Б.Нэргүй: Дахин төлөвлөлтийн компани иргэдийг "П" гэж доромжилсон
2016/03/17
Улаанбаатар хотын 6 дүүрэг, 24 байршил, 75 хэсэгчилсэн талбайд явагдаж байгаа Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил өдгөө зогсонги байдалд шилжээд байна. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлт явагдахаар зарлагдсан бүсүүдэд Нийлэлээс дэд бүтэц, инженерийн шугам тавихад шаардлагатай төсөв мөнгийг шийдэж өгөөгүйгээс, барилгын компани, иргэдийн дунд томоохон зөрчил үүсээд буй.
Тэгвэл, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд иргэдээс ирсэн гомдлын дагуу СХД-ийн 28 дугаар хороонд очиж, иргэдийн бодлыг сонслоо. Энэ үеэр иргэд төдийгүй Засаг дарга, ИНХ-ын дарга нар нь ч итгэл алдарч, болохгүй бол талбай дээр гарч суулт хийнэ хэмээн мэдэгдэв.
СХД-ийн 28-р хорооны ИНХ-ын дарга Б.Нэргүй: Иргэд гэрчилгээгээ яаж салгах вэ гэдэг ганцхан бодолтой болсон
-Танай хороонд дахин төлөвлөлтийн ажил хэдэн онд зарлагдсан бэ?
- СХД-ийн 28 дугаар хороонд 2013 оноос “ТОП” ХХК барилгын компани гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлүүлсэн.
- Хэдэн өрх дахин төлөвлөлтөнд хамрагдсан байна?
-Манай хороонд 3.7 га газарт дахин төлөвлөлт явагдахаар болж, 49 айлтай гэрээ хийсэн. Компанийн зүгээс өнгөрсөн гурван жилийн хугацаанд барилгын 80 хувийг хийж гүйцэтгэсэн хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдал дээрээ ганц нүх ухаагүй, ямар ажил хийгээгүй байна гэдгийг та бүхэн харж байгаа байх.
Өнгөрсөн намар оршин суугчид “ТОП” ХХК-ийн удирдлагуудтай очиж уулзсан. Иргэдийг гуйлгачин түүлгэчингээр нь дуудаар “Пи” гэж хүртэл доромжилсон байна лээ. Тэгээд хийсэн ажилтай болох гэж нүүрэн талын хашаануудыг төмрөөр торлосон. Энэ нь ажил хийсэн болж харагдах ядсан арга юм уу л гэж бид бодож байна.
Ерөнхийдөө иргэд 3 жил хүлээлээ, эхнээсээ итгэл алдарч бидэнд хүртэл агсам тавьж эхэллээ. Энэ янзаараа төрийн нэр барьж иргэдийг хохироосоор байвал ирэх 5 дугаар сараас талбай дээр “жагсаал хийнэ” гэсэн бодолтой байна.
-Байдал жагсаал хийх дээрээ тултал хурцадсан юм уу?
- Тийм. Иргэдийн байдаг хөрөнгийг нь хуу хамж, газар дээрээс нь нүүлгэж, түрээсийн байраар өдөр хоногийг аргацаасан байдалд хүргэчихээд бас дээр нь доромжилж байна. Арга ядаад Нийслэлийн Гэр хорооллын хөгжлийн газар дээр очиж, дарга цэргээс нь эхлээд бүх хүнтэй уулзсан, ТОП ХХК-д шаардлага хүргүүлсэн. Гурвалсан уулзалт зохион байгуулсан.
Гэтэл байдал эсрэгээрээ эргэж, барилгын компани нь иргэдийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хамаг бичиг баримтыг хураагаад авчихлаа. Үүнээс болоод иргэд өөрийн өмчлөлийн газар дээрээ амьдарч чадахгүй, үл хөдлөхөө эргэлтэнд оруулж чадахгүй болоод байна. Нэгэнт барилгаа барьж чаддаггүй юм бол түүнийгээ хэлээд төслөөс татгалзчих хэрэгтэй. Дахин төлөвлөлт нэрээр иргэдийг хохироож болохгүй.
-Дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулсан айлууд “ТОП” ХХК-тай шүүхдэлцэж байна гэж сонссон. Тийм зүйл үнэхээр бий юу?
- Айлуудтайгаа шүүхдэлцсэн талаар сонсоогүй. Гэхдээ “ТОП” ХХК барилгын зураг төсөл гүйцэтгэсэн компанидаа төлбөрөө төлөөгүйгээс одоо шүүхээр явж байгаа гэж дуулсан. Өнгөрсөн долоо хоногт тухайн барилгын компанийн удирдлагууд ирж иргэдтэй уулзсан байгаа.
Тиймээс ТОП ХХК-д манай хорооны иргэд бүр мөсөн итгэл алдарч, яажшуухан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ салгаж авах вэ гэдэг ганцхан бодолтой болсон. Улмаар барилгын компаниа сольё, гэрээгээ цуцалъя, гэрчилгээгээ салгая гэсэн гомдлууд л тасралтгүй ирж байна.
СХД-ийн 28 дугаар иргэн Б.Анхтуяа: Нийслэлийн амлалтанд хууртаад хамаг байр байшингаа буулгаад өгсөн
-Танай хорооны иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар ямар байр суурьтай байна вэ?
- Ерөөсөө бүх юмаараа хохирсон. Одоо болтол түрээсийн байранд амьдарч байна. Ашиглалтанд орох хугацаа бүтэн нэг жилээр хойшилсон. Өнгөрсөн хугацаанд ганц гадас хатгаагүй. Гэтэл иргэдтэй хийсэн гэрээнд нь хууртаад, Нийслэлийн амлалтанд хууртаад хамаг байр байшингаа буулгаад өгчихсөн байна.
Гэтэл 3 жилийн хугацаанд хэдэн саргар хашаа хадсанаас өөр зүйл хийсэнгүй. Үүнээс хойш тэсэхэд үнэхээр бэрх байна.
СХД-ийн 28 дугаар иргэн Т.Буманцэцэг: Хоёр жил гаруй садныхаараа “хоног төөрүүллээ”
- Дахин төлөвлөлтөнд итгээд, үнэхээр л хашаа байшинг маань сайхан байраар солиод өгөх юм байна гэж бодоод хоёр жил гаруй хамаатан садныдаа .хоног төөрүүллээ”. Барилгын компани дээрээ очно. “Одоо эхэлнэ” гээд л явуулна. Ингэж, тэгж худлаа ярьсаар хэдийнэ 2 жил гаруй хугацаа өнгөрсөн.
Өнгөрсөн хугацаанд эд материал, сэтгэл санаагаараа үнэхээр их хохирлоо. Одоо БНХАУ-аас материал ирж байгаа, ирэнгүүт нь барьчихна гээд бас л худлаа яриад явж байна. Үнэхээр “Төр чаддаггүй юм бол иргэддээ хуучин байшинг нь буцаагаад бариад өгөөч ээ” л гэж гуймаар байна.
-Ярилцсанд баярлалаа.
"ТОП" ХХК иргэдтэй 2013 онд гэрээ байгуулснаас хойш ердөө "хашаа хатгах" ажиллагаа хийжээ
Тэгвэл “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн үйл ажиллагааны журамд барилгын компани, иргэдийн эрх үүргийг ингэж тусгажээ
4.10. Оршин суугчдын түр зөвлөл нь төсөл хэрэгжүүлэгчид дэмжлэг үзүүлэх, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
4.25. Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болон техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны ажлын албаны саналыг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамжийг хүчингүй болгоно.
Х.Маргад
Эх сурвалж : nekh.mn