Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Люксембургийн Их гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттелийг хүлээн авч уулзав
2016/07/15
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттелийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарт хотноо болж буй АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад Люксембургийн Их Гүнт Улсаас өндөр түвшинд оролцож буйд талархал илэрхийлж, энэ онд Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойтой тохиож байгаад баяр хүргэлээ.
Люксембургийн Их Гүнт Улсын Ерөнхий сайд Ксавье Беттель Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар томилогдсонд нь баяр хүргээд АСЕМ-ын уулзалтад оролцох үеэрээ хоёр талын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдийн явцтай танилцана гэв. Тус улсаас алсын зайн оношилгооны чиглэлээр төсөл хэрэгжиж, энэ хүрээнд хоёр эмч ажиллаж байгааг тодотголоо.
Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын банк, санхүү, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа тууштай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд эдгээр салбарын цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр ажиллах, хамтын ажиллагааг урт хугацаанд бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.