Дөнгөж сая Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт үйлдэр” ХХК-ийн 49 хувийн эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор  тус компанийн ТУЗ өөрчлөгдөж байгааг мэдээлсэн юм.  

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ долоон гишүүнтэй байна.  Үүний дөрөв нь 51 хувийн төлөөлөл,  гурав нь  49 хувийн төлөөлөл байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөөлөн удирдан зөвлөлийн гишүүнд төр буюу 51 хувийг төлөөлж ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Сангийн яамны газрын Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн орж байгаа.   49 хувийг төлөөлж "Эрдэнэс Оюу Толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, одоо тус газрын ТУЗ-ын гишүүн Да.Ганболд, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар ТУЗ-д багтаж байна.  

Ерөнхий захирал болон ТУЗ-ийн  даргыг  төрөөс буюу  51 хувийг эзэмшигч томилохоор болсон.  ТУЗ-ын даргаар  ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнг томилох чиглэл Засгийн газраас ирсэн.   

“Эрдэнэт үйлдвэр” ХХК аудит,  нэр дэвшүүлэх, цалин урамшууллын  гэсэн гурван хороотой.  Аудит болон нэр дэвшүүлэх хороон  49 хувь, цалин урамшууллын  хороог 51 хувь эзэмшигчид өгөхөөр боллоо.

ТУЗ хуралдаж захирал болон дэд захирлуудад хэн хэнийг томилох эсэхийг шийдэх юм. Нэр дэвшүүлэх хороо захирал болох хүний нэрийг ТУЗ-д оруулж ирэх бөгөөд тухайн нэр дэвшигч 66 хувийн санал тохиолдолд томилно.  Удахгүй захирал томилогдоно.” Гэв

А.Баярмаа