-Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийн араас “УБТЗ” гэх том саалийн үнээ маань бас л өр төлбөрийн асуудалд орох нь гарцаагүй болчихлоо- 


Өнгөрсөн 2013 оны наймдугаар сард “Жаст”-ын Ш.Батхүү “УБТЗ”-аар батлан даалгаж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 34 сая ам.долларын зээл авсан гэх асуудал тухайн үед нийгмийг доргиож байсан. Угтаа бол Монголын ганц “саалийн үнээ” гэгддэг уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-аа барьцаалан “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас нь тэртээх 2009 онд 140 сая ам.доллар залилан авч энэхүү хэрэг нэлээд хожуу буюу таван жилийн дараа сөхөгдсөнөөр олны анхаарлын төвд орсон юм. Түүнээс биш “Эрдэнэт” үйлдвэр, УБТЗ-ыг барьцаалаад ийм их хэмжээний мөнгө залилчихсан гэдгийг нь тус үйлдвэрийнхэн ч, ард түмэн ч мэдээгүй байсан хэрэг. Анх Ш.Батхүүгийн хууль бус үйлдэлд Монголын төрийн өмчит компаниуд баталгаа гаргаж өгсөн учраас “Монгол Улс яг одоо 140 сая ам.долларын өр буюу үүний хүү гээд нэлээд олон сая “ногоон”-ы өрөнд орчихоод байна. 
Тэгвэл энэ асуудал өдгөө дахин сөхөгдөж тус хэрэгт оролцоотой гэх хүмүүс хариуцлагад татагдахаар болоод байгаа тухайг эх сурвалжууд мэдээлж байна. Тодруулбал, энэхүү өрийн асуудлаар Арбитрийн шүүхээс манай улсын Засгийн газар болон УБТЗ-ын удирдлагуудад шүүхийн тоот бичиг явуулж өр төлбөрөө яаралтай барагдуул гэх үүргийг өгөөд байгаа аж.
Уг нь энэ асуудлаар өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын удирдлагууд Ш.Батхүүгийн батлан даагч болж гарын үсэг зурсан тухайн үеийн дарга нар энэхүү өрийг төлж барагдуулах ёстой хэмээн хурал дээрээ ч ярилцаж байсан аж. Түүнчлэн энэ тухай шинэчлэлийн Засгийн газарт танилцуулж өрийн асуудлыг хэрхэн яаж шийдэх талаар ч заавар зөвлөмж авч байсан байна. 
Түүнчлэн ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатар ч тухайн үед энэ асуудлыг хөндөн ярихдаа “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьсан хэрэг одоогоор шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. Түүнчлэн УБТЗ-ын асуудал ч яригдаж байгаа. Ямартай ч “Эрдэнэт” болон “УБТЗ”-ыг барьцаанд тавьсан гэдгийг “Стандарт” банкны зүгээс хэлээд байгаа юм. Харин “Жаст”-ын Ш.Батхүү өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ бидэнд УБТЗ-ын тухай янз бүрийн мэдээлэл ирж байгаа. Энэ бүх асуудлыг шүүхийн байгууллага тогтоосны дараа тодорхой асуудлууд яригдах байх” гэж байв. 
Ямартай ч одоогийн байдлаар олон нийтэд мэдэгдснээр бол “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг Лондоны Арбитрийн шүүхээс хуурамч биш болохыг нь тогтоосон талаар гадаад, дотоодын хэвлэлүүд ил болгож тавьсан. Тэгвэл үүний араас тухайн үед УБТЗ-ын даргаар ажиллаж байсан Т.Очирхүү бас холбогдох магадлалтай хүмүүсийн нэг болчихоод буй юм. Ийн хэлэхийн учир 2013 оны долоодугаар сард энэ хэрэгт Монголын талаас шинжээч томилогдон баталгааны гарын үсгийг хуурамч мөн эсэхийг нь шалгаж эцэслэн тогтоож нэр бүхий хүмүүс уг хэрэгт холбоотой болох нь батлагдсан гэж мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж байсан. Тэгэхээр миний гарын үсэг биш хэмээн хэлж байсан дарга нар “Жаст”-ын батлан даагч болж гарын үсэг зурсан гэдэг баталгаа нь ч Өмнөд Африкийн “Стандарт” банкинд цагаан цаасан дээр зурайтал бичсэн нь хөдөлшгүй баримт болно гэдгийг тус банкны зүгээс манай Засгийн газарт хэлж байгаа юм билээ. 
Тэгэхээр энэ бүх үйл явдал Англи улсын нутаг дэвсгэрт болсон учраас тэд харьяаллын дагуу эл хэргийг яаралтай шийдэж батлан даагчийн гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн гарын үсгийг баталгаажуулж мэлзэх аргагүй байдалд оруулаад байна гэсэн үг юм. Тэгэхээр тухайн үед манай шинжээчид Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нарын гарын үсгийг баталгаатай гэдгийг нь тогтоосон мөртлөө мөрдөн байцаалтын ажиллагаа явуулалгүйгээр энэ хэргийг хав дарсан бол энэ нь өөрөө ноцтой асуудал болж хувирч мэдэх юм. Ингэж хэлэхийн учир нь хэрвээ дээрх хүмүүсийн гарын үсэг үнэн болох нь батлагдсан бол тэд улсын хөрөнгийг бусадтай бүлэглэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх ял зэм хүртэх нь гарцаагүй. Тухайлбал, 2013 онд УБТЗ-ын дарга асан Т.Очирхүү хэвлэлд дараах ярицлагыг өгч байсан юм. Тэрбээр “2006 оноос “Жаст” манай төмөр замд сар болгон 6000-7000 орчим тонн дизель түлш нийлүүлж байсан. Үүнийхээ л төлбөрийг бид тус компанийн данс руу хийж байсан. Төлбөрийг бид “Хадгаламж” банк болон “Стандарт” банкинд хийж байсан. Энэ л гэрээг зээлийн батлан даагч болсон гэж андуураад байх шиг байна” хэмээн ярьж байсан юм. 
Ямартай ч “Эрдэнэт” үйлдвэрийн араас “УБТЗ” гэх том саалийн үнээ маань бас л өр төлбөрийн асуудалд орох нь гарцаагүй болчихлоо. 
ТӨХ-ны дарга асан Д.Цогтбаатарын хэлсэнчлэн сүүлийн үед төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг хэн нэгэн дурын этгээд гадаадын банкинд батлан даагчийн зээлийн баталгаа болгож барьцаалах болсон байна. Ер нь бол төрийн өмчийн компанийг хэн ч барьцаалах ёсгүй гэдэг нь туйлын үнэн. Эцэст нь хэлэхэд Манай улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг бид төлөх нь шударга явдал уу.

Эх сурвалж: