Өчигдөр УДЭТ-д язгуур урлагийн “Алтай” хамтлагийн бие даасан “Золгоё доо” тоглолт болж өндөрлөлөө. Хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Д.Ганпүрэвийн үүсгэн байгуулсан "Алтай" хамтлагийн залуус дуулах, хөгжимдөх, бүжиглэх, исгэрэх, хөөмийдөх гээд ямар олон эрдмийг чадварлаг эзэмшсэн дундрашгүй авьяастай болохоо үзэгчдэд харуулж чадлаа.

Тэдний энэхүү тоглолтын мэдээллийн ивээн тэтгэгчээр Cityinfo.mn сайт ажиллаж, хамтран зохион байгуулагчаар “Тэнгэрийн Модун” төрийн бус байгууллага ажилласан юм. Уг төрийн бус байгууллага язгуур урлаг, Монголын их өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжин ажилладаг бөгөөд өнгөрсөн 2-р сард нэр ятгач Ч.Мөнх-Эрдэнийн тоглолтыг ОХУ-ын Буриадад амжилттай зохион байгуулсан билээ.

“Алтай” хамтлагийн хувьд нэг гишүүн нь гэхэд л 3-4 хүний үүрэг гүйцэтгэх ажээ.
Морин хуурч А.Санчир хэмээх охин морин хуурийг маш чадварлаг тоглож, аялгуундаа орж, хөгжмөө мэдэрч буй нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан бол түүний хань М.Даваадалай хөөмийлнө, бөмбөр тоглоно, дуулах аж. Харин Морин хуурч, хөөмийч, дуучин Т.Арваны чин сэтгэлээс гарах цээлхэн, хүчтэй хоолой монголын эртний язгуур урлагийн дуу хуурыг дуулахаар төрсөн мэт байв.

Харин төрсөн ах дүү хоёр болох Б.Гүрбазар, Б.Ганзориг нар чадварлаг уран, төгс гоё бийлэх ажээ. Алтай их ятга, Аху их ятгыг нэрт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ тоглож, уран нугараач бүсгүй нугарч байхдаа алтай ятга тоглож буй нь үзэгчдийн таашаалд ихэд нийцлээ. Тоглолтын төгсгөлд уран бүтээлчид үзэгчидтэй хамтран тойром бүжиг бүжицгээв.

Тоглолтын дараа тэдний сэтгэгдлийг сонслоо.

Судлаач, хөгжимчин Д.Ганпүрэв: Өнөөдрийн тоглолт нэлээд удаан хугацааны бэлтгэл, өв уламжлагч гэж хэн бэ гэдгийг танилцуулах боломжтой 5 жилийн ойн тоглолт маань сайхан болж өндөрлөлөө. Эртний өв их соёл, уламжлалт язгуур урлагаа хайрладаг үзэгчид энд цугласан учир тоглолтыг маань их үнэлж байгаа нь мэдрэгдлээ. Үзэгчдээсээ ч мөн халуун дулаан энергийг авч чадлаа. Язгуур урлаг гэдгийг байлгахгүй байж болдог, харин байлгаж байгааг нь мэдээд хүмүүс их огшиж, язгуур урлагаараа бахархаж, баясаж байна. Тиймдээ ч бид ирэх 6-р сарын 15-аас “Чойжин ламын сүм музей”-д уламжлалт бүх соёлыг сурталчилан, монголынхоо үзэгчид болон гадныханд таниулах ажлыг эхлүүлэх гэж байна. 10-р сарын 15 хүртэл үзэгчдэд нээлттэй болно. Түүх археологийн судалгааны ажлууд хүртэл язгуур урлагийн судалгаатай хамт явж байдаг учраас энэ бол монголчуудын хувьд маш том соёл юм. Бидний өнгөрсөн жилүүдийн хүч хөдөлмөрөөр бүтсэн уран бүтээлүүд, “Золгоё доо” цомогт багтсан байгаа.

Нэрт ятгач Ч.Мөнх-Эрдэнэ: Бидний хувьд их үнэ цэнэтэй тоглолт боллоо. Сайхан тоглолт болж чадлаа. Сэтгэл маш өндөр байна. Язгуур урлаг гэдэг бол хэзээ ч хуучрахгүй цоо шинэ, үнэ цэнэтэй урлаг юм. Дэлхий хүртэл яагаад монголын урлаг руу өнгийгөөд хараад байна вэ гэхээр дэлхийн хаана ч байхгүй гайхамшигт их өв соёл энд байна. Алтай ятга, 1400 жилийн өмнөөс эгшиглэж байсан аху их ятга өнөөдөр эгшиглэлээ. Бид тоглолтынхоо төгсгөлд үзэгчидтэйгээ тойром бүжиг хийлээ. Үзэгчдийн сэтгэлд ихэд нийцэж, байна. Бүгдээрээ огшоод гарлаа. Тойром бүжиг хийж байхад хэн ч муу юм боддоггүй, хэнч хэнд ч өстөн дайсан болдоггүй монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдгийг ойлгуулахыг хичээлээ. Тойром бүжиг бол эв нэгдлийг хүчирхэг байхыг бэлгэддэг.

Н.Чимэг

  • 1

  • 2

  • 3

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9

  • 10

  • 11

  • 12

  • 13

  • 14

  • 15

  • 16

  • 17

  • 18

  • 19

  • 20

  • 21

  • 22

  • 25

  • 26

  • 27

  • 28

  • 29

  • 30

  • 31

  • 32

  • 33

  • 34

  • 35