Туркийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогчтой уулзав
2016/03/10
Монгол Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг 2016 оны 3 дугаар сарын 9-нд Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, ноён Али Кемал Айдинтай Анкара хотноо уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцав.
Ноён Али Кемал Айдин хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа амжилттай хөгжиж буйг тэмдэглээд, цаашид харилцааны түвшинг ахиулж, стратегийн түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх боломжийн талаар ярив.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг өнө эртний соёлын хэлхээ, холбоотой Турк улсад айлчилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг цаашид эрчимжүүлэхэд удахгүй Улаанбаатар хотноо болох Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засгийн хамтарсан хорооны VIII хуралдаан ихээхэн ач холбогдолтой болохыг онцлов.
Мөн Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Туркийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч, ноён Али Кемал Айдин нар олон талт хамтын ажиллагаа, түүний дотор НҮБ-ын хүрээнд хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар санал солилцов.
Уулзалтад Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Батхишиг, Истанбул хот дахь Ерөнхий консул Э.Мөнх-Очир болон Монгол, Туркийн Гадаад хэргийн яамны албаны хүмүүс оролцов.