Барилгынхан хүний амиар тоглож ханаагүй юу?
2016/10/12
Б.ЭНХЗАЯА
Барилгынхан үнэндээ дэндлээ. Хүний алтан амиар тоглож ханадаггүй тэдэнд үйлчлэх хууль дүрэм байна уу, ер нь. Хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаасаа хүний аминд хүрнэ. Машин, техник нь эвдэрч осол аваар гаргана. Одоо бүр барьсан барилга нь нурж эхэллээ.
Салхилах төдийд л барилгын гадна пасад нь нураад ойчдог болжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард “Шөнийн зах”-ын пасад хүчтэй салхины улмаас хууларч автомашинууд дээр унасан хэрэг гарсан. Азаар доор нь хүн байгаагүйгээс машины цонх, хаалга эвдээд өнгөрсөн. Мөн тухайн үед Хан-Уул дүүрэгт байрладаг Нархан хотхоны барилгын пасад борооны ая даахгүй хууларч олныг айлгасан. Хууларсан пасадны чанх доор хүүхдийн тоглоомын талбай байсан. Бас л азаар пасад унахаас өмнө оршин суугчид нь онцгой байдлынхныг дуудаж аюулгүй болгосон. Энэ хоёр тохиолдолд барилгын эзэд, гүйцэтгэгч компаниуд буруугаа бусад руу чихээд өнгөрсөн. Толгой сэгсэрч, шогширсон хүмүүсийн гайхаш барсан сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр тархсанаас биш тэр асуудал хүчээ аваагүй.
Харин энэ удаа яагаад ч зүгээр өнгөрөөж болохгүй нэгэн явдал өнгөрсөн долоо хоногт болов. Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу “Өргөө” амаржих газрын мэс заслын өрөөний тааз өнгөрсөн лхагва гаригт нурлаа. Нурах нурахдаа мэс заслын үеэр нурж хүний алтан аминд хүрэх дөхөв. Эмч нар тухайн өдөр хуваарийн дагуу таван хүнд хагалгаа хийх ёстой байж. Эхний хагалгааг хийх явцад мэс заслын өрөөний агааржуулалтын хоолой хөдөлж эхэлжээ. Хүнд нөхцөлд хагалгаагаа дуусч дараагийн өвчтнөө өөр өрөөнд хүлээж авсан тухай эмч нар халаглан ярьж байна. Анхны өрөөндөө хагалгааг үргэлжлүүлсэн бол өвчтөн, эмч нар, сувилагч гээд 10 хүн өртөх эрсдэлтэй байж. Хамгийн гол нь ариутгасан мэс заслын өрөөнд осол гарсан бол өвчтөнд юу тохиолдох байсныг төсөөлөхөд бэрх.
Дүүжин тааз нурсан шалтгааныг мэргэжлийн хяналтын байцаагчид “Мэс заслын өрөөний тохижуулалтын стандартыг зөрчсөн. Чанаргүй материал ашигласан” гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ. Нэгдүгээр төрөхийн өргөтгөлийн байрыг “Цаст констракшн” компани 2013 онд барьж ашиглалтад оруулжээ. Үнэндээ ашиглаж эхлээд гуравхан жил болж буй барилгад ийм аюултай осол гарсан нь манай барилгын салбарын үнэн төрхийг илчилсэн явдал боллоо. Цаг нартай уралдаж боссон барилгууд гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгээ харуулсаар байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн судалгаагаар нийслэлд гарч буй ослын шалтгааныг дээрээс унах, нурсан осол тэргүүлсэн байна. Өнгөрсөн онд энэ төрлийн 38 осол гарсан бол 2014 онд ч ийм тооны осолд хүмүүс өртжээ. 2013 онд 45 удаагийн уналт, нуралт болсон байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд гарсан барилгын осол нэмэгдсээр байгааг мэргэжлийн хяналтын байгууллагын судалгаанд дурджээ. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд боссон барилга бүр чанарын асуудалтай, оршин суугчдын гомдол тасардаггүй. Барилгын компаниуд хамгийн хямд материалаар барилгаа барьдаг тухай мэргэжлийн хүмүүс ч хүлээн зөвшөөрч ирсэн. Хамгийн хямд төсөр аргаар, хурдан барих гэснээс болж өнгөрсөн хугацаанд олон хүний амь нас, эрүүл мэндийг хохироож орхилоо, тэд.
Одоо бүр эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалсан онцгой бүсэд барилгын осол гарлаа. Харамсалтай нь одоог хүртэл ослын тухай эмч нараас өөр хэн нэгэн дуугарсангүй. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан “Ослын шалтгааны албан ёсны дүн гараагүй. Дэд бүтцийн хяналтын хэлтсийнхэн /барилгын/ эрүүл ахуйн хяналтын хэлтэстэй хамтарч шалгахаар ярилцаж байгаа” гэсэн тайлбар өглөө. Мэргэжлийн хяналтын толгой байгууллага, салбарын яам ч таг. Барилга барьсан “Цаст констракшн” компани нь ч усанд хаясан чулуу шиг сураггүй байна.
Осол гарснаас хойш даруй долоо хоног өнгөрлөө. Хэрэв хууль дүрэм ёсоороо хэрэгждэг, хариуцлага үүргээ ухамсарладаг бол осол гаргасан компани уучлалт гуйж, холбогдох төрийн байгууллагууд нь зохих хариуцлагаа тооцож, дахин ийм осол гарахаас сэргийлэх ёстой.