Ихэнхи нутгаар цас орж, хүйтрэхийг анхааруулж байна
2016/11/04
Арваннэгдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгаар, 6-нд ихэнхи нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.
Энэ сарын 5-9-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
5-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст, 7-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгаар цас орно. Салхи 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
5-нд нутгийн баруун хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 7,8-нд өдөртөө бага зэрэг дулаарна хэмээн УЦУОШГ-аас мэдээллээ.