Монголынхоо утга зохиолыг дэмжиж саналаа идэвхитэй өгөхийг уриалж байна
2016/07/12
Дуулиант 90 оныхны нэг яруу найрагч, зохиолч Б.Батрэгзэдмаагийн “Очир эрхшээгч” хэмээх сэтгэлгээний романыг утга зохиолд шимтэгчид андахгүй мэднэ. Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагийг олж буй тухай өгүүлдэг юм.
Зохиолч Б.Батрэгзэдмаа “Очир эрхшээгч” ном “AMAZON”-ны номын талбарт өрсөлдөж байна. Энэ талаар зохиолч бүсгүй “Дорнын их яруу найрагч Б.Явуухулан нэгэнтээ “Шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн хэлсэн билээ. Энэ алдарт үг бол Монголын зохиолчдын орь хүслийн уриа үг юм. Тийм ээ, өнөөдрийн монголчуудын маань оюуны сэтгэлгээ аль ч талбарт дэлхийн хэмжээнд явж байна. Миний “Очир эрхшээгч” номыг манай уншигчид, гадаадад амьдран суугаа Монголчууд маань, мөн монголч эрдэмтэд хүртэл уншиж, орчуулан гаргах санал хүсэлт тавьж “VAJRA” буюу “Очир” хэмээх нэртэйгээр Америкийн “AMAZON”–ны “Kindle Scout”-аас зөвшөөрөгдөж, номын талбарт өрсөлдөхөөр гарч ирсэн юм" гэсэн удаатай. Тэгвэл түүний тус бүтээлийг ийн нийтлэхийн тулд онлайнаар санал хураалт авч байгаа бөгөөд 20 мянган уншигчдын санал авсан тохиолдолд хэвлэх юм байна.
Санал авалт долоодугаар сарын 2-ноос наймдугаар сарын 1-нийг хүртэл явагдана. Уншигч та бүхэн Монголынхоо утга зохиолыг дэмжиж саналаа //kindlescout.amazon.com энэ линкээр орж өгөхийг уриалж байна. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллийг зохиолч Б.Батрэгзэдмаагийн цахим хаяг Batregzedmaa Bayartogtokh орж авах боломжтой