2015 оны 11-р сарын 26-27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах хэрэг бүртгэгч цагдаагийн хошууч эмэгтэйг аавтай нь хамт онц хэрцгийгээр хөнөөж, ээжийнх нь цээжин тус газар нагац ахыг нь гэдсэн тус газар хутгалсан хэрэг гарсан.

Хэргийг П.Батбаяр гэгч үйлдсэн бөгөөд гэрлэлтийг нь зөвшөөрсөнгүй хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч эмэгтэй болон аав, ээж, нагац ахыг нь хутгалж, хэргийн газраас зугтсан юм. Түүнийг орон даяар эрэн сурвалжилж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж саатуулсан. Тэрбээр эхний мэдүүлгээрээ хэргээ хүлээгээд байсан. Тодруулбал өөрийг нь хаясанд Ш-д бухимдаж, гэрлэлтийг нь зөвшөөрөөгүй гэрийнхэнд нь өс санаж хэргийг үйлдсэн гэдгээ хүлээгээд байна.

П.Батбаяр талийгаачийн аавыг цээжин тус газар хэд хэд хутгалсны улмаас газар дээрээ өнгөрсөн. Талийгаачийн аав мөн цагдаагаас тэтгэвэрт гарсан ажээ.Цагдаагийн албан хаагч Ц-ийн хувьд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байгаад Баянзүрх дүүрэгт томилогдоод удаагүй байсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан.Хэрэг болох үед гэрт байсан талийгаачийн ээж, ах нар мөн хутгалуулсан бөгөөд тэд яаралтай хагалгаанд орсон.

П.Батбаяр нь 1985 онд төрсөн. Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй. Багаасаа төмөр замын төв буудалд ачаа зөөдөг байсан. Харин сүүлийн хэдэн жил Замын-Үүдээс ачаа тээвэрлэдэг болсон байна. Тэрбээр өмнө нь хэд, хэдэн удаа согтуугаар танхайрч захиргааны арга хэмжээ авахуулж байсан. Мөн 2004 онд Эрүүгийн хуулийн 145.2 буюу бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр нэг жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан аж. Мөн энэ оны тавдугаар сард найз бүсгүй Ш-ийг зодож хөнгөн гэмтэл учруулж, түүгээр ч зогсохгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, архи ууж агсам тавин танхайрч байгаад арга хэмжээ авахуулж байсан нэгэн гэнэ.

П.Батбаярт эрүүгийн хуулийн 91.2.2, 91.2.12, 91.2.16-д зааснаар яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн. Хэргийг 2016-04-01-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцсэн. Улмаар улсын яллагч сургалтад хамрагдаж байгаа тул хэрэг хэлэлцэх хугацааг 2016 оны 04 сарын 12-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан. Түүний гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр 10:00 цагаас эхэлсэн. Улмаар П.Батбаярыг гэм буруутай гэж үзэн 25 жилийн хорих ял оноосон. Үүнээс 10 жилийг гянданд, 15 жилийг дэглэм бууж хорих ялаар шийтгэсэн байна.

А.Баярмаа