Гадаад хэргийн сайд Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяартотой уулзав
2016/01/26
Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияртотой тус улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр уулзав. Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн өнгөрсөн 2015 онд Унгар Улсын Ерөнхийлөгч болон Гадаад хэрэг, худалдааны сайд тус тус Монгол Улсад албан ёсоор айлчилсан, тус улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн зэрэг нь Унгар Улс нь Монгол Улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч буйн илрэл болохыг онцлоод, хоёр орны хооронд бүрэлдээд буй өндөр түвшний улс төрийн харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтын үеэр талууд Сонгино дахь “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газарт Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр иж бүрэн шинэчлэл хийх зээлийн хэлэлцээрийг Унгар Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр байгуулсан нь хоёр улсын хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг тэмдэглэв. Дээрх төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийн санхүүжилтийг гуравдагч эх үүсвэрээс гаргах боломжтой талаар Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд дурдав.