Барилгын шинэ хуулинд гарсан өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2016/03/18
Барилгын тухай шинэчилсэн хууль энэ оны хоёр дугаар сарын тавны өдөр батлагдсан байна. Тус шинэ хуулийг сарын 15-наас мөрдөгдөж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор барилгын салбарынхан өчигдөр хуралдсан юм. Тодруулбал “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төсөлд эрсдэл гарч болзошгүй гэж үзэж байгаа юм байна. Ийм учраас Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, Авилгатай тэмцэх газар, Азийн сан гэх байгууллагууд хамтран энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Тус хэлэлцүүлгийн зорилго нь салбарын хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг батлан мөрдүүлэхийн өмнө төслийг сонирхогч бүлгүүдэд танилцуулах, харилцан зөвлөлдөх боломжийг олгох, уг шийдвэрт тэдний саналыг тусгах юм.
Бид энэ талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал Д.Гантулгаас тодруулсан.
- Барилгын шинэчлэгдсэн хууль барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийдэж өгч чадсан гэж бодож байна уу?
- Мэргэжлийн хүний хувьд бол чадсан гэж үзэж байгаа. Тэгээд удахгүй энэ хууль нь хэрэгжээд эхлэхээр үр дүн нь мэдрэгдэх байх. Аль нь болж байгаа, аль нь болохгүй байна гэдэг нь харагдаж эхэлнэ гэж бодож байна.
- Таны хувьд энэ хуульд нэмж оруулах зүйл байгаа юу?
- Би хувьдаа бол барилгыг төвөгхшилөөр нь биш эрсдэлээр нь ангилсан бол дээр байх гэж бодож байсан. Дотор нь хэчнээн хүн амьдрахын, ямар насны хүмүүс амьдрахын гэдгээр нь. Гамшиг осол болсон үед бие дааж гарч чадах иргэд байна уу? үгүй юу? гэдгээс нь бас хамаарсан бол зүгээр байх гэж боддог.
Хуралд Барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, салбарын мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын дарга, төлөөлөгч, мэргэжилтнүүд оролцлоо.
О.Номин