Х.Бээжин Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өөрийн автомашинтай явж байх үедээ иргэн Б-ийн авто машинтай мөргөлдсөн байна. Үүгээр ч зогсохгүй Х.Бээжин иргэн Б-г зодож биед нь гэмтэл учруулжээ. Тиймээс 2016 оны 02 сарын 17-ны өдөр Х.Бээжинд Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сонгино хайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж эхлээд байгаа юм. Шүүх эмнэлэг хохирогчийн гэмтлийг хатуу мохоо зүйлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж дүгнэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

“Дэлхийн Монгол Нэгдэл” ТББ-ын тэргүүн Х.Бээжин өөрт нь эрүүгийн хэрэг үүсгээд байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан. Энэ үйлдэл мөрдөн байцаалтын ажил хийгдэж байгаа эрүүгийн хэргийн мэдээ, материалыг задруулсан үйлдэл хэмээн үзэж түүнийг өнгөрсөн шөнө 00:40 цагийн үед 461-р хорих ангид саатуулсан байна.

Х.Бээжин энэ хэргийн талаар ярихдаа: Энэ оны 02-р сарын 6-ны өдөр Сонгино хайрхан дүүргийн нутаг дэвсгэр нэгдүгээр хорооллоор дайраад Таван шар, Сонсголон чиглэлд явж байсан энэ үед 2828 гэсэн дугаартай япон тэрэг намайг шахсан юм. Тэгээд тоогоогүй Таван шар өнгөрөөд гурав дугаар эгнээгээр явж байхад хоёр дугаар эгнээгээр явж гүйцэж түрүүлж шахаж зогсоод, шүргэсэн байгаа юм. Энэ талаар зургийг урд болон ард талаас нь баримтжуулж зураг авсан. Харин хоёр машин гэмтсэн үү? гэвэл гэмтсэн зүйл байхгүй. Харин миний машин урд гупер хэсэгтээ бага зэргийн будаг зурагдсан бөгөөд шүргэлцсэн машин бас арын гупер хэсэгтээ будаг халцарсан байсан юм. Ингээд бид буугаад машинаа ажиглахад нөгөө машины жолооч уурлаж намайг зодсон. Энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлт байгаа миний цээжин тус газар хөлөнд хөхөрсөн, толгой доргисон дүгнэлт гарсан ч нөгөө хүн намайг өөрийг нь зодож хутгалсан гэж гүтгэсэн юм.” Хэмээн ярьсан нь саатуулагдах үндэслэл болжээ.

Түүнийг саатуулсан талаар өнөөдөр “Босоо хөх монгол”, “Дэлхийн монгол ногоон нэгдэл” ТББ-ууд хамтран 12:00 цагт мэдээлэл хийхээр болсон юм. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.Элбэрэл