“Ази дахь ардчилсан шилжилт” олон улсын семинар болж байна
2016/03/21
Гадаад хэргийн яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй хамтран “Ази дахь ардчилсан шилжилт” сэдэвт олон улсын семинарыг 3 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тус семинарын гол зорилго нь ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын олсон ололт амжилт, тулгарсан сорилтуудыг бусад улс орнуудтай хуваалцах, ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Семинарт Афганистан, Бутан, Камбож, Киргиз, Непал, Мьянмар, Зүүн Тимор, Шри Ланк, Индонез, Лаос зэрэг 10 гаруй орны Засгийн газрын болон иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож, ардчиллын үнэт зарчим болсон сонгуулийн асуудлаар илтгэл тавьж, санал бодлоо солилцоно.
Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг семинарыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 26 жилийн өмнө ардчилсан тогтолцоонд шилжиж анхны бие даасан, хараат бус сонгуулийн байгууллага байгуулагдаж, сонгуулийн эрх зүйн орчин, сонгуулийн тогтолцооны хувьд бүс нутагтаа үлгэр жишээ үзүүлэхүйц улс болж байгааг онцлов. Мөн тэрээр өөрийн орны туршлагыг ардчилалд шилжиж буй бусад улс оронтой хуваалцаж, хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлсэн байна.
Семинар бүтэн 2 өдрийн турш үргэлжилж Ардчиллыг хөгжүүлж байгаа туршлага, сонгуулийн сургамж болон сонгуулийг шударга, нээлттэй явуулах боломж зэрэг асуудлаар төрийн болон иргэний нийгмийн төлөөлөгчид санал бодлоо солилцоно.