“Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөл хуралдав
2016/02/26
“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Зөвлөлийн анхдугаар хурлыг Гадаад хэргийн сайд, Зөвлөлийн дарга Л.Пүрэвсүрэн удирдан хийлгэв.
Монгол судлалыг дэмжих, хилийн чанадад буй монгол иргэд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг бүрдүүлэх, тэдний хүүхдүүдэд монгол хэл, ёс заншил, түүх, соёлын чиглэлээр суурь чадамж эзэмшүүлэх, өндөр технологи, инновацийг нутагшуулах, иргэдийн холбоодыг дэмжих, монгол хэл, соёл, урлаг, заншлыг өвлөгч ард түмнүүдтэй харилцах талаар Хөтөлбөрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны дунд хугацааны төлөвлөгөөг энэхүү хурлаар хэлэлцлээ. Төлөвлөгөөг ойрын үед Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
Зөвлөлийн дэд дарга бөгөөд БСШУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, мөн Зөвлөлийн гишүүд ИХШХЕГ, УБСЕГ-ын дарга нар, БОНХАЖЯ, ХАХНХЯ, ГХЯ-ны газрын захирлууд, Дэлхийн Монголчууд ТББ, Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ, Цахим өртөө ТББ-ын тэргүүн, удирдах зөвлөлийн гишүүд энэхүү хуралд оролцлоо.