Н.Алтанхуяг: Би нүүрс, мах, гурилаа бүгдийг нь ярина
2013/10/17
УИХ-ын ээлжит чуулган өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлын талаар хэлэлцсэн. Тодруубал энэ оны Төсвийн тухай хууль өөрчлөлт оруулах тухай, төрөөс мөнгөний бодлогын талаар ирэх онд баримтлах үндсэн чиглэл батлах гэх мэт олон асуудлыг хэлэлцсэн.
Эдгээр асуудлаас төсөвт тодотгол хийх талаар УИХ-ын гишүүд асуулт асууж сайд нар хариулсан. Хэн ямар асуулт асууж, хэн хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Төсвийн орлогын гүйцэтгэл тасарсан дөрвөн шалтгаан байна. Нэгдүгээрт эдийн засгийн өсөлт буурсан. Мөн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт буурсан. Түүнчлэн импорт буурч, Оюутолгойн төсөлд хөрөнгө оруулах асуудал шийдэгдээгүй гэх шалтгаанууд байх шиг байна. Эдгээр нь эдийн засгийн гадаад, дотоод орчноос шалтгаалсан гэвэл тийм. Гэхдээ Засгийн газрын бодлого үйл ажиллагаанаас хамаарах зүйл байх шиг. Үүнд Ерөнхий сайд ямар тайлбар өгөх вэ. Ямар шалтгаануудаас болоод төсвийн орлого тасалдчихав?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Энэ жилийн орлогын бууралтын шалтгааныг Л.Энх-Амгалан гишүүн хэлчихлээ. Хамгийн гол шалтгаан бол дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ буурсан. Ингэсэн учраас хямд үнэтэй юмыг их хэмжээгээр гаргах сонирхол байхгүй. Ийм учраас тодорхой хэмжээгээр буурсан. Гэхдээ энэ жилийн 37 саяас оны сүүл гэхэд 20-иод саяыг гаргана гэж тооцож буй. Тэгэхээр биет хэмжээний бууралтаас гадна нүүрсний үнэ буурсан болохоор орлогод маш их нөлөөлж буй. “Чалко”-д өгөх нүүрсээ “Тавантолгой” гаргаж байгаа юу гэвэл гаргаж байгаа. Мөнгө орж ирж байгаа юу гэвэл орж ирэхгүй байгаа. Тийм учраас орлогын бууралт чухам юунаас болоод байна гэдгийг бүгдээрээ бодит байдал дээр гарах ёстой. Үүнээс гадна импорт багассан. Үүнийг хоёр янзаар тайлбарлаж байгаа юм билээ. Өнгөрсөн 2010, 2011 онд Оюутолгойн импорт маш их зонхилсон. Бид энэ төвшингөөс цааш төсөвлөчихсөн учраас импорт багассан.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Өнгөрсөн 2011-2013 он хүртэл дамнасан маш олон байгууламж байгаа гэж Ерөнхий сайд хэлж байсан. Тэгэхээр 2011 оноос өдийг хүртэл он дамжсан хэчнээн байгууламж байгаа вэ. Эдгээрээс хэчнээн нь сургууль, цэцэрлэг байна вэ. Энэ байгууламжууд 2012, 2013 оны төсвөөс санхүүжилт авч чадалгүй үлдэж байна. Цаашдаа эдгээрийг ямар эх үүсвэрээс санхүүжүүлэн барих гэж байна вэ?
Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:
-Өнгөрсөн 2011 оноос ирэх он руу шилжиж буй нийт байгууламж нь нийт 12 төсөлд багтсан. Тухайлбал их, дээд сургуулийг дэмжих хөрөнгө оруулалт 2010 эхэлсэн. Ирэх 2015 онд дуусна. Дүүргийн спорт цогцолбор мөн адил 2010 онд эхэлж, 2015 онд дуусна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Эрүүл мэндийн сайдын багцад 34 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авах эх үүсвэрийг УИХ-аас баталж өгсөн. Гэвч төсвийн тодотголоор 34 тэрбум төгрөг 12 тэрбум болтлоо буурсан байна. Уг нь эрүүл мэндийн салбарт маш хэрэгтэй байгаа тоног төхөөрөмжүүдийг цаг хугацаанд яагаад авч чадсангүй вэ?
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
-Энэ онд Эрүүл мэндийн сайдын багцад 77.9 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс төсвийн тодотголд 39.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хойшлогдож ирэх он руу шилжсэн. Үүнд тоног төхөөрөмж багтаж буй. Ирэх он руу шилжүүлсэн шалтгаан нь гурав, дөрвөн тендер шалгаруулах явцад тодорхой хуулийн заалтуудыг зөрчсөн учраас Сангийн яамнаас эдгээр тендерийг хүчингүй болгож, хууль зөрчсөн, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар бичиг ирсэн учраас тендерийг зогсоож, холбогдох хүмүүст хариуцлага тооцсон. Мөн тендерийг дахин зарласан. Гэвч санхүүжилтийн шалтгаанаар ирэх он руу шилжиж буй.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Дөрвөн сарын өмнө төсөвт цоорхой гарчихлаа тодотгол хийхээс аргагүй болсон юм биш үү гэж Ерөнхий сайд танд би сануулсан. Тэр үед та “Төсөвт тодотгол хийх шаардлага үүсээгүй байгаа” гэж хариулж суусан. Гэтэл өнөөдөр улсын төсөв 1.1 их наяд төгрөгөөр тасарчихсан байна. Энэ оны төсвийг УИХ-д оруулж ирэх үед “Зураг төсөвгүй, авлига шингэсэн, хулгай шингэсэн төсөв байна” гэж хэлэхэд та “Дараа жилээс төсвийн реформ хийнэ” гэсэн. Гэтэл ирэх оны төсвийг хар, ямар ч реформ алга. Ард түмнийг хуурах гэж төрсөн Ерөнхий сайд юм уу. Гадаад худалдаа өмнөх оныхоос 50 хувиар буурчихсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа зөрчин Монголын өрийг ДНБ-ий 60 хувьд хүргэх төсөл өргөн мэдүүлсэн байгаа. Гэтэл бизнес эрхлэгчид нийтээрээ өрөнд баригдчихсан, төсвийн хөрөнгө оруулалт 70 хувиар тасарчихсан, орлого нь байгаад байхад хөрөнгө оруулалтын ажлууд нь хийгдэхгүй байгаа нь чухамдаа энэ Засгийн газарт итгэж болохгүйг харуулаад байна. Шинэчлэлийн Засгийн газар нүүрс шуудайлж зарахаас өөр ажил хийхгүй байна. Социализмын үед ч ийм Ерөнхий сайдаар Монгол удирдуулаагүй. Дандаа худлаа ярина, Хойд хормойгоороо урд хормойгоо нөхнө, Энэ бодлого үргэлжилж байгаа цагт Монгол Улс дампуурна. Ерөнхий сайд та огцрох хэрэгтэй.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Намайг гүтгэж болно. Нүүрсчин гэнэ үү, микро Ерөнхий сайд гэнэ үү яаж ч доромжилж болно. Энэ оны төсөв авлига шингэсэн төсөв биш, харин авлигыг бууруулахын төлөө төсөв байсан. Бүх зүйл дээр нүдээ аниад явуулчихаж болно. Даанч олон түмний мөнгө гарын салаагаар урсаж үрэгдэж байгааг харахаар эвлэрэх арга алга. 60 тэрбум төгрөгөөр хоёрхон барилга босож байна. Энэ чинь арван барилга барих мөнгө шүү дээ. Ийм шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тэмцэнэ, авлига шингэсэн хөрөнгө оруулалтыг цаашид зогсооно. Шинэчлэлийн Засгийн газар нүүрсээ, махаа гурилаа бүгдийг нь ярина. Ард түмний амьдралтай салшгүй холбоотой асуудал шүү дээ. Тэр тусмаа авлига хээл хахуультай тэмцэх чиглэлээр ажиллана. Зарим хүнд таалагдахгүй байгаа. Дураараа болцгоо.
УИХ-ын гишүүн Тлейхан:
-Энэ оны тодотголоос хасагдсан байгууламжуудыг ирэх он руу шилжүүлнэ гэж ойлгосон. Гэвч шилжээгүй байна. Жишээбэл Баян-Өлгий аймагт хоёр байгууламж байна. Нэг нь Зорчигч тээврийн авто вокзал, оношилгооны төв. Нөгөө нь аймгийн нисэх онгоцны өргөтгөл. Энэ хоёр байгууламж ирэх онд дуусах ёстой байсан. Гэтэл гэрээ байгуулах шатандаа явж байгаа гээд хасчихсан байна. Энэ ямар учиртай юм бэ. Сангийн яамнаас ирэх оны төсөв оруулъя гээд бичгээр хүргүүлсэн байсан. Харин Эдийн засгийн хөгжлийн яам яачихсан юм бүү мэд байхгүй болчихсон байна. Ингэж болдог юм уу?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Төсвийн тодотголыг өргөн барьж буй нь, мөн шинэ төсөв дээр олон түмний хөрөнгийг хэмнэх гэсэн нэг хэлбэр. Баян-Өлгий аймгийн Зорчигч тээврийн авто вокзал, оношилгооны төвийг одоо зогсоо гэж А.Гансүх сайдад хэлсэн. Учир нь хувийн хэвшлийн хийж болдог юмыг Оношилгооны төв, Авто вокзал бариад байх хэрэг байна уу. Ер нь цаашдаа бодлого гаргая гэж байгаа юм. УИХ-д байнга шахуу нэг зүйлийг хэлдэг. Оношилгооны төв барья гэж бодоход энэ төвд хэдэн хүн ажиллах вэ. Тэгэхээр төрийн албан хаагчдын тоог нэмдэг. Төрийн гэсэн нэртэй байшин барьдаг байдлаас татгалзъя гэдэг төслийг оруулсан. Ийм байдлаар бодлогын өөрчлөлт гарч байгаа. Ингэхгүй бол маш өндөр өртөгтэй баахан төрийн байшинтай болох гээд байна.
УИХ-ын гишүүн А.Тлейхан:
-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал Засгийн газрын алдаа. Үүний буруутан нь хэн бэ. Та тэдэнд ямар хариуцлага тооцох гэж байна вэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-Бүгдээрээ энэ хариуцлагаа УИХ дээр ярья. Яг юунаас болоод алдаа гараад байгаа юм бэ. Би бол хоёр төрлийн алдааг харж байгаа. Эхнийх нь тогтолцооны алдаа байна. Нөгөөх нь хариуцлагын асуудлын цаана тодорхой хүмүүс байгаа учраас хариуцлага тооцно.
УИХ-ын гишүүн Отгонбаяр:
-Төсвийн тодотголыг үзэж байхад төсөв нь шийдэгдсэн, зураг төсөв нь хийгдээд гэрээ байгуулах гэж байхад нь хөрөнгийг нь татчихсан байгууламжууд олон байх шиг байна. Ийм төрлийн байгууламж хэчнээн байгаа вэ?
Эдийн засгийн хөгжлийн яамны холбогдох мэргэжилтэн:
-Засгийн газрын тогтоолоор наймдугаар сарын 23-наас өмнө гэрээ хийгдээгүй, мөн тендер нь зарлагдаагүй байгууламжуудыг Сангийн яам дээр шалгаж, нягтлаад хойшлуулах саналыг Засгийн газар гаргасан. Эдгээр байгууламжууд төсвийн тодотголд улирлын байдлаас шалтгаалж энэ онд багтаж чадахгүй гэж тодотголоор оруулж ирсэн.
УИХ-ын гишүүн Отгонбаяр:
-А.Гансүх сайдаас асуумаар байна. Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт барьж буй нэг гүүр байгаа. Энэ жил 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтыг тавьсан байсан. Тодотголоор 490 сая төгрөг болгоод хасчихсан. Мөн ирэх оны төсөвт байхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Уг гүүрийг дутуу хаяхаар шийдэж байгаа юм уу?
Зам, тээврийн сайд А.Гансүх:
-Уг гүүр нь явган зорчигчийн зориулалттай гүүр. 3.2 тэрбум төгрөгийн өртөгтэй. Бид нэг тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт суулгасан. Эдийн засгийн хөгжлийн яам дээр хасагдсан. Энэ нь Хөгжлийн банкны эх үүсвэрээс санхүүжүүлнэ гэх тайлбартай байгаа.
Ж.Баттуул