Эрүүгийн цагдааг хөнөөсөн хэргийн шүүх дахин хойшлов
2016/03/21
Цагдаагийн албан хаагчид амралтын газар нэгийгээ хөнөөсөн хэрэг өнгөрсөн онд гарсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч Багахангай, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн билээ. Шүүх хурал өнөөдөр боллоо. Улмаар хохирогч өмгөөлөгчөөсөө татгалзсан тул шүүх хурлыг 2016-03-31-ны өдрийг хүртэл хойшлууллаа.
Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилж байгаа юм. Өмнө нь яллагдагч гурван өмгөөлөгчтэй ч нэмж өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр шүүх хурлыг хойшлуулсан. Энэ удаад хохирогчийн тал өмгөөлөгчөөсөө татгалзснаар хойшлов.
Энэ хэрэгт Б.Өлзийбуянг буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жилийн хорих ял оноох юм. Шүүх хуралдааны даргалагч шүүгчээр Н.Одонтуул, шүүгчээр Д.Бавуу, Д.Чинзориг, улсын яллагчаар Г.Энхтүвшин, Б.Тогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр Д.Данзандорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Э.Ганбат, Т.Отгонбаатар, П.Еркебулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр О.Должин, шинжээч эмчээр С.Одончимэг, гэрч Л.Энхтуяа, Ж.Бат-Эрдэнэ, П.Очбадрах, Д.Мөнхбаясгалан, Б.Ган-Эрдэнэ, Р.Батсуурь, Б.Ариунаа нар оролцож байгаа юм.
Хэргийг дахин сануулбал, өнгөрсөн 2015 оны есдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн албан хаагчид Налайх дүүргийн зургаа дугаар хорооны нутаг дэвсгэрт амрахаар очсон байдаг. Улмаар нэг алба хаагч амиа алдсан хэрэг гарсан. Талийгаачийн эхнэр гурван хүүгийн хамт амьдардаг бөгөөд хамт олондоо нэр хүндтэй, мэргэжлийн дадлага туршлагатай нэгэн байжээ. 23 жил цагдаагийн байгууллагад ажилласан, тулааны урлагаар амжилт гаргасан нэгэн байсан гэдгийг нөхөд нь дурсан ярьж байсан.
А.Баярмаа