Улайрсан мамаас ягаарсан будда
2016/05/31
Мэргэжлийн сумогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацу башё амжилттай өндөрлөлөө. Их аварга Хакухо М.Даваажаргал цагийг эзэлсэн агуу бөх гэдгээ баталж 37 дахь түрүүгээ авлаа. Япончуудын аварга болно хэмээн найдлага тавин хүлээж буй озэки Кисэносато 13 даваа хоёр унаатайгаар Хакухогийн ард бичигдэж байна.
Гэнэт л барилдаан нь эрс өөрчлөгдөж, илэрхий амжилт үзүүлэх болсон түүнд Японы сумогийн холбоо ёкозунагийн болзол тавьж байгаа. Учир нь озэки цолтон башёд хоёр түрүүлж байж ёкозуна цол хүртдэг бол Кисэносатог нэг түрүүлбэл их аварга гэсэн цол өгнө гэж амлаж байна. Энэ барилдаанаар аварга болж чадсангүй. Гэсэн ч дараагийн башё бий. Хэрэв Кисэносато аварга болбол япончуудын нар нь гарчээ.
Ингэхэд яагаад энэ тухай бичээд байгаа билээ. Японы сумо бол манай үндэсний бөхийн дараа орох спорт учраас ийн хөндөж байгаа юм. Сумочдын үүх түүх, ололт амжилт, алдаа оноог нь манайхан бүгд мэддэг. Одоо сумог тоохоо больсон, үздэггүй гэдэг ч нэр усыг нь жигтэйхэн сайн мэддэг, барилдаан, мэх бүрийг нь сүрхий яриад сууцгааж байдаг.
Энэ башёд Хакухо аваргын дараа бичигдсэн озэки Кисэносато 1986 онд төржээ. Түүнийг анх 19 настайдаа дээд зиндаанд гарч ирэхэд л япончууд их аварга төрнө хэмээн хүлээж байсан ч тэр хэмжээнд амжилт үзүүлж чадалгүй өдгөө 30 нас хүрч байна. Харин сүүлийн хэд хэдэн башёд Кисэносато тун амжилттай барилдаж байгаа. Гэнэт барилдах арга барил нь өөрчлөгдөн барилдаан нь сайжирсан түүнийг сэтгэлзүйн засал хийлгэсний үр дүнд ийм амжилт үзүүлж эхэллээ хэмээн шуугиж байна.
Ер нь япончууд сумод яагаад монголчууд ийм өндөр амжилт үзүүлээд байгааг судалжээ. Монголчууд байгалиасаа хүч чадалтай төрдөг гэдэг ойлголтыг энэхүү судалгаа үгүйсгэсэн байна. Учир нь бяр чадал, мэх хийх чадвар зэргээрээ япон, монгол сумочид хэн хэнээсээ хэт хол тасарч, сайн муугийн туйлд хүрсэн үзүүлэлт гарсангүй. Аль аль нь унахдаа унадаг, давахдаа давдаг өгөө аваатай байж, яахав бяр чадлын хувьд монголчууд бага зэрэг илүү байж болох ч энэ нь байнга амжилт үзүүлэх үндэслэл болохгүй. Тэгвэл монголчуудын амжилтын нууц нь юундаа байна вэ.
Монгол сумочдын амжилтын нууц нь сэтгэлзүйдээ байдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Тал нутгийн уужуу тайван зан, юмыг өнгөрөөж чаддаг чадвар тэднийг ийм хүчирхэг болоход нөлөөлсөн байна. Монгол аваргын сэтгэлзүйг судлахад “Бид барилдаж олон түмнийг баясгаж байна. Үүний үр дүнд сайхан амьдарна” гэсэн энгийн философитой. Заримд нь энэ философи тун энгийн мэдээжийн сонсогдоно. Зарим нь “Хэзээ байтлаа ингэдэг юм” гэж хачирхана. Яагаад гэхээр орчин үеийн бүх сургаал амжилтын тухай байдаг. “Чи заавал чадна, чи амжилтад хүрнэ” гэх зэргээр зогсоо зайгүй сэтгэл санааг нь нүддэг. Яг амьдрал дээр энэ их өөр. Амжилтад хүрсэн хүмүүс өдөр шөнөгүй ингэж бодоод байдаггүй. Тэд өмнөх ажлаа л хийдэг.
Кисэносатогийн хувьд өмнө нь асар их үзэн ядалт, уур бухимдлаар цэнэглэгдээ юу гэлтэй мэнчийсэн улаан хүн л сумогийн дэвжээнд гардаг байсан. Өөрөөр хэлбэл өстөн дайснаа дарах сэтгэлзүйгээр өвч “зэвсэглэж” гараад унадаг байжээ. “Чи заавал ялна шүү, чи л чадна” гэж зогсоо зайгүй өөртөө шаардаж, өрсөлдөгч бөхөө өстөн дайсан мэтээр санаж гараад өөрөө өөртөө унаж явжээ. Энэ бол ялагдал болгоноо үл зөвшөөрөх арлын жижигхэн сэтгэхүй юм. Орчин цагт үүнийг хотын сэтгэхүй гэдэг. Адгаж яарсан, зөвхөн өөрийгөө бодсон, асуудлын жижигхэн хэсгийг эсвэл нэг талыг нь харж шийдвэр гаргадаг сэтгэхүй.
Харин одоо Кисэносато сэтгэлзүйн засал хийлгээд өөртөө хуримтлуулсан тэр их бухимдал, үзэн ядалтаа сэтгэлээсээ хөөж чаджээ. Тэр уужуу тайвуу бодож, хошин шог ярьж, инээж, нэгнийхээ мөрийг нөхөрсгөөр алгадаж чаддаг болсон байна. Ингээд сумогийн дэвжээн дээр ягаарсан Будда шиг хүн гарч ирдэг болжээ. Түүний нацу башёгийн сүүлийн барилдааныг нь хараарай. Хачин тайван, уужуухан барилдан давж байгаа нь харагдана. Сумогийн тайлбарлагч нар ч Кисэносатог их өөрчлөгдсөн гэж ам уралдан ярьж байна лээ. Ялалт ялагдал, унаж босохын учир, үнэ цэнийг мэддэг болсон болохоор тэр ийм түвшин дөлгөөн болоо биз ээ. Яг үүгээрээ үргэлжлүүлэн барилдвал тун удахгүй хүссэн амжилтдаа хүрч ард олныхоо магнайг тэнийлгэн баярлуулах нь тодорхой. Уужуу тайвуу, юмыг өнгөрөөж чаддаг тал нутгийн зан чанар хүний амьдрал, хувь заяанд хэрхэн сайнаар нөлөөлдгийг үүнээс харж болно.
Ер нь хэн нэгнийг зүхсэн, атаархсан, үзэн ядах сэтгэхүйтэй хүн хол явдаггүй, ажил төрөл нь бүтэмж муутай байдаг. Нэг хүнтэй хэрэлдэж муудчихаад нөгөөхөө бодоод уур нь хүрч дэлбэрчих гээд байвал ядаж эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Цаашлаад сайн бодол санаанууд нь уурандаа шатчихдаг гэж байгаа.
Тиймээс тал нутгийн үндсэн философи бол юмыг өнгөрүүлж сурах. Уужуу тайван бодож, уучилж өршөөх. Ялих шалихгүй зүйлээс болж хүнтэй ам зөрөхийг манай ахмадууд тэвчдэггүй. “Иймхэн юмнаас болж хүнтэй муудаад яахав, дуугүй өнгөр” гэдэг. Ингэлээ гээд чи юугаар ч хохирдоггүй. Харин ч сэтгэлзүйн хувьд бусдыг хүлээн зөвшөөрч, үзэн ядах сэтгэлгээнээс сална гэдэг амьдралыг тун энгийн хялбар болгодог төдийгүй амжилт, нэр хүндийн даллага болдог.
Зочин · 2016/06/01
Kisenosato d bolomj buu Olgo manai nuguu 2 avarga sn baih heregtei bn avarga baij ozeiki d unaj ugch ogt bolohgui shuu amjilt
bi · 2016/05/31
dabgadorgiig zamaasaa zailuulaagui bol tsagiig ezlehuu amjihuu?!
Зочин · 2016/05/31
Нээрээ тийм байна шүү. Бидэнд санаж явахад хэрэгтэй санагдлаа. Хүн уужуу тайван байхад ажил бүтнэ ээ.
Зочин · 2016/05/31
zuv