Мэргэжлийн Засгийн газрын салбарын сайд мэргэжлийн байж л Монголыг хямралаас гаргаж чадна
2016/07/27
УИХ-д олонхи болсон МАН-ын мөрийн хөтөлбөрт “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” гэсэн бий. Харин Мэргэжлийн засгийн газар гэж юу вэ. Технократ хүмүүсээс бүрдсэн Засгийн газрыг дэлхийн улсуудад мэргэжлийн гэж онцолдог. Энэ хүн улс төрийн системийн шинэ онол гаргаж эх орноо улс төрийн хямралаас аварсан, эдийн засгийн зөв гарц олсон, технологийн шинэ нээлт хийж олон улсын шагнал хүртсэн гавьяатай хүмүүс байдаг. Мэргэжлийн гэж нэрлэгдсэн “Технократ” Засгийн газар ямар байх ёстойг тов тодоор тодорхойлсон зүйл ч бий. Олон улсын хэмжээний лобби хийж гадны зах зээлээс захиалга тендер авч, ард түмнээ өндөр цалинтай, оюунлаг ажлын байраар хангадаг засгийн газрыг дэлхийд мэргэжлийн гэж онцолдог юм. Технократуудаас бүрдсэн засгийн газрыг байгуулсан улс бол АНУ болон Азийн бар улсууд. Тэд өнөөдөр ч энэ зарчмаар ажиллаж байна.
Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед мэргэжлийн засгийн газартай байх нь өнөөгийн Монголд нэн хэрэгтэй амин тариа ч болж мэднэ. Шуудхан хэлчихэд мэргэжлийн засгийн газар ус, агаар мэт хэрэгтэй байгаа тул мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж байж л хүндрэлээс гарна. Албаа аваад удаагүй Ерөнхий сайдын хувьд Засгийн газрынхаа сайд нарыг мэргэжлийн гэж тодорхойлж байгаа. Гэвч Засгийн газрын шинэ сайд нарт нийгэм нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа нь нууц биш ээ.
Мэргэжлийн гэх тодорхойлолтонд багтах шинэ гүйцэтгэх засаглалын гишүүдийн нэрсээс АТГ-аас Барилга хот, байгуулалтын сайдад санал болгосон Г.Өнөрболор, Эрчим хүчний сайдад нэрийг нь дэвшүүлсэн Ц. Цэнгэл, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь өгөөд байгаа Ц. Анандбазар, Эрүүл мэндийн сайдад зүтгүүлж буй Ж.Цолмон нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж анхааруулсан учраас нэрийг нь түдгэлзүүлсэн. Гэтэл өдгөө нөгөөдүүлээ хүртэл ашиг сонирхлын зөрчилгүй гэж яриад дүгнээд эхэллээ. Бүр салбарынх нь ТББ-аас дэмжих хандлага ажиглагдаж байна. Уг нь учир мэдэх нэгэнд барилгын салбар чухал салбарт тооцогддог. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт, цаашлаад Монголын гадаад харилцаанд нь ч томоохон түлхэц болохоор салбар. Мэргэжлийн бус хүнд энэ салбарыг толгойлуулж хувь заяаг нь даатгана гэдэг арай л хөнгөдсөн асуудал гэж салбарынхан санаа алдаж суугааг энд хэлэх нь илүүц биз. Салбарынхаа жаргал зовлонг мэддэг, дээр нь бодлого тодорхойлох түвшний “толгой”-гоор яамыг удирдуулж салбарыг нь хариуцуулах нь зүйтэй гэсэн зөвлөгөөг гүйцэтгэх засаглалын тэргүүн анхааран ажиллаж байгаа байх л даа. Барилга, дэд бүтцийн ажлаас баахан мөнгө унагадаг гэж харахаасаа илүү ирээдүйд эх оронд маань хэрэгтэй ул суурьтай ажил хийчих чадалтай тэнхээтэй хүн олж тавиасай гэсэн хүлээлт нийгэмд байгаад байна. Сонгуульд ялалт байгуулсан нам нь засгаа бүрдүүлдэг тэр л зарчмаараа улс төрийн албан тушаалын хүртээлт өрнөж буй ч аль нэг намын ялалт гэхээсээ илүү гурван сая хүний ирээдүй, эх орны хөгжил цэцэглэлтийн асуудал гэдгийг заавал бодолцох учиртай.
Олон мянган гишүүнтэй МАН-д барилгын салбарыг сэпхийтэл өргөөд удирдаад босгоод чиглүүлээд явчих боловсон хүчний нөөц бий. Аман тохироо албан тушаалын бялуу хуваарилалтыг цэгцэлж онцгой салбарууддаа чадалтай чадвартай мэргэжилтэндээ даатгаж хэвшицгээе. Гүйцэтгэх засаглалыг бялуу хуваах бус ажил хөдөлмөр, алс хэтийн ирээдүйд хүрэх замаа харж, салбаруудаа мэргэшсэн мэргэжилтэнд нь даатгаж гэмээнэ Монголын нийгэмд тогтсон буруу жишгийг халж, мэргэжлийн гэж улиглаад байдгийн учгийг тайлж дараа дараачийн Засгийн газар дагаж мөрдвөөс зохилтой зарчмын асуудал гэдгийг ойлгуулах тод зөв жишээ болно. Мэргэжлийн Засгийн газрын хийж бүтээсэн ажил хэмээн дөрвөн жилийн жилийн дараа ам бардам хэлэх итгэлийн үзүүр энд зангигдана.
Эцэст нь сануулахад, 2014 оноос эхэлсэн хямралыг олон улсын шинжээчид гаднаас нөлөөлсөн хүчин зүйл байхгүй, зөвхөн өөрсдөөсөө болж хэцүүдсэн гээд дүгнэснийг энд дахиад сануулчихад илүүдэх юун. Улс орноо хямралаас гаргах ганц л зам бий. Тэр нь мэргэжлийн Засгийн газрыг байгуулах... Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн асуудал. Монголчууд бид ч мэргэжлийнхээ боловсон хүчиндээ итгээд сэтгэл амар суух эрхтэй. Ажил хийдэг хүн хэрэгтэй болохоос амбицладаг аль эсвэл алийгаа мэдэхгүй самардаг хүнийг алхам ч ойртуулж үл болох салбар бол барилгын салбар. Шинэ Засгийн газар өнөөгийн хямралыг хурдан хугацаанд бага эрсдэлтэйгээр анагаая гэвэл жинхэнэ утгаараа салбарынхаа яаманд ажиллаж жаргал зовлонгоо хуваалцаж байсан хүмүүсээр мэргэжлийн багаа бүрдүүлэх учиртай...
А.Туяа
Зочин · 2016/07/27
nice
Зочин · 2016/07/27
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.
ганаа · 2016/07/27
Вакуум цонхонд зориулагдсан ялаа шумуулын сөхөж,хураагддаг торыг захиалгаар чанартай хийж бна.Баталгаа 3 жил.Үнэ 35000төг.Орос тех.Утас:95000020,95050020