ШУУРХАЙ МЭДЭЭ
2016/02/07
2016 оны 2 дугаар сарын 6-ны 03:50 цагт Тайванийн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн төв нь Тайнань хот орчмын нутаг дэвсгэр байсан бөгөөд ойролцоох Гаосюн, Ишоу хотууд болон арлын хойд хэсэгт оршдог Тайбэй хотод газар хөдлөлт хүчтэй мэдрэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар /2 дугаар сарын 8-ны өдрийн 09.00 цаг/ газар хөдлөлтийн улмаас 36 хүн амь үрэгдэж, 113 хүн сураггүй байгаа бөгөөд аврах баг нийт 310 хүнийг аварснаас 100 гаруй хүн нь бэртлийн улмаас эмнэлэгт хүргэгджээ.
Тайнань, Гаосюн, Ишоу хотын их, дээд сургуульд 130 орчим монгол оюутан суралцдаг. Тэдний дийлэнх нь хаврын баярын амралтаараа нутаг буцаж, Тайнань хотын 3 их сургуульд суралцдаг 30 гаруй монгол оюутан нутаг буцалгүй үлдсэн байна.
Дээрх монгол оюутнууд газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртээгүй бөгөөд Тайбэй хот дахь Улаанбаатар хотын худалдааны төлөөлөгчийн газраас Тайваньд оршин суугаа нийт монгол иргэддээ хандсан анхааруулгыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан хүргэхээс гадна утсаар байнга холбогдон мэдээлэл, зөвлөгөө өгч байна. Мөн төлөөлөгчийн газрын зүгээс ослын бүс нутагт байгаа монгол иргэдтэйгээ ойрын хугацаанд очиж уулзахаар төлөвлөж байгаа болно.