Дахин төлөвлөлтөөр ашиглалтад орсон "Хера пропортийз" ХХК нэг иргэнийг байрандаа оруулсангүй
2016/03/16
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил 6 дүүргийн 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд явагдаж байгаа. Улмаар 2014 оны 10 дугаар сарын 03-нд “Хера Пропертийз” ХХК-ийн СХД-ийн 5-р хороонд ашиглалтанд оруулсан барилга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан анхны орон сууц болон түүхэнд тэмдэглэгдсэн.
Гэвч түүнээс хойш нэг ч барилга гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ашиглалтанд ороогүй юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар СХД-ийн иргэдтэй уулзалт хийх үеэр “Нийтийн эрхийг хамгаалах” холбооныхон иргэдээс ирсэн гомдлын дагуу тус газарт очиж хууль зүйн зөвлөгөө өглөө.
Энэ үеэр иргэд “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-өөс болж газаргүй, хашаа байшингүй, түрээсийн мөнгө ч үгүй болсон тухайгаа хэлж байв.
УИХ-ын гишүүн Д.Сумъябазар: Гэр хорооллын дахин төлөвлөлт зогсонгибайдалд орсон
-СХД-ийн 5-р хорооны хувьд хүн амын нягтаршил ихтэй, гэр хорооллын дахин төлөвлөлт хамгийн хурцаар тавигдаж байгаа. Уулзалтын үеэр иргэдээс ямар санал гомдол ирж байна вэ?
-Сонгино хайрхан дүүрэг бол Монгол Улсын хэмжээнд хүн амын нягтаршил хамгийн ихтэй дүүрэг. Нийт иргэдийн 80 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэр ч утгаараа СХД-т гэр хорооллын дахин төлөвлөлт түлхүү хийгдэж байна. 5-р хорооны тухайд хоёр байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж, төсөлд Хера Холинг, Жи Ди компаниуд шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна.
Гэхдээ барилгын явц маш удаашралтай байна. Учир нь төр засаг “Гэр хорооллын дахин төлөвлөлт гэх сүржин нэр гаргаж ирснээс биш өөрсдөөс шалтгаалах нэг ч зүйлийг хийгээгүй, хөрөнгө мөнгө, дэд бүтцийг нь шийдэж өгөлгүй урсгалаар нь хаяснаас өнөөдөр иргэд хохироход хүрээд байна.
Угтаа Улаанбаатар хотын 6 дүүргийн 24 байршилд гэр хорооллын дахин төлөвлөлт явагдаж буй. Тэр ч утгаараа дээрх асуудлын хүрээнд нийслэлийн бүх хороодоор явж, Хүний эрхийн комисст хүртэл асуудлыг нь уламжилсан. Гэтэл өнөө хэр нөхцөл байдал дээрдсэн зүйл огт алга.
Улаанбаатар хотын зүгээс бодлогоор яаж дэмжих вэ, санхүүгийн асуудал дээр ямар гарц гаргалгаа гаргах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тиймээс Гэр хорооллын дахин төлөвлөлт ерөнхийдөө зогсонги байдалд хүрсэн.
СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар: “Жи Ди” ХХК, “Хера Пропортийз” ХХК-г ажиллах нөхцлөөр хангаагүй
- 2012 оны сонгуулиар нийслэлийн гэр хорооллын иргэдийг бүгдийг нь хувийн хаус, өндөр орон сууцны хороололд амьдруулна гэсээр Э.Бат-Үүл даргын баг үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын 40 гаруй суудлаас 37 суудлыг авсан.
Улмаар 2013 оны 01 дүгээр сард УИХ-аас “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө”-г батлан гаргасан. Гэтэл өнөө хэр дахин төлөвлөлтөөр ашиглалтанд орсон барилга гээд хэлчих зүйл алга. Тиймээс дахин төлөвлөлтийн асуудлаар судалгаа хийж, өнгөрсөн хугацаанд юунаас үүдэж царцсан бэ гэдэг дээр анализ хийлээ.
Тухайлбал, СХД-ийн 5-р хороонд Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Есөн талст” ХХК-ийнхан инженерийн шугам сүлжээ байгуулж, ус дулаан, тогийг нь татахаар гэрээ хийгдсэн. Гэтэл Нийслэл хөрөнгө гаргаагүйгээс “Жи Ди” ХХК, “Хера Пропортийз” ХХК-ийн ажиллах нөхцлөөр хангагдахгүй өнөөг хүрлээ.
Мөн “Мон аналитик” ХХК 2008 онд Дүүргийн Засаг даргын захирамжаар СХД-ийн Ханын материал орчимд газар эзэмшсэн байдаг. Гэтэл тэр газар дээр нь Нийслэлээс 2012 Уурын зуух бариулахаар тендер зарласан байгаа юм. Улмаар уурын зуух баригдсан боловч газрын маргаантайгаас үүдээд үндсэн ажлаа хийж чадахгүй байна.
5-р хорооны Засаг дарга М.Одонхүүтэй “ Манай хороо 8500 гаруй иргэдтэй. Үүнээс 75 хувь нь буюу 7000 гаруй иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан. Төсөл хэрэгжүүлэгчээр “Хера Холдинг”, “Жи Ди” ХХК нар шалгарч, 2013 онд иргэдтэй гэрээ байгуулсан.
“Жи Ди” ХХК-ын тухайд 53.6 га-д дахин төлөвлөлтөд явуулж, 23 айлыг нүүлгээд байна” гэлээ.
Энэ үеэр дахин төлөвлөлтийн асуудлаар “Жи Ди” барилгын компанийн төслийн удирдагч Г.Төрбаттай уулзаж ярилцсан юм.
-Иргэдтэй байгуулсан гэрээний дагуу “Жи Ди” ХХК 2015 онд эхний ээлжийнбарилгаа ашиглалтанд оруулахаар болсон. Гэвч барилга ашиглалтандоруулах битгий хэл, барилгын ажлаа ч эхлүүлээгүй байна. Энэ тал дээркомпанийн зүгээс ямар тайлбар өгөх вэ?
-Дэд бүтцийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын явц удааширсан.
-Барилгын компаниуд шинэ байрны захиалга авахдаа орон сууцашиглалтанд оруулах хугацаагаа тодорхой зааж, хэтэрсэн тохиолдолдалданги тооцохоор гэрээлсэн байдаг. Гэтэл “Жи Ди” ХХК иргэдтэй байгуулсан гэрээгээ зөрчиж, ашиглалтад өгөх хугацаагаахэтрүүлсэн байна. Энэ хугацаанд олгогдох ёстой алдангийг хаанаас хариуцаж байна вэ?
-Алданги тооцох ямар ч үндэслэл байхгүй. Гэрээнд тийм зүйл тусгагдаагүй байгаа. Иргэдтэй байгуулсан гэрээнд ямар шалтгаанаар барилгын явц хойшилж байна вэ гэдэг зүйл тусгагдсан. Энэ тохиолдолд улс дэд бүтцээ шийдэж өгөөгүй, шаардлагатай төсөв мөнгөө гаргаж өгөөгүй байна.
-Тэгвэл нүүлгэсэн айлууддаа сард хэдэн төгрөгний түрээсийн төлбөр өгч байна вэ? ТҮрээсээ өгөхгүй удааснаас иргэдгудамжинд гарч байгаа гэх мэдээлэл байна?
-Манайх барилгын ажил эхэлсэнтэй холбоотойгоор 23 айлыг нүүлгэсэн. Эдгээр айлууддаа сард 500 мянган төгрөгөөр тооцож, улирлаар нь олголт хийгээд явж байна. Мөн он гарсаар эхний хоёр сарын түрээсийг барагдуулж, нэг сарын алдангитай явж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Өнгөрсөн хугацаанд манайх түрээсийн мөнгөнд маш их мөнгө зарлагадсан. Цаашдаа төслөө хэрэгжүүлээд, барилгаа бариад дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Гэтэл “Жи Ди” ХХК-ийн хохирогч хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн иргэнийг танай компаниас дарамталсан гэх мэдээлэлбайна. Энэ тал дээр ямар тайлбар өгөх вэ?
-Тийм зүйл байхгүй. Г.Цэрэнбат гуайтай уулзахын хувьд уулзсан. Гэхдээ оффис дээр биш, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газар дээр М.Энхбаатар дарга, хариуцсан мэргэжилтнүүдийнх нь хамтаар гурвалсан уулзалт хийсэн.
Мөн тухайн мэдээлэл цацагдсаны дараа Г.Цэрэнбат гуайн охин Ц.Дэлхийцэцэг гэдэг хүн манай компани дээр ирж уулзсан, хамтраад хэвлэлийн бага хурал ч хийсэн. Энэ үед Г.Цэрэнбат гуай “Би Жи Ди барилгын компанийн явц удаашралтай байна гэдгээр яриа өгсөн болохоос компаниас болж хүүхдүүд маань өнгөрсөн зүйл байхгүй” гэж хэлсэн.
-Сая Г.Цэрэнбат гуай ирсэн байна. Гэтэл “барилгын компани маань дарамталсан учраас мэдээллээ татахаас аргагүй болсон”гэж хэллээ. Тэгэхээр таны өгч байгаа мэдээлэл, Г.Цэрэнбат гуайн өгсөн мэдээлэл хоёрын аль нь бодитой вэ?
- “Гэр хорооллын хөгжлийн газар”-ын дарга М.Энхбаатараас тодруулах нь зүйтэй байх. Г.Цэрэнбат гуайн охин бид нараас уучлалт гуйсан. Гэрээ нь хэвээрээ хүчин төгөлдөр байгаа.
-Гэрээний тухайд өнгөрсөн оны 10 дугаар сард хүчинтэй хугацаа нь дууссан юм биш үү?
- Гэрээний нэмэлт хийгээд явна. Эхнээсээ судалгаа хийгээд, иргэдтэйгээ уулзалт хийгээд явж байна.
-Сая СХД-ийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар Нийслэлээс шаардлагатай бүх зүйлийг хийсэн гэлээ. Тэгэхээр гэрээний нэмэлт дээрашиглалтанд оруулах хугацаагаа тодорхой оруулж, хугацаа хэтэрсэн тохиолдолд алдангийг нөхөн олгохоор тооцох уу?
-Шийдээд өгчихсөн зүйл байхгүй. Цахилгааны ажил дууссан, дулааны ажил 90 хувьтай явж байна. Алданги, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр мэдэхгүй байна. Гэр хорооллын хөгжлийн газраас бидэнд нэгдсэн гэрээний загварыг гаргаж өгдөг.
Түүний дагуу иргэдтэйгээ гэрээ байгуулдаг.
-Тэгэхээр иргэд өөрсдийн саналаа тусгалгүйгээр бэлдээд ирсэн гэрээн дээр гарын үсэг зурдаг гэсэн үг үү?
- Гэр хорооллын хөгжлийн газраас гаргаж өгсөн гэрээг иргэдэд санал болгодог. Иргэдийн саналыг газрын үнэлгээн дээр тусгадаг.
СХД-ийн 5-р хорооны иргэн Н.Үүрийнтуяа: “Ах дүү гурав” ХХК-ийн барилгыг Дахин төлөвлөлтийн барилга гэж хэлээрэй хэмээн дээрээс үүрэгдэж, Э.Бат-Үүл нээлт хийсэн.
-Манай компанитайгаа гэрээ хийгээгүй, тохиролцож чадаагүй. Би 866 мкв талбайтай гурван талт хашаатай хүн. Гэтэл Төсөлд шалгарсан компаниас манайхтай гэрээ байгуулна гэж хоёр, гурван ч удаа ямар ч бичиг баримтгүй хүмүүс орж ирсэн. Ингэхдээ хашаа байшинг минь 2 өрөө байраар л солино гэсэн.
Манайх 866 м.кв хашаатайгаас гадна, хашаандаа хоёр давхар, хоёр хаустай, гүний худагтай, уурын зуухтай. Өөрөөр хэлбэл орон сууцны бүх шаардлагыг хангачихсан, дахин төлөвлөлтөд орох ямар ч шаардлагагүй тохь тухаа бүрэн хангасан айл. Гэтэл танайх хаус биш, хашаа байшин гүний худаг, уурын зуухыг чинь оруулахгүй. Дахин төлөвлөлтөд орсон гээд 2 өрөө байр, 10 сая төгрөг л өгье гэсэн.
Хүний эд хөрөнгийг ингэж үнэлдэг, барилгынхаа шавыг ч тавиагүй компанид яаж итгэж орон гэрээ сүйтгүүлэх юм бэ.
-Яагаад шаваа тавиагүй гэж? “Хера Пропертийз” ХХК дахин төлөвлөлтөөр байр ашиглалтад оруулсан хамгийн анхныкомпани биз дээ?
- Тэр чинь худлаа мэдээлэл. Нийслэлийн захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй хотын удирдлагууд 2014 оны 6 дугаар сард манай хороонд ирж “Хера Пропертийз” ХХК-ийн барилгын нээлтийг хийсэн. Гэтэл ашиглалтанд орсон анхны дахин төлөвлөлтийн байранд газарт орсон нэг ч иргэн нүүж ороогүй. Сүүлд сургийг нь сонсох нь ээ, “Ах, дүү 3” ХХК-ийн барьсан барилгыг Дахин төлөвлөлтийн барилга гэж хэлээрэй хэмээн дээрээс үүрэгдэж, Э.Бат-Үүл тэргүүтэй хүмүүс нээлт хэмээн тууз хайчилсан.
Түүнээс “Хера Пропертийз”-ийнхан ашиглалтанд оруулж, хүмүүсээ нүүлгэсэн зүйл огт байхгүй.
О.Номин