Гадаад хэргийн сайд "Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг хүчин төгөлдөр болгоход дөхөм үзүүлэх 9-р бага хурал"-д оролцлоо
2015/10/01
4
Нью-Йорк хотноо 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр болсон “Цөмийн туршилтыг бүрэн хориглох Гэрээг хүчин төгөлдөр болгоход дөхөм үзүүлэх 9 дүгээр Бага хурал”-д Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэв. Гэрээг хүчин төгөлдөр болгох нь цөмийн зэвсгийг хураах чиглэлээрх дэлхийн нийтийн хүч чармайлтад чухал үүрэгтэйг тэрээр онцлов.
Цөмийн зэсгийг үл дэлгэрүүлэх, цөмийн зэвсгийг хураах зорилтыг Монгол улс дэмжиж, хувь нэмрээ оруулахыг зорьж ажилладгийг сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглэж, 1992 онд өөрийн газар нутгаа цөмийн зэвсэггүй бүсээр зарласан, 1997 онд Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд нэгдэн орж, холбогдох талуудтай хамтран ажиллаж байгааг дурдав.
Бүх бүс нутгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө улс орон бүр хувь нэмрээ оруулж, хүч чармайлтаа эрчимжүүлэхийг сайд Л.Пүрэвсүрэн уриалж, Бага хурлаас батлах Төгсгөлийн баримт бичгийг Монгол Улс дэмжиж байгааг тэмдэглэв.
Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээнд Монгол Улс 1996 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гарын үсэг зурж, 1997 оны 8 дугаар сарын 8-ний өдөр соёрхон баталсан болно.