Ер нь манай тухайд жижиг дунд үйлдвэрлэлийнхэн гэж төрөөс аваад л байдаг нэртэй ч, хэрэг дээрээ гавьтай үр дүнд хүрэхгүй байдаг нь чухам ямар учиртай вэ. Төр бодит дэмжлэгийг үзүүлж чадахгүй байна уу, эсвэл үйлдвэрлэл эрхлэгчдэд өсч дэвжих зах зээл нь байхгүй байна уу гэхчлэн асуудлууд гарна. Тэгвэл сүүлийн байдлаар 3129 төслийн 767.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүлээгдэж байгаа гэх мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 50 тэрбум, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор 100 тэрбум, нийт 150 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан хөнгөлөлттэй зээлд олгосон гэж байна. Тэгэхээр санхүүжилт өгөөч гэсэн, төслөө бэлдсэн нөхдүүдийн эрэлтийг шийдэх тал дээр хийгдэж байгаа алхмууд удаан талдаа байгаа гэж харж болохоор тоон үзүүлэлтүүд л байгаад байна. Түүнчлэн том төслүүдийг дэмжиж гавьдаггүй Хөгжлийн банкны зорилтот зах зээлүүдийн нэг нь яагаад энэ салбар байж болохгүй гэж гэх асуулт бас тавигдсан хэвээрээ байна. Уг нь энэ салбарыг дэмжихийн чухлыг илтгэх шалтгаанууд цөөнгүй байдаг юм билээ. Юу гэхээр дэлхийн хэмжээнд нийт аж ахуйн нэгжийн 95 хувийг жижиг дунд үйлдвэрлэл эзэлдэг бөгөөд тэдгээр нь ажил олгох гол эх үүсвэр, тухайн улсын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь байдаг.

Тэгвэл дэлхийн Хөгжлийн банкуудын 60 хувь нь ЖДҮ-ийн зах зээлийг сонирхдог гэх судалгаа бас байна. Ер нь гадаад зах зээлээс босгосон, өр тавьж олж ирсэн мөнгөө бодит эдийн засагтаа өгөөжтэй зарцуулах нь гол асуудал. Тэгвэл манай улстөрчид тэр мөнгийг Хөгжлийн банкаар дамжуулан зарцуулахдаа Хөгжлийн банкныхаа зорилтот зах зээлийг, тодруулбал санхүүжилт хийх салбаруудыг оновчтой тодорхойлсон эсэх нь асуудалтай юм. Гадны жишгийг харахад Хөгжлийн банкуудын үүрэг болоод үр ашгийг нэмэгдүүлэх арга замын талаар хийгдсэн судалгаанууд байдаг. Тухайлбал, Канадын Бизнесийн хөгжлийн банк 2009 онд олон улсын жишиг тогтоохоор дэлхийн 7 эдийн засгийн бүсийн 92 улсын Засгийн газрын хөтөлбөрүүд болон 373 орны Хөгжлийн банк, Экспортын зээлийн агентлагууд, Хөгжлийн санхүүгийн байгууллага зэрэг хөгжлийн байгууллагуудыг судалсан байдаг. Санал болгож байсан бүх бүтээгдэхүүн, үйлчилгээг онцлон үзэж, тодорхой дүгнэлт гаргахын тулд баримтуудыг судалсны үр дүнд Хөгжлийн банкуудын хамгийн нийтлэг 6 зорилтот зах зээлийг тодорхойлсон байгаа юм. Тэдгээр нь: 1- Бичил-бизнес/эхэлж буй, 2- Жижиг дунд үйлдвэр, 3- Олон улсын худалдаа/даяарчлал, 4- Орон сууцжуулалт, 5- Дэд бүтэц, 6- Хөдөө аж ахуйн салбар тус тус байдаг юм. Тэгвэл эдгээрээс Хөгжлийн банкуудын хамгийн түгээмэл зорилтот зах зээл нь жижиг дунд үйлдвэрлэл байдаг аж. Хөгжлийн банкуудын 60 -аад хувь энэ зах зээлийг сонирхдог. Дэлхийн жишгээр бол жижиг дунд үйлдвэрлэл гэж 5-250 ажилтантай үйлдвэрлэлийг хэлдэг байна. Гэтэл эдийн засгийн чухал хөдөлгөгч энэ хүчнүүдийг зах зээл адилаар авч үздэггүй.

Ялангуяа жижиг дунд үйлдвэрлэлд тавьж байгаа банкны шаардлагууд нь бичил санхүүгийн шийдлийн хувьд дэндүү ахадсан, хэт эрсдэлтэй буюу хэд өндөр өртөгтэй гэж тооцогддог байгууллагын санхүүгийн загварын дагуу үйлчлүүлэхэд дэндүү жижигддэг. Энэхүү жижиг дунд үйлдвэрлэлд шаардлагатай санхүүжилтийн хомсдолыг “дутагдаж байгаа дунд үе” гэж нэрлэдэг тухай судлаачид бичсэн байдгийг бас хэлэх хэрэгтэй болов уу. Манайд ч ийм нөхцөл байдал байгаа. Засгаас энэ салбарыг дэмжих жил энэ тэр гэсэн сүржин уриа дэвшүүлдэг ч хийгдсэн ажлууд нь даржин үзэгдэнэ. Арилжааны банкуудын өндөр шаардлага, өндөр хүүг давах нь ЖДҮ эрхлэгчдийн өмнө тээг болж байгаа том асуудал юм.

Өнгөрсөн хугацаанд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл, Сум хөгжүүлэх сангийн зээл жинхэнэ хүрэх ёстой, хүртээгдэх ёстой субьектүүддээ хүрч дийлэхгүй байгаагийн шалтаг шалтгааныг сайтар анзаарч байх ёстой юм. Бодлого боловсруулдаг яамны зүгээс өгсөн мэдээлэлд дээрх хоёр сангийн шугамаар тэрбум тэрбумаар нь зээл олгож, ажлын байрыг ч нэмэгдүүллээ гээд байдаг ч, нөгөөх Жижиг дунд үйлдвэрлэл нь хөгжиж гавихгүй байдаг нь хэд хэдэн шалтгаантай гэгддэг.

Энэ салбарыг хөгжүүлэх зорилготой зээл нь арилжааны банкаар дамжихдаа зээлийн эдийн засагчдын үзэмжээр хуваарилагддаг жишиг хэдийнэ тогтсон гэдгийг хэлэх эх сурвалжууд бий. Мөн орон нутгийн тухайд аймаг, сумын засаг даргатай танил, ойр хүмүүс л зээлд хамрагдаж чаддаг нь хэдийнэ тодорхой болсон зүйл. Тэгэхээр энэ салбар тийш зүглэсэн дэмжлэг ийм буруу жишгээр явж байхад юуных нь хөгжил дэвшил байх юм бэ. Жижиг, дунд үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк, өртгийн сүлжээ, кластерын тогтолцоонд шилжүүлэх, стандартын шаардлага хангуулах. Инноваци нэвтрүүлэх, техник, технологио шинэчлэх боломжийг нь өргөжүүлж өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх гэхчлэн хэчнээн зорилтыг тавиад хүрч дийлэх үү. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг хамгийн сайн, шалгарсан төслүүдэд олгоно гэдэг ч хэрэг дээрээ хамгийн сайн танилтай, артай аж ахуй нэгжид л олгодог жишиг сүүлийн жилүүдэд тогтчихоод байгаа нь, зээлийг яг хэрэгцээ шаардлагатай байгаа бүлэгт нь хүргэх тал дээр илүүтэй анхаарах шаардлагыг холбогдох нөхдүүдийн өмнө хурцаар тавигдахад хүргээд байна. Энэ салбарт хийж бүтээх эрмэлзэл дүүрэн байгаа аж ахуй нэгжүүд зүгээр мөнгө гуйгаагүй. Хүүтэй зээл авахыг л хүсч буй. Тэгээд ч долоон хувийн хүүг нь банк болоод сан хоёр хувааж авдаг шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан нь эрхэм зорилгоо “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлж, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршино.” хэмээн тодорхойлдог юм билээ.

Түүнчлэн:

ЖДҮ эрхлэгчдэд зориулж урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгох;

Ажлын байр шинээр бий болгосон ажил олгогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

ЖДҮ эрхлэгчдэд санхүүгийн түрээс /лизинг/-ээр үйлдвэрийн тоног төхөөрөмжийг авч ашиглахад дэмжлэг үзүүлэх;

Төслийн гүйцэтгэл дээр хяналт тавих;

Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор санхүүжилт, дүрэм журмыг бий болгож дотоодын болон гадаад улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах;

ЖДҮ эрхлэгчдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;

Зээлийн батлан даалтын үйлчилгээ үзүүлэх; гэхчлэн ихээхэн том том зорилтуудыг урдаа тавьсан байдаг юм билээ. Тэгвэл эдгээр зорилтууд дээрээ нэг чухал зорилтыг нэмж оруулах ёстой болоод байна. Жинхэнэ хийж бүтээх гэсэн, оюуны болон материаллаг үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх гэсэн аж ахуй нэгжүүдэд тэр зээлийн хөрөнгө мөнгийг хүргэхэд анхаарах нь уг нь жижиг асуудал биш юм.

Эх сурвалж: Э.Болор, Шуурхай.мн