Хил хамгаалах байгууллага гэрээт хилчингүүдээ сонгон шалгаруулж авлаа
2016/03/19
Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлээд гэрээт хилчин төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд 200 гаруй цэргийн алба хаасан буюу найман сараас дээш алба хааж байгаа залуус гэрээт хилчин болохоор бүртгүүлсэн байна. Эдгээрээс 150 гаруй гэрээт хилчинг сонгож авч Монголын улсынхаа хилийг хамгаалуулна.
Энэ талаар Хил хамгаалах ерөнхий газрын цэргийн сургалт албаны зохион байгуулалтын гэрээт хилчний алба хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Эрдэнэтэй ярилцлаа.
-Гэрээт хилчин гэдэг ямар утга учиртай вэ?
-Иргэн цэргийн албыг гэрээгээр хааж болно. Мөн хугацаагаар хааж болдог. Хугацаагаар цэргийн алба хаасан хүмүүс дахиад гэрээгээр цэргийн алба хааж болно гэж хууль эрх зүйн хүрээнд тусгагдсан. Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллага гэрээт хилчнээр залуучуудыг жилд нэг удаа авч байгаа. Төв аймгийн Баянчандмань дахь Хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийн цогцолборт 2-3 удаа сургалт зохион байгуулдаг.
-Гэрээт хилчин төсөлд хамрагдаж байгаа хүмүүс ихсэж байна уу? Үр дүн хэр байна вэ?
-Хил хамгаалах байгууллага 2007 оноос эхлээд гэрээт хилчин төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Гэрээт хилчин болох сонирхолтой залуусын тоо жил ирэх тусам өссөөр байна. Үр дүнгийн хувьд гэвэл маш сайн байгаа хүсэн хүлээсэн үр дүндээ хүрч байгаа гэж бодож байна. Бид Монгол улсынхаа хилийг гэрээт хилчдээр хамгаалуулах тогтолцоонд шилжээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Анх бид энэ үйл ажиллагаа төслийн талаар телевиз, радио, сонин, сайттай хамтарч иргэдэд түгээдэг байсан бол одоо иргэд мэддэг болчихсон санаачлагаараа хөдөө орон нутгийн цэргийн ангиудаас хүрч ирж бүртгүүлдэг болсон.
-Ямар шалгуураар гэрээт хилчдийг сонгож авдаг вэ?
-Нэгдүгээрт цэргийн алба хаасан байх ёстой. Хоёрт Хил хамгаалах байгууллагад шаардлагатай мэргэжлээр иргэний их дээд сургуульд сурч төгссөн хоёрдугаар цэргийн үүрэгтэн гэрээт цэргийн алба хааж болно. Насны хувьд 18-29 насны залуучуудыг гэрээт хилчдээр сонгон шалгаруулж авдаг. Гэрээг 31 нас хүртлээ сунгаж болдог. Бид бүртгүүлсэн залуучуудаас шалгалт аваад тэнцсэн хүмүүсийг сургалтад хамруулаад хилийн ангиудад гэрээт хилчнээр томилдог. Хил хамгаалах байгууллагын хэмжээнд хоёр отрядыг бүрэн хэмжээнд гэрээт цэргийн албанд шилжүүлсэн.
-Гэрээт цэргийн албын давуу тал хөнгөлөлтийн талаар танилцуулахгүй юу?
-Гэрээт цэргийн албыг хоёр жилийн хугацаанд хаахдаа цалинтай хаадаг байгаа. Гэрээт албан хаагчид сард 700 000-900 000 төгрөгийн цалинтай байдаг. Цалингийнхаа 70 хувийг нь бэлнээр аван үлдсэн 30 хувийг нь дансанд нь хийдэг. Хоёр жилийн дараа гэрээ дууссаны дараа доод тал нь 10 орчим сая төгрөгтэй болоод халагддаг. Тийм учраас халагдаад цаашдаа сурч боловсрох ямар нэгэн бизнес эрхлэх боломж нь нээгдэж байгаа гэдгээрээ давуу талтай. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь улсаас төлөгддөг. Гэрээт хилчид жилд нэг удаа ээлжийн амралт аваад хөдөө орон нутагруугаа явдаг байгаа. Гэрээгээр алба хаасан цэргүүдэд Монгол улсаас гадаад улс оронд суралцахад нь бас хөнгөлөлт үзүүлдэг.
-Гэрээт цэргээс халагдаад ажлын байр эсвэл сургуульд явуулах тал дээр ямар сонголтууд байдаг вэ?
-Гэрээт хилчид маань төрөл бүрийн мэргэжлээр алба хаадаг. Тэр дундаас сонгоод суралцаад хоёр жилийн хугацаанд мэргэшээд ирдэг байгаа. Хил хамгаалах байгууллагын ахлагчийн албанд гэрээт цэргийн албыг хаасан залуучуудыг түлхүү авах зорилготой байгаа. Яагаад гэвэл энгийн төгсөөд орж байгаа хил дээр гэрээт хилчдээр ажиллаж байсан хүмүүсийн сурах арга барил нь маш ялгаатай байдаг. Мөн гадаад сургуульд суралцуулдаг энэ ажилдаа бас гэрээт цэргийн албыг хаасан залуучуудыг явуулах талаар ажиллаж байгаа Оросын холбооны улсад 4 жилийн хугацаагаар залуучуудыг сургадаг байгаа. Суралцаад ирсэн хүмүүст ажлын байр бэлэн хилийн цаставуудад ажиллана.
Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын 2008 оны 194 дүгээр тогтоолыг удирдлага болгон Хил хамгаалах байгууллагад харуулын дарга, шалгагч, холбоочин, хөгжимчин, жолооч, тамирчин, мэргэн буудагч, нохой хөтлөгч, сантехникийн засварчин, малчин, гэрээт цэргийн албан тушаалд иргэдийг сайн дурын үндсэн дээр гэрээгээр алба хаалгаж эхэлсэн билээ.
Хил хамгаалах байгууллагад гэрээгээр алба хаахаар гэрээ байгуулсан иргэнийг “Гэрээт хилчин” гэнэ. Гэрээт хилчин 24 сар алба хаадаг юм. Гэрээт хилчний хүсэлт, хилийн отряд /анги/-ын даргын санал дүгнэлтийг үндэслэн гэрээг тухайн иргэнийг 31 нас хүртэл сунгаж болдог байна. Гэрээт хилчдийг улсаас бүх зүйлийг нь хангаж мөн цалинжуулдаг.
Гэрээт хийлчнийг доорх сонгон шалгаруулалтаар шалгаруулж авдаг байна.
- Бие бялдрын хөгжилт, эрүүл мэнд
- Боловсролын түвшин
- Мэргэжлийн байдал
- Ёс зүй, сахилга, хариуцлагын байдал
Гэрээт хилчдийн эрүүл мэндийн үзлэгийн үеэр: энэхүү үзлэгээр хилчдийн харааны бяд, биеийн хөгжил, өндөр, жин, сонсгол, гэх мэт үзлэгийг хийдэг байна.
Гэрээт хилчдийн оюун ухааны сорилын үеэр: энэхүү сорил нь ерөнхийдөө сэтгэлзүйн сорил юм. Тухайн гэрээт хилчинд бэлтгэгдэж байгаа хүүхдүүдийн сэтгэх чадвар, сэтгэхүйн ерөнхий хурд, логик сэтгэлгээ мөн сэтгэл зүйн тэнцвэртэй байдлыг шалгадаг сорил юм.
Гэрээт хилчинд бүртгүүлсэн цэргүүдийн сэтгэгдлээс:
-Аль аймгийн хэддүгээр ангиас ирсэн бэ? Яагаад? Гэрээт хилчнээр явах болсон бэ?
-С.Ариундөлгөөн гэдэг Дорнод аймгийн 0132-р ангиас ирсэн. Гэрээт хилчин гэдэг бол гэрэлтэй амьдрал, бидний ирээдүйн замдаа хөтлөх нэгэн гэрэл гэгээн эхлэл гэж боддог.
-Тэнд очоод мэргэжил эзэмших хүсэл мөн ирээдүйн зорилго байгаа юу?
- Мэдээж байгаа. Би харуулын даргаар явна. Буцаад ангидаа улирах саналтай байгаа.
- Гэрээт цэргийн албыг хааснаар ямар ач холбогдолтой гэж бодож байна?
- Гэрээт цэргийн алба хаах хүний сонирхол эрс нэмэгдсэн нь харагдаж байна. Хилийн цэргийн хүн гоё шдээ. Монгол улсынхаа төлөө гэрээгээр торгон хилээ манах нь эр хүн болсны нэгэн үүрэг юм болов уу? гэж боддог. Мөн мэргэжилтэй болоод хоёр жилийн дотор мэргэшээд ирнэ. Сайн талууд зөндөө байгаа бас цалинтай төрөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт зарим зүйлийг төлөх болохоор давуу тал нь болж байгаа байх.
О.Номин
ээж · 2017/05/06
хүүгээ хилчин болсонд нь маш их баярлаж байгаа хил хилийн манаа хил хамгаалах гэдгийг жинхэнэ утгаар нь суралцсан байдаг жинхэнэ бахархалтай сайхан алба шүү
Зочин · 2016/03/19
zaza xil xamgaalna gej alia yum bolox yum bna doo.xeden arxaij darxaisan arduud l bolox yum bna.