УИХ-ын дарга бодлогын мэтгэлцээнд ирсэнгүй

 

 

"Нэг Монгол" ТББ-аас "Ардчиллын хямрал ба Үндсэн хуулийн Цэц" сэдвээр УИХ-ын дарга З.Энхболд, судлаач Г.Занданшатар нарын дунд халз мэтгэлцээн зохион байгуулахаар товлосон байв. Гэтэл УИХ-ын дарга З.Энхболд энэхүү халз мэтгэлцээнд товлосон цагтаа ирсэнгүй. Энэ удаад Үндсэн хуулийн Цэцийн даргыг огцруулсан нь иргэдийн дунд талцал, хуваагдал бий болгосон учраас үүний учрыг нь олж, хужрыг тунгаахаар З.Энхболд, Г.Занданшатар нарыг урьсан юм байна. Гэтэл З.Энхболд дарга иргэдийн өмнө баталгаа нотолгоотой мэтгэлцэхийн оронд АН-ын хэмээн олны дунд яригддаг мэдээллийн сайтаар "Мэтгэлцээнд дуудсан болгоны зоргоор очих нь завтай хүний ажил" гэсэн албан бус хариу өгчээ. Түүний энэ үйлдэл нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татсан шийдвэрээ хамгаалж чадахгүй бултаж байгаагийн шинж хэмээн ярих хүмүүс ч цөөнгүй байна. Хэдийгээр Их хурлын дарга морилж ирээгүй ч жирийн иргэдийн төлөөлөл болон хэвлэлийнхэн уг мэтгэлцээнийг үзэхээр олноор цугласан байлаа.

 

 

www.tsag.mn