Хүн мөргөсөн согтуу жолооч хэргийн газрыг орхин явжээ
2016/03/23
Нийслэлийн Энэбишийн өргөн чөлөө, “Баянгол” их дэлгүүрийн хойд замд амины Nissan Pulsar автомашины жолооч Т нь явган зорчигч БГД-ийн 4-р хороонд оршин суух, А /21н.эр/-г мөргөсөн хэрэг өчигдөр гарлаа. Энэ хэргийг үйлдсэн жолооч Т гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэглэсэн жолоодсон бөгөөд хэргийн газрыг орхин явсан.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, хэргийн газрын орхин явсан жолооч хуулийн дагуу дараах байдлаар шийтгүүлэх юм. Тодруулбал:
27 дугаар зүйл.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодох
27.1.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
27.4.Энэ хуулийн 27.1-д заасан зөрчлийг давтан үйлдсэн бол 30 хоногийн хугацаагаар баривчлах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
34 дүгээр зүйл.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ үл биелүүлэх
34.1.Зам тээврийн осолд холбогдсон жолооч үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
216 дугаар зүйл. Зам тээврийн ослын үед жолооч үүргээ биелүүлэхгүй байх, зугтаах
216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.