"Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкент хотноо болоход “Алдар” спорт хороо, “Yokohama Mongolia” компанийн тамирчин, “Монголын үндэсний их сургууль”-ийн оюутан М.Анхцэцэг эх орныхоо алтан соёмбот далбааг харийн тэнгэрт мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн. Үүгээрээ тэр өөрийнхөө болон Монголынхоо хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчдын амжилтыг хөтлөөд буй юм. Бид М.Анхцэцэгийг “Гэрт нь” буландаа урьж, оролцуулснаа олимп эхлэхэд тавхан хоног үлдээд буй энэ торгон агшинд дахин нийтэлж, уншигч танаа хүргэж байна.

 

... Бидний яриа түүний амжилт үзүүлсэн сүүлийн тэмцээний талаар эхэлсэн. Тэрбээр “Олимпийн эрх олгох болон олимпийн өмнөх тэмцээн гэдгээрээ онцлог болсон. Олон ч сайн тамирчин ирсэн байсан. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа нийт 15 тамирчин өрсөлдсөнөөс эмэгтэй баг үүргээ сайн биелүүлсэн. Одоогоор миний хамгийн эхний төлөвлөгөө “Рио-2016” олимпид чадах бүхнээ дайчилж, сайн өрсөлдөх. Үүний дараа ирэх арваннэгдүгээр сард оюутны ДАШТ, Азийн АШТ зэрэг томоохон тэмцээн хүлээж байгаа” гэв.

Тэрбээр алдарт Эйфелийн цамхаг болон зааны сувенир цуглуулдаг. Ихэнхийг нь зочилсон улсуудынхаа дэлгүүрээс дурсгал болгож худалдан авчээ.

М.Анхцэцэг 10 настайгаасаа энэхүү спортоор хичээллэсэн юм билээ. Тийм жаахан охин “Төмөр өргөнө” гэхэд нь анхны багш Цэрэнням “Чи энэ спортоор хичээллэвэл тохирно” гэж улам урам нэмжээ. Тэрбээр тухайн үед 10 кг-ын штанг өргөж чадсандаа ихэд баярласан гэдэг. Ийнхүү сонгосон спортоо аав, ээждээ хэлэхэд огт зөвшөөрөөгүй гэсэн. Өдөр болгон л “Чи тэр хүнд спортоо орхи” гэж хэлж байсан аж. Гэвч тэрбээр мөрөөдлөө орхихыг хүсээгүй учир нууцаар бэлтгэл хийдэг байжээ. Өнөөдөр түүний аав “Эхнэр бид хоёр ууган охиноо энэ спортоор хичээллүүлэх тун дургүй байсан. Ер нь аав, ээжүүд охин хүүхдээ үзэсгэлэнтэй, мисс болгохыг мөрөөддөг шүү дээ. Гэтэл энэ нөхөр “Төмөр өргөнө” гээд байхаар нь чадлаараа хориглосон боловч дийлээгүй. Харин одоо эргээд бодоход охин маань буруу “юм руу” зүтгээд байгаагүй юм байна. Уг нь би Анхааг хөнгөний ангид оруулах гэж байсан юм л даа. Гэтэл өөрөө энэ спортыг сонгосон” хэмээн хуучилж сууна.

“Ази тивийн аварга боллоо гэхэд нь та нар хэрхэн хүлээж авсан бэ гэхэд “Өмнө нь бараг догдлоогүйгээрээ хөөрсөн. Охин маань зөвхөн биднийг биш, Монголчуудаа тэгж догдлуулсан байх. Би ээж, дүү нартай нь тэмцээнийх нь дүнг интернэтээр харж суусан юм. Бас болоогүй ээ, эд нарыгаа тойруулж суулгахдаа бүгдэд нь Анхаагийн цамцыг бариулаад захыг нь мушгиулсан. Түрүүллээ гэж зарлахад дүү нар нь хашгиралдаж гүйлдээд л бөөн юм болсон. Хамар хашааны айлын хүмүүс ч бидэнд баяр хүргэхдээ “Манай гудамж Азийн аварга цолтонтой хамт амьдарч байсан юм байна шүү дээ” гэсэн. Тэгэхэд нь миний нүдэнд нулимс цийлэгнээд үг хэлье гэж бодсон ч дуу гараагүй” гэлээ. Яг тэр мөчид эргээд очсон мэт сэтгэгдлэл надад төрөв. Тэр цааш ярихдаа “Ирэх олимпид охин маань сайн оролцоосой. Энэ л бидний хүслэн болоод байна” гэхээр нь “Та Бразил руу хамт явах уу гэж асуухад “Арай амжихгүй байх аа. Телевизээрээ л дэмжинэ дээ. Ээж, дүү нарыг нь бас тойруулж суулгаад цамцных нь захыг мушгиулна” гээд инээж байв. Түүнчлэн “Ер нь залуу хүнд боловсрол хэрэгтэй. Одоогоор зорьсон зорилгодоо хүрэг. Дараа нь боловсролд нь анхаарна аа” гээд аав хүний холч ухаандаа бодож явснаа нуугаагүй юм.

Бага дүү М.Эрдэнэбат нь сургуулийнхаа тооны аварга шалгаруулах тэмцээнээс болон “Тэмүка” өндгөн шоколадны доторх эвлүүлдэг тоглоомыг хэн хурдан эвлүүлэх вэ уралдаанд оролцож түрүүлээд алтан медаль хүртсэн гэсэн.

М.Анхцэцэгийн хоёр дахь багшийг Т.Чулуунпүрэв гэдэг. 2008 оны наймдугаар сард энэ хүнтэй багш, шавийн барилдлагатай болсон бол дараа нь нэгэн цагт Монголын хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, олимпийн наадмыг шүүх эрхийг хүртэл гардсан Б.Гансүх агсны удирдлага дор бэлтгэл хийж байсан бол хүндийн өргөлтийн шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбишийн шавь болж, өдгөө Ц.Хосбаярын удирдлагад хичээллэж, гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.

М.Анхцэцэгээс “Ялангуяа эмэгтэй хүн байж яагаад энэ их хүнд спортоор хичээллэх гэж дурласныг нь лавлахад “Хүн бүрийн харах өнцөг өөр шүү дээ. Жишээ нь, аль нэг цэцэг надад таалагдлаа ч магадгүй танд тийм ч сайхан харагдахгүй байж болно. Үүнтэй адил энэ спорт надад яагаад ч юм сайхан санагдсан. Юугаа ч мэдэхгүй жаахан хүүхэд байхдаа би зүрх сэтгэлээ дагаад л орсон. Тэр цагаас хойш би найм дахь жилтэйгээ золгож байна. Хүндийн өргөлт хамгийн хүнд спортын нэгд зүй ёсоор ордог. Нэрийг нь хүртэл “Хүнд” гэж өгсөн байгаа биз дээ. Энэ хугацаанд би шантарсан ч зорилгодоо хүрч байж л сална гэж бодоод зүтгэсэн. “Шантрах байсан юм бол яах гэж эхэлснээ сана” гэх үгийг би байнга бодож, өөрийгөө хурцалдаг. Эмэгтэй хүнд энэ спорт хүнд ч би зорилгодоо хүртлээ ухрахгүй ээ. Тэр зорилгын маань эхнийх нь олимпийн аварга болох” гээд өөртөө итгэлтэйгээр хэлэх нь ирэх олимпийн наадам сэтгэлд нь багтаж байгааг илтгэх мэт.

М.Анхцэцэг эзэн хааны нэрэмжит цомын тэмцээнд 2011 онд оролцохдоо үүнийг хүртжээ. Цаана нь ч нэлээн хэдэн цом харагдсан.

Танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн байдаг уу гэж асуухад “Байхгүй ээ. Хүндийн өргөлтөөр хичээллэж эхэлснийхээ нэлээн сүүлд өвөөгийнхөө төрсөн эгчийн гэр бүлийн хүнийг 1972 оны Мюнхений олимпийн наадамд хүндийн өргөлтийн төрлөөр оролцож, 17 дугаар байр эзэлж байсныг сонссон. Тэр хүнийг С.Доржханд гэдэг. Хүмүүс андахгүй дээ. Монголын домогт тамирчдын нэг. Гэхдээ энэ хүн надтай цусан төрлийн холбоотой биш болохоор удамшсан гэж байгаа юм биш. Танд сонин болгож л хэлж байгаа юм” гэв.

Түүний бэлтгэл долоо хоногт хэрхэн үргэлжилдэг талаар сонирхоход “Ням гарагаас бусад өдөр бэлтгэлтэй байдаг. Зарим үед нэг өдөр хоёр ч удаа бэлтгэл хийх тохиолдол бий” гэсэн юм. Тэр ярианыхаа дунд “Манай спортыг сайн ойлгодоггүй хүмүүс хааяа надаас инээдтэй юм асуудаг. Жишээ нь, “Намайг нэг өргө дөө” гэдэг. Үүнийг би олон хүний амнаас сонссон. Мөн “Та нар бэлтгэл хийж байна гээд нөгөө төмрөө өргөөд л байх уу. Усанд явж байхад таарвал “Чи усыг аймар ихээр нь авдаг байх даа” гэх мэтээр ярьдаг. Намайг чадалтай байх гэж боддог болохоороо тэд ингэж асуудаг байх. Уг нь манай спорт чинь хүч чадлаас илүү техник, хурд чухал. Бөхийн спорт өрсөлдөгч хүнтэйгээ ажилладаг бол манайх амьгүй биетийг амьтай мэт төсөөлж, өргөдөг. Тиймээс өөрөө өөрийгөө ялан дийлэх ёстой” гэлээ.

Тэмцээнд оролцож байхдаа штангаа хараад “Ямар хүнд харагдаж байна аа” гээд сүрдэж байв уу гэхэд “Тийм юм байна шүү дээ. Штангны захилгыг багш өгдөг юм. Бэлтгэлийн үеэр 100 кг-ыг өргөдөг байсан миний амжилтыг багш ахиулахын тулд 2-3 кг нэмчихвэл нэлээн хүнд болсон юм шиг харагддаг. Энгийн хүмүүс 2-3 кг бараг ялгаагүй юм шиг санадаг бол бидэнд нэг кг хүртэл асар их ялгаатай. Гэхдээ бид яг өргөх үедээ айж болохгүй. “Айж байгаа бол штанганд битгий ор” гэсэн үг ч бий. Хэрвээ айх юм бол биеэ барьдаг. Тэгэхээр булчин чангарч, өргөж чадахгүй болно. Магадгүй бэртэл авч ч болзошгүй шүү дээ. Энэ спортоор хичээллэгсэд байнга штанг өргөдөг болохоор ямар нэгэн уут, цүнхтэй зүйлийг өргөж үзээд л хэдэн кг байгааг нь багцаалддаг. Энэ нь мэргэжлийн онцлог гэх үү дээ” гэв.

Тэрбээр саяхан болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд огцмоор 112, түлхэлтээр 132, нийлбэр дүнгээр 244 кг-ыг өргөж аварга болсон. Харин бэлтгэлийн үеэр үүнээс илүү өргөдөг эсэхийг лавлахад “Огцом, түлхэлтээр 120-150 кг-ыг өргөдөг. Гэхдээ би сая болсон тэмцээний өмнө тохойндоо бага зэрэг бэртэл авсан байсан болохоор дорвитой бэлтгэл хийж чадаагүй” гэсэн юм.

Хүндийн өргөлтийн спортоор хичээллэвэл зардал өндөртэй юу гэхэд “Өндөр, өндөр. Ер нь ямар ч спортын төрлөөр хичээллэхэд зардал их гардаг шүү дээ. Бид нэг өдөр бэлтгэл хийхдээ нийлбэр дүнгээр 10-12 тонн штанг өргөсөн байдаг. Тэгэхээр маш их хэмжээний хүч зарцуулсан гэсэн үг. Тиймээс бид үүнийг уургаар нөхдөг ч 100 хувь эргүүлж авахгүй. Гэхдээ аль болох нөхөхийг хичээдэг. Химийн аргаар ингэж нөхөхгүй бол тэмцээний үеэр цуцах тохиолдол их байдаг. Хэрэглэлийн хувьд ярихад “Addidas, Nike”-ийн оригналь кет 200, трико 400 гаруй, бугуйны боолт 50, өвдгөвч хосоороо 100, штанг зургаагаас 10 мянган ам.доллар байдаг” гэв.

Түүний хэтийн зорилго өөрийн гэсэн клубтай болох юм билээ. Тамирчны замнал залуу насанд л өнгөрдөг болохоор хэзээ нэгэн цагт зодог тайлахаараа энэхүү мөрөөдлөө биелүүлэхээр хичээнэ гэсэн шүү. Мөн дунд сургуульд байхдаа яруу найраг сонирхдог байснаа хэлсэн.

Түүнээс спортын буянаар хэдэн оронд очсоныг нь асуухад “Арваад оронд очсон. Хүмүүс АНУ-ыг мөрөөдлийн орон гэдэг ч надад таалагдаагүй. Харин Казахстан гоё санагдсан” гэв.

Түүний аавыг Ч.Мөнхжанцан гэдэг. Зэвсэгт хүчний 189 дүгээр ангид инженерээр ажилладаг, дэд хурандаа цолтой бол ээжийг нь Д.Мөнхчимэг гэдэг юм билээ. 013 дүгээр ангид станцын даргаар ажилладаг, ахлах ахлагч цолтой. Хоёр эмэгтэй дүүг нь М.Номин-Эрдэнэ, М.Оюун-Эрдэнэ гэх бөгөөд “Намайг дуурайгаад хүндийн өргөлтөөр хичээллэдэг болсон. Спортын дунд сугуульд сурдаг. Отгон дүү М.Эрдэнэбат одоо найман настай. Хан-Уул дүүргийн ЕБ-ийн 114 дүгээр сургуулийн хоёрдугаар ангид сурдаг” хэмээн танилцуулав.

М.Анхцэцэг анхны медалиа мөнгөөр эхлүүлжээ. Энэ медалийг дунд сургуульд сурч байхдаа уртын харайлтын төрөлд өрсөлдөж хүртсэн аж. Түүний медалийн дийлэнх нь алт байсан шүү.

М.Анхцэцэг хоёр дүүгээ дасгалжуулж, тэмцээнд оролцуулдаг. Дүү нар нь ч эгчийнхээ итгэлийг алддаггүй.

Тэр олон ч цомын эзэн.

Тэрбээр "Бөртэ чоно-2015" шилдэг тамирчин шалгаруулах ёслолын арга хэмжээнд ийн гоёж, спортын шилдгүүдтэй өрсөлдөж, цомын эзэн болж байв. Энэ жил гранприг нь хүртэх боломж ч бий.

Эх сурвалж: www.mnb.mn