“Монголын соёлын өдөр” арга хэмжээг Улаан-Үд хотноо зохион байгууллаа
2016/02/18
Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойг тохиолдуулан хоёр тал 2016 оны туршид улс төр, эдийн засаг, боловсрол, соёл урлагийн чиглэлийн олон хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна.
Энэ хүрээнд 2 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд “Монголын соёлын өдөр” арга хэмжээг Буриадын нийслэл Улаан-Үд хотноо зохион байгуулав. Тус арга хэмжээнд Гадаад хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улаан-Үд дэх Монголын Ерөнхий консулын газар /ЕКГ/, Шинжлэх ухааны академи, Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо, ҮДБ-ийн “Түмэн эх” чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Монгол Костюмс” ХХК-ийн төлөөлөгчид оролцов.
“Монголын соёлын өдөр”-өөр Соёл, боловсрол, музейн хамтын ажиллагааны асуудлаар хоёр талын албан ёсны уулзалт, Шинжлэх ухааны академиудын хүрээнд дугуй ширээний ярилцлага, П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллеж-д Монгол, Буриадын урлагийн хамтарсан тоглолт, “Үзэсгэлэнт Монгол орон” гэрэл зургийн үзэсгэлэн зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ЕКГ-аас хүндэтгэлийн хүлээн авалт хийв.
“Монголын соёлын өдөр” арга хэмжээг зохион байгуулахад Буриадын талаас Засгийн газрын орлогч дарга В.Э.Матханов, Соёлын яамны сайд Т.Г.Цыбиков, Ардын хурлын депутат А.Д.Цыбиков, П.И.Чайковскийн нэрэмжит Урлагийн коллежийн захирал Б.Б.Турбянов болон бусад холбогдох байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллав.