд үлдчихсэн байна билээ, намайг албан тушаалын төлөө зүтгэж байна гэж ярьдаг хүмүүс түүнийг нэг уншчихад гэмгүй шүү. Баталгаатай нэг юмыг нэмээд хэлчихье. Хэрэв би үнэхээр албан тушаалд хүрье гээд бусдын адил зүтгэсэн бол аль хэдийнэ хүрчих байсан. Би шударга шулуунаараа олонд танил болсон, нэр хүндтэй, өндөр боловсролтой, өргөн мэдлэгтэйгээ харуулж чадсан, тэгээд ч Ардчилсан хөдөлгөөнийг эхлүүлэлцэж явсан хүн, төрийн ямар ч албанд зүтгэсэн гологдох, чамлагдах юм байхгүй, намайг тавихаас цааргалах учир шалтгаан олох гэсэн хүн их л зовно доо. Чаддаг юм бол Бат-Үүл гуай намайг төрийн өндөр албан тушаалд тавьж болохгүй чадвал хоёр, ядвал нэг ноцтой шалтгаан гаргаад ирээрэй л дээ, харъя.
-Тэгээд М.Энхсайханыг санал болгоход ороогүйн учир юунд байв?
-Ардчилагчид, шинэ коммунистууд хонь хурга шиг нийлээд, учир замбараагаа олохоо байгаад эхэлсэн болохоор тэдэн дунд ороод майлж явах яршигтай санагдсан л гэе дээ, наад асуултанд чинь.
-Харин наргиангүй хэлбэл?
-Тэр үед би дэлхийн эдийн засаг, улс төрийн сонгодог зарим бүтээлийг эх хэл рүүгээ хөрвүүлж, монгол уншигчдын хүртээл болгохоор ажиллаж байсан, тэрнээсээ салахыг хүсээгүй юм. Хүмүүс мэднэ дээ, Адам Смитийн “Үндэстний баялаг”, Альфред Маршаллын “Эдийн засгийн ухааны зарчмууд”, Фредерик Тейлорын “Шинжлэх ухааны менежментийн зарчмууд”, Хосе Ортега-и-Гассетийн “Түмний түрэлт” гээд олон номууд одоо сонирхогчдын ширээний номууд болоод байгаа. Тийм чухал ажлаа, ямар үр дүн гарах нь мэдэгдэхгүй албан тушаал, эдэлж чадахгүй эрх мэдлээр золихыг хүсээгүй юм. Тэгээд ч ямар ч албан тушаалд намайг удаахгүй шүү дээ.
-Яагаад?
-Аливаа албан тушаалд орох, суудалдаа тогтохын тулд эрх мэдэлтэй хүмүүстэй найз байх шаардлагатай. Гэтэл юмыг шулуухан хэлчихдэг хүнд найз нөхдөөсөө дайсан нь олон байдаг. Бодож санаснаа ил цагаан хэлдэг, шүүмжилдэг, мэддэг хүмүүс албан тушаалд хүрдэггүй, хүрсэн ч уддаггүйн нууц энд байдаг. Зүй тогтол ч гэж хэлж болох юм. Нөгөө талаар би эрх ямбыг эдэлж чаддаггүй дутагдалтай хүн. Аливаа ажлыг бусдын төлөө зүтгэх боломж гэж харж сурсан, хүмүүжсэн болохоор ямар ч ажил хийсэн дээд зэргээр хийх гэж өөрийгөө зовоож, бусадтай муудалцаж, өөртөө гай тарьдаг. Намайг ажилд авсан аливаа дарга үсрээд л хоёр жилийн дараа намайг зайлуулах аргаа хайгаад сууж байдаг юм даа.
-Ажлыг нь хийх гэж зүтгэхгүй, аясыг нь дагаад, жаргаад сууж болдоггүй юм уу?
-Тэр дэмий. Нэг талаас би монгол хүн болж төрснийхөө хувьд Монголынхоо төлөө зүтгэх нормоо давуулан биелүүлсэн хүн. Хорьдугаар зуунд болсон гурван хувьсгалын нэгийг эхлүүлэлцэж, удирдалцаж явсан энэ гавъяагаараа би түүхэнд мөрөө үлдээчихсэн, одоо хэн ч, яаж ч оролдоод түүнийг баллаж чадахгүй, өнгөрсөн. Бусдыг нь ярьдаггүй юм гэхэд энэ хангалттай. Олон хүнд олдсон завшаан биш шүү. Нөгөө талаар би төрийн албанд гуйж биш, гуйлгаж орох хэмжээний том хүн. Би өнөөгийнхөө нэр төрийг өөрийнхөө хийсэн бүтээснээр олж авсан. Ерөнхий мэдлэгийн хүрээ цараа, оюуны соёл, элитийн сэтгэлгээгээрээ би өнөөдрийн Ерөнхийлөгч, Хотын даргыг дагуулахгүй, тээр хол хаяад давхиж яваа. Тэд Харвардын их сургууль шиг сургуулийг арван удаа төгслөө ч миний энг гүйцнэ гэдэг одоо бол гонжийн жоо. “Кругозор” буюу оюун, мэдлэгийн цараа гэдэг юмыг чинь их сургуулиар олдоггүй юм. Ганцхан жишээ хэлье. “Моргейж” буюу “ипотек” гэдэг үгийг тэд саяхнаас л нээж, ярьж эхэллээ. Тэгвэл би энэ үгнүүдийн бүрэн утгыг 1988 онд Монголын радиогоор тайлбарлаж суусан хүн шүү. Нэг үгээр хэлэхэд намайг албан тушаалд тавиагүй төр хохирно уу гэхээс тавиулаагүй би хэзээ ч хохирохгүй, харин ч тийм дөнгөгүй тусмаа “жарган суух” боломж надад илүү. Бардах нь ч биш, энэ үнэн шүү. Би л нэг их сайн хүн болж, үнэхээр миний мэдлэг, чадвар Монгол улсад өнөөдөр хэрэгтэй бол яахав дээ гээд байгаа болохоос, хэрэв үүнийг буруугаар ойлгоод, надад нэг их үнэрхэж, яндганах гээд эхлэх юм бол ”түй, май” гэчихээд ганц хар толгойгоо бодоод явбал явна. Би “Гунан хар”-ыг аялсан шигээ, гурван өдөр жарган суухад нэг зураг гараас гаргадаг, тэр зургаа гадаадад бол “таузенд доллар”, дотоодод бол “таван зуун мянга” гэж дуугарахад өлхөн шахчихдаг хүн, ийм цалинтай төрийн албыг олоод ир л дээ. Төрийн цалинг хүртэн хүртэн жаргах шаардлага надад байхгүй.
-Та бардам хүн юм аа?
-Би хийснээрээ бахархаж, бардамнах бүрэн эрхтэй. Би атаархаж биш атаархуулж яваа, атаархсан өчнөөн хүн, өчнөөн сонин, тэр дундаа “Нийгмийн толь” мэтийн чурдаакууд байтугай “Өдрийн сонин”, “Зууны мэдээ” мэтийн мэдээллийн мангасууд хүртэл намайг намнах, хэн ч биш болгох их аян дайн зарлаж, өчнөөн жил үзэлцээд өвдөг шороодуулж бараагүй босоо нэр хүндтэй явна, энэ бахархал биш үү?
-Та тэдэнд гомддог уу? Адилхан сэтгүүлч байж ингэлээ гэж?
-Яах вэ, сэтгэлийн гүндээ харамсдаг. Уг нь тэд миний эхэлсэн тэмцлийн ач буянаар “чөлөөт хэвлэл” гэж донгодох эрхээ олж, өнөөдрийнхөө хоолтой залгасан улс, даанч тэрийгээ мартчихсан юм билээ. Бидний ардчилал хүрэх ёстой хүмүүстээ хүрсэнгүй, нэг иймэрхүү зусар зуйрган, өнгө мөнгөнд уяхан амьтдын нүүрээ нуух саравч, нүглээ хаах бэлгэвч болсонд харамсдаг. Ер нь ардчиллын буяныг нь хэн хамгийн их хүртэж байгаагаар нь гажуудлыг нь хэмжиж болмоор санагддаг. Миний бодлоор өнөөдөр бидний эхэлсэн ардчиллын буяныг хамгийн ихээр хүртэж байгаа хүн Элбэгдорж байна. Ардчиллын төлөө тэмцэгчдийг дагуулж биш дагаж явснаа өөрөө ч нуулгүй хүлээж байсан энэ люмпен өнөөдөр Ардчилал нэртэй бүх юмны өмчлөгч, эзэн мэт аашилж явна. Бат-Үүл байна. Эхлэхэд нь огт оролцоогүй, цуглаан дээр үг хэл гэхэд айгаад нуугдчихсан энэ баагий өнөөдөр Ардчиллыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлчихсэн юм шиг, ер дутах юм алга. Тэгээд ардчилсан намын үе үеийн дарга, эвэртэн, туурайтангууд бас багагүй юм хүртэж. Хуучин нэрээр хувьсгалт намын нөхдүүд ч сиймхийгээр овоо юм зулгааж. Араас нь “тэнцвэртэй мэдээлэл хүргэнэ”, “шударга үнэний дуу хоолой болно”, “зөвхөн үнэнийг л хэлнэ” гэх мөртөө эрх мэдэлтэн болгоны өмнө сүүлээ шарвагануулж, тэднийхээ заасан бүхэн рүү шүлсээ үсэргэн дайрах сонин, телевизүүд багагүй юм тууж. Бараг ингэсгээд болж байх шив дээ. Тэгвэл нөгөө жирийн хүмүүс маань яасан бэ, шударгаар ажиллаж байгаа эмч, багш, ажилчид ардчиллаас юу хүртсэн бэ? Тэд “эрх чөлөө” гэсэн, сонсоход сайхан мөртөө, өлдөхөд идэж болдоггүй, өмсөж, зүүж болдоггүй, хүйтэнд дулаацуулдаггүй, халуунд сэрүүцүүлдэггүй хоосон үг л хүртчихээд түүгээрээ юу хийхээ ч мэдэхгүй гайхаж сууна. Үүнд л харамсах юм. Бид уул нь ийм ардчиллыг эхлээгүй юм шүү дээ.
-Тэхээр өнөөдрийн гажуудлын гол шалтгаан, урхаг нь юу бол?
-Элитүүдийн эхэлсэн ардчиллыг люмпенүүд өмчилснөөс болж нийгмийн сэтгэлгээ люмпенжиж эхэлсэн нь өнөөдөр дээд цэгтээ хүрч байна. Нийгмийн элит хэсгийнхэн хүртэл үүнд автаж, элит сэтгэлгээгээ аль болох дарж, люмпен болж тоглох замаар масст таалагдах гэж чардайх боллоо. Энэ нь чадвар, мэдлэг, бэлтгэлгүй хүмүүс олноороо төрийн албанд орох боломжийг нээлээ. Угтаа бол нийгмийн хөгжилд элитүүд массаа дагуулж байх ёстой атал одоо массынхаа сэтгэлгээг дагаж, түүнд зохицох замаар нийгмийг хөгжүүлэх гэж оролдох болж байна. Урхаг нь гэхээр, нэгд, нийгмийн сэтгэлгээний люмпенжилт өөрөө дарангуйлагчийг төрүүлэх гарц, ногоон гэрэл нь болж өгдөг, хоёрт, сэтгэлгээний зохиомол ядууралд хүргэснээс болж төр, улсыг гадаадын өөр улсуудын нөлөө, барьцаанд оруулчихдагт байна.
-Тэхээр бид дарангуйлал руу явж байна гэж та хэлэх гээд байна аа даа?
-Шууд тэгж хэлж болохгүй байх, нийгмийн сэтгэлгээний люмпенжилт болгон дарангуйлал руу ордог юм биш, гэхдээ хэн нэг хүн дарангуйлагч болохыг хүсвэл юуны өмнө нийгмийн сэтгэлгээг люмпенжүүлэхийг оролддог, эсвэл нэгэнт бий болсон ийм сэтгэлгээг ашигладаг нь гарцаагүй үнэн. Би Гитлер, Ленин гээд тоочоод эхэлбэл миний хуруу хүрэхгүй байх. Манайд ч гэсэн тэр шинж тэмдэг илэрч байгаа.
-Ямар?
-Нийгмийг хагаралдуулах, үл эвлэрэх хатуу байр суурийг бодлогын хэмжээнд өргөмжлөх болж. Жишээ нь Ардчилсан намын хэн нэг зүтгэлтэн, Элбэгдоржийг юм уу, Бат-Үүлийг би шүүмжлэхээр Ардчиллыг эсэргүүцэж байна, уравсан байна гэж дуу дуугаа авалцан тайлбарлах жишээтэй. Нөгөө, Цэдэнбалыг шүүмжилсэн хүн нам төрийн эсэргүү болдог байсан үеийг саначихаарай. Өөрөөр хэлбэл Ардчилсан үзэлтэн болж харагдахын тулд миний бие Ардчилсан намын Ээгий, Баагий, Аагий, Оогий, хэн ч байсан, юу ч хийлээ гэсэн, бүрээ үлээж байгаад магтах л үүрэгтэй болж таарлаа даа, мөн үү? Хуцлаа л байна, тэд нар надад ардчилал, эрх чөлөөг авчирч өгсөн юм уу? Би бусдынхаа хамт анх тэмцэж байж тэд нарыг чинь өнөөдрийн зэрэгт хүрэх үүд хаалгыг нээж өгсөн юм. Тийм сүрхий байсан юм бол биднийг Ардчиллын төлөө тэмцлээ эхлэхээс өмнө Ардчилсан намаа байгуулчихгүй үхсэн элийгээ хийж байсан хэрэг вэ? Бас хэрээ мэдэхгүй сүрдүүлэх гэнэ. Төрийн албанд орсноос хойш дугааргүй утсаар хэд хэдэн удаа “Чи сонгуулийн өмнө амаа татаарай. Чамайг авилгын хэрэгт холбогдуулахад хоёр гэрч л хангалттай шүү” гэж байна билээ. Ардчиллын үндэс суурийг тавилцсан надад ингэж хандаж байхад, бусдыг бол яаж дарамтанд оруулдаг нь илт шүү дээ.
-Та тэгээд сүрдүүлэгт нь ямар хариу өгөв?
-“Хол очиж хуц” гэсэн.
-Айхгүй байна уу?
-Ардын хувьсгалт нам, Аюулаас хамгаалах яамтайгаа намайг тагнуулын хэрэгт холбож үзээд буулгаж авч чадаагүй л юм даа. Одоо бол юу л бол.
-Гадныхны нөлөө, барьцаанд орно гэдэг нь?
-Монгол улс өнөөдөр эдийн засаг, санхүүгийн салбартаа Олон улсын валютын сан буюу шууд хэлбэл Америкийн бүрэн хараат, хүнс, өргөн хэрэглээний бараагаар Хятадын бүрэн хараат, үйлчилгээний салбартаа Солонгосын хагас хараат, уул, уурхайн салбартаа Канад, Хятад зэрэг орнуудын бүрэн хараат болчихсон байна. Худлаа юу?
-Нийгмийн сэтгэлгээний энэ люмпенжилтийг зогсоох арга бий юу?
-Уг нь удирдаж байгаа хүмүүст үнэн хүсэл байх ахул зогсоож болно. Үүний тулд дунд шатны буюу төрийн байгууллага яам, агентлагийн түшмэлийн давхрагыг төрийн үйл ажиллагааны арга барилыг төгс эзэмшсэн, өндөр шаардлага, их ачааллыг даах чадвартай, идэвхтэй, санаачилгатай, зоримог хүмүүс буюу технократуудаар бүрдүүлээд, тэдэнд итгэл хүлээлгэчихэд хангалттай. Тэгвэл удирдаж байгаа хүн нь люмпен байна уу, элит байна уу гэдгээс хамаарахгүйгээр сэтгэлгээ нь өөрөө элитжээд явчихна. Даанч манайд боломжгүй.
-Яагаад?
-Манайд төрийн алба нь өөрөө улс төрийн нөлөөнд бүрэн автсан, шагналын шинжтэй институц болсон байна. Нөгөө, дээр хэлсэн, “эрх баригчид дотор олон найзтай байх” шалгуур энд үйлчилдэг. Тэрнээсээ болоод бүх шатандаа, тэр дотроо дунд шатандаа ч гэсэн асуудлыг шийдвэрлэх чадварын түвшин маш их доошилж, дээрээсээ үүрэг даалгавар хүлээдэг, өгснийг нь хагас гурилдах замаар биелүүлдэг төдий, санаачилгагүй, чадавхигүй бүтэц болж. Арга ч үгүй биз, сонгууль болох тутамд, дөрвөн жилд нэг удаа шүүрхий айраг шиг бүлүүлж, самруулж, бужигнаж байдаг ийм албыг чадваржуулах ямар ч боломжгүй.
-Цаг үеийн учраас асуухгүй өнгөрч болмооргүй нэг зүйл байна. Та МАН-д сүүлийн үед үүссэн байдлын тухайд юу гэж боддог вэ?
-Тухайн үедээ, хуучин нэрээр МАХН гэж байсан улс төрийн бүтцийг газрын хөрснөөс арчих хэрэгтэй гэж хамгийн түрүүнд уриалсан хүмүүсийн нэг нь би. Гэхдээ энэ нь физик шинж чанартай нь холбогдуулсан хэрэг биш, харин тухай үедээ ортодокс коммунист үзэл суртлыг дэлгэрүүлж байсан гэдэг утгаар нь л ингэж хэлж байсан юм. Одоогийн МАН бол ардчилсан үзэл баримтлалтай нам, нэг гэм нь Ардчилсан намын адилаар коммунист арга барилд нэлээд бат бөх наалдсан нь харагддаг. Гэхдээ би өнөөдөр бол МАН байх хэрэгтэй гэж үздэг. Хэрэв татан буулгадаг ч юм уу, ямар нэг байдлаар арчаад хаячих юм бол шал коммунист арга барилтай Ардчилсан намын ганцаар ноёрхох ноёрхол эхэлнэ. 1933 онд Германд үүсч байсантай адил байдал үүснэ гэсэн үг. Хүчний харьцааны тэнцвэр ингэж алдагдахын хор уршгийг өнөөдөр таахад хэцүү. Ерөөс ардчиллын гол суурь болсон олон намын тогтолцоо гэдэг маань ойролцоо хүчний харьцаатай хоёр буюу түүнээс дээш тооны намуудын өрсөлдөөнийг л хэлээд байгаа юм шүү дээ. Хэрэв манайх шиг хагас төлөвшилтэй, үзэл баримтлал, хэрэгжүүлэх арга замын зөрчлөөсөө болж хямарч байдаг намуудтай оронд, аль нэг нам нь хэт давуу байдалтай болвол бусдыгаа залгих, өөдөөсөө цор цор хийсэн жижиг намуудыг улс төрийн учир шалтгаанаар шууд даран сөнөөх үйл ажиллагаа явуулах нь алга урвуулахын төдий юм болно.
-Та өмнө олон удаа хурц хурц ярилцлага өгч байсныг мэдэх юм байна. Харин ийм ил цагаан ярьж байгаагүй байх аа.
-Цэнэсэн, даруу ярилцлага өгч байсны сайныг олж харсангүй. Би өнөөгийн Ардчилсан нийгмийн шавыг тавилцсан. Тэр утгаараа өнөөгийн улс төрчид, бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өмнө, уран бүтээлчдийнхээ өмнө, өөр үедсэн болжгэм “үнэлж баршгүй” гэж хэлэгдэхээр гавъяа байгуулсан байх юм. Гэтэл чухамдаа үүний төлөө л тэд намайг хамгийн их ад үзэж, муулж хорин хэдэн жилийг өнгөрөөлөө. Яагаад? Тухайн үедээ миний эхлэлцсэн ардчилсан хөдөлгөөний эрчийг сааруулж, өнгө зассан коммунизм руу буцаж орно хэмээн жолоо булаацалдсан Зориг, Элбэгдорж, Бат-Үүл гуравтай муудалцсаны төлөө тэр үү? Би тэр үед “Та нарын зөв, коммунизмын төлөө урагшаа, ур-рай” гэж хашгираагүй нь өнөөгийн өнцгөөс харвал зөв байсан бус уу? Хэрэв тэр гурвын зөв байсан юм бол өнөөдөр Хятад маягийн коммунизмаа байгуул л даа, тэгээд намайг муул, бүр ханатлаа муул. Шоронд хий, хамаагүй. Би зөв зүйл хийснийхээ төлөө амьдад минь алтаар хөшөө цутга, бурхны зиндаанд өргөмжлөн шүт гээд байгаа биш, гавьяаг минь бодоод гадаадад элчингээр суулгачих, таван өрөө сууц бэлэглэчих гээд байгаа биш, ямар, ядаж өөрийнхөө босголцсон нийгэмд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө муулуулаад байлгүй явж болохгүй гэж үү? Эмчийн байтугай сувилагчийн ч дипломгүй хүмүүс “наадахь чинь мэдрэлийн өвчтэй” гэж оношлох, хоёр үг сольж үзээгүй хүн намайг “хүн муутай” гэж дүгнэх, Ардчилсан хөдөлгөөний хорин жилийн ойгоор ардчилсан намын батлах гардаж, зурагтаар гарч байсан нэг муу лалар “Энхээ ардчилсан хөдөлгөөнд оролцоогүй, зугатаагаад явчихсан” гэж улаан ш...х, энэ бүхнээс залхаж байна. Мэдрэлийн өвчтэй, хүн муутай хүний эхлэлцсэн ардчиллын үр шимийг, дургүй бол хүртэхээ больчихно л биз дээ, шинэ коммунизмынхаа үзлийг тэгтлээ санаад байгаа бол шаахайгаа үүрээд урагшаа явна л биз дээ. Харин энэ ардчилал сэтгэлд чинь нийцэж байгаа бол миний авчралцаад та нарт зүгээр өгчихсөн энэ буяныг хахчихалгүй шиг залгихаа л бод. Тухайн үедээ хэнээс ч асуулгүйгээр өнөөгийн ардчиллыг чинь эхлэлцээд өдий хүргэлцчихсэн хүнд энэ ардчиллын үед юуг ярьж болдог, юуг болдоггүй тухай заах гэж оролдохоо боль.
-Ярилцлагын төгсгөлд та уншигчдад хандаж юу хэлэх вэ?
-Монгол төмс хятадынхаас хямдарч, цагаан сарын өмнө ууцны үнэ унадаг цагийг биеэрээ үзээрэй л гэж ерөөе.
-Танд бас муулуулдаг үе чинь төгсгөл болоосой гэж ерөөе.
Зочин · 2013/09/10
Би Ч.Энхээгийн шудрага,үнэнчийг мэднэ.Чамд амжилт хүсье.
Зочин · 2013/08/30
aguu aguu!