Монголын Аялал Жуулчлалын Холбоо (МАЖХ) нь “Ай Ти Эм” буюу International Travel Mart олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнг 17 дахь жилдээ Мишээл экспогийн шинэ үзэсгэлэнгийн танхимд гуравдугаар сарын 25-27-ны хооронд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэнд нийслэл хот, бүх аймаг орон нутгийн төлөөлөл бүрэн хамрагдаж шинэ бүтээн байгуулалт, үйлчилгээгээ сурталчлан танилцуулдаг тул оролцогчдын тоо, цар хүрээний хувьд Монгол улсын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон үзэсгэлэн юм. Мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулах, түншлэлийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад, дотоодын судлаачдын төрөлжсөн хэлэлцүүлэг, семинарт оролцох боломжтой.

Энэ жил БНХАУ-аас 100 гаруй, ОХУ-ын Байгаль нуурын бүс орчмын Эрхүү муж, Буриад улсын 30 гаруй аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр эдгээр байгууллагуудтай харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ түнштэй болох, гадаадад жуулчин илгээгч компаниудын шинэ бүтээгдэхүүний сурталчилгаа, аяллын хөтөлбөртэй танилцах, жуулчны байр сууцны үйлчилгээ эрхлэгчдийн энэ зуны үнийг хөнгөлөлттэй үнээр авах, баталгаажуулах, аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар гадаад дотоодын судлаачдын лекцэнд хамрагдах боломжтой.

ОХУ-ын Буриад Улсын Соёлын сайд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын газрын орлогч дарга, Байгаль нуурын бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх корпорацын захирал зэрэг томоохон төлөөлөгчдөөс гадна, Өвөрмонголын Одон Телевизийн сурвалжлах баг ажиллана.

Монгол улсаас тур оператор компаниуд, зочид буудал, жуулчны бааз, гэст хаус, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, гадаадын төсөл хөтөлбөр, жуулчин тээврийн үйлчилгээ эрхлэгч авиа компаниуд, урлаг соёлын байгууллага, аялал жуулчлалын дагалдах бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид зэрэг нийт 120 гаруй байгууллага, бизнес эрхлэгчид оролцож үйл ажиллагаагаа сурталчилна.

Мөн Монголд үйл ажиллагаа эрхлэгч авиа компаниудын санал болгох шинэ аяллын маршрут, үйлчилгээний танилцуулга, Монголд баригдаж буй шинэ сүлжээ зочид буудлуудын танилцуулга зэргийг сонирхох боломжтой юм.

Үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд эхний өдөр гурван улсын төлөөлөл аялал жуулчлалын чиглэлээр хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн солилцооны талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төрөл бүрийн бизнес уулзалт, гэрээ хэлэлцээр баталгаажуулах B to B өдөрлөг болно. Энэ өдөр зөвхөн мандаттай оролцогчдод нээлттэй.

Сүүлийн хоёр өдөр буюу гуравдугаар сарын 26,27-нд үзэсгэлэн үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй байна. Харин үзэсгэлэнгийн сүүлийн өдөр Аялал жуулчлалын хөдөлмөрийн бирж зохион байгуулагдах юм. Энэ үеэр аялал жуулчлал болон хэлний чиглэлээр их дээд сургууль төгссөн болон суралцаж байгаа оюутан залуус, хөтөч тайлбарлагч, жолооч, тогооч нар хүрэлцэн ирж аялал жуулчлалын байгууллагуудад бүртгүүлэн ажилд орох, дадлага хийх газраа эртнээс сонгох боломжтой.

Үзэсгэлэнг хамтран зохион байгуулагчаар Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын яам, түнш аймгаар Дорноговь аймаг, ивээн тэтгэгчээр Монголын Иргэний Агаарын Тээврийн МИАТ ХК, дэмжигч байгууллагаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим, Дэлхийн аялал жуулчлалын дэргэдэх олон улсын Торгоны Зам төсөл, хэвлэлийн ивээн тэтгэгчээр Хөх Монгол Принтинг, мэдээллийн ивээн тэтгэгчээр Алтангадас аяллын сэтгүүл оролцож байна.

Та бүхэн үзэсгэлэнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг доорх хаягаас аваарай.
Цахим хуудас: www.travelmongolia.org
Facebook page:
Mongolian tourism association
Утас: 7000-7820

Өнгөрсөн жил тус үзэсгэлэнд үндэсний 150 гаруй аж ахуйн нэгж оролцож, 8000 гаруй зочид төлөөлөгч, худалдан авагч, сонирхогчдод бараа бүтээгдэхүүнээ сурталчилсан арга хэмжээ болсон. Мөн зохион байгуулагчдын зүгээс 2013 оноос үзэсгэлэнгийн албан ёсны түнш аймгийг шалгаруулж, хамтран зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд өмнөх жилүүдэд Өвөрхангай, Өмнөговь, Архангай аймгууд түншээр оролцож, аймаг орон нутгаа давуу эрхтэйгээр сурталчилсан. Энэ жилийн хувьд жуулчдыг татах чиглэлээр томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн, сүүлийн жилүүдэд зорин очих жуулчдын тоо өсөн нэмэгдэж байгаа Дорноговь аймаг албан ёсны түнш аймгаар сонгогдож, бизнес эрхлэгчид, урлаг соёлын томоохон бүрэлдэхүүнтэйгээр ирж оролцоно.

МАЖХ нь 1992 онд Монголын анхны аялал жуулчлалын компаниудын санаачлагчаар үүсгэн байгуулагдсан, өдгөө 150 гаруй гишүүн байгууллагатай, төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг, Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн ууган, мэргэжлийн холбоо юм.