СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Мэдээлэл судалгаа арга зүйн хэлтсийн ахлах реферант Т.Гүенбаатар нар өчигдөр сэтгүүлчдийг саналын хуудасны хэвлэлтийн явцтай газар дээр нь танилцууллаа.

 

Саналын хуудас хэвлэх ажил даваа гарагаас “Мөнхийн үсэг” компанид эхэлсэн. Одоогоор хэвлэлийн явц 50 хувьтай байна. Саналын хуудсыг тусгай хээ бүхий Канадаас оруулж ирсэн цаасан дээр хэвлэж байгаа тул дуурайлгах ямар ч боломжгүй аж.

 

Саналын хуудас А4 хэмжээнээс яльгүй том байх бөгөөд 595 төрөл, 2 сая орчмыг хэвлэх юм. Саналын хуудасны эх бэлтгэл, хэвлэх, боож баглах, хүлээлцэх явцад хэвлэх үйлдвэрийн ажилчдаас гадна тусгай ажлын хэсгийн гишүүд, нам, эвсэл, төрийн бус байгууллагын ажиглагчид ажиглаж байна.

 

Аюулгүй байдлын хувьд Төрийн тусгай хамгаалалт, ЦЕГ, ТЕГ-ын ажилтнууд хариуцаж байгаа юм. Тээвэрлэлтийн хувьд авто замаар болон онгоцоор орон нутагт хүргэх гэнэ.

 

Саналын хуудсыг санал авах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргэхээр тооцож хэвлэлтийн үйл ажиллагааг явуулж байна.

 

О.Түвшин