УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан өчигдөр /2016.03.18/ Монгол Улсад шашны гаж үйл ажиллагаа явуулж буй Мүүнтэй холбоотой байгууллагуудын үйл ажиллагаа, данс, санхүүжилт, орлого зарлагыг шалгуулах тухай өргөдөл тус байнгын хороонд ирүүлсэнтэй холбогдуулан өргөдөл гаргагч иргэн Э.Цэрэндолгорыг хүлээн авч уулзав.

 

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Ж.Батзандан Монгол Улсад Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомж байдаг гээд иргэн Э.Цэрэндолгорын хөндсөн асуудал чухал болохыг онцолсон юм.

Тэрээр, дэлхийн олон улсад шашны гаж урсгалуудыг хориглосон тохиолдол цөөнгүй гээд шашны буруу урсгалуудаас болж үндэсний аюулгүй байдал алдагдах, хүн амын амьд явах эрхийг зөрчсөн тохиолдол олон гарсан хэмээлээ. Түүнчлэн, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар санал солилцохоор Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх О.Баяраа нарыг ч уулзалтад байлцуулжээ.

Иргэн Э.Цэрэндолгор, Мүүн хэмээх шашны гаж урсгал монгол оронд хориод жилийн турш бугшиж, хүүхэд, залуучуудын оюун санаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгуй цаашлаад хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа, мөнгө угаах зэрэг ноцтой зөрчлүүд гарч болзошгүй тул хууль зүй, боловсролын салбар, төрийн эрх барих дээд байгууллагын Өргөдлийн байнгын хороо энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулалтын газрын дарга Б.Үнэнбат, Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагуудад шалгалт хийхээр тус газраас ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэлээ.

Байнгын хорооны дарга Ж.Батзандан уг асуудлын хүрээнд тус байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, УИХ-ын 2016 оны хаврын нэгдсэн чуулган эхэлмэгц нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар тогтлоо.