“Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” батлагдлаа
2016/01/04
Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталлаа. Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талын талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Монгол Улс аюулгүй байдлаа баталгаажуулах, өөрийн улсын язгуур эрх ашгийг хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх гадаад бодлогын зорилтоо зөөлөн хүчний (soft power) зарчмаар хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгч байна. Зөөлөн хүч нь цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчээр давамгайлан шийдвэр гаргуулдаг хүчний тэнцвэр (balance of power)-ийн олон улсын харилцаанаас үндсээрээ ялгаатай бөгөөд тухайн улсын ард түмэн, тэдний үзэл бодолд өөрийн улсын талаар зөв мэдээллийг хүргэх гадаад сурталчилгаа юм.