Б.Мөнхбаяр сайд аа, “Могулскай” компанийн захирал Л.Болд оршин суугчдыг хохироож байна
2016/11/07
-Халаалтгүй, дээрээс нь байрны гэрчилгээг нь банкны барьцаанд тавьчихсан Л.Болдод ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?-
Хэдхэн жилийн өмнө Зайсангийн аманд ХААИС-аас өөр нүдэнд торох байшин барилгагүй байсан. Харин өнөөдөр өнгө зүс алагласан олон барилга энд тэнд сүндэрлэж, ямар үнэтэй хийгээд бэл бэнчинтэй оршин суугчид амьдардгийг хүн болгон мэднэ хэмээн бид цээжээ дэлдэн ярьдаг байсан. Тэгвэл бодит байдал ийм биш гэдгийг бид олонтаа сонсож байсан ч итгэх нь ховор байсан билээ.
Үүнийг нуршаад байгаагийн учир гэвэл сэргэлэн, сүйхээтэй барилгын компанийн захирлууд Зайсанд өндөр үнэтэй орон сууц барьж иргэдэд “төвийн халаалттай, бүх зүйлийг шийдсэн” гэж маш гоё зураг төсөл үзүүлж захиалгаа авчээ. Тухайлбал, “Могулскай” ХХК-ийн захирал Д.Болд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Ар Зайсангийн гудамжинд “Могултаун” хотхоныг 2011 онд барьж ашиглалтад оруулснаар 250 айлын 1000 гаруй айл өрх тус хотхоноос байр худалдан авчээ. Угтаа бол тус хотхон ашиглалтад ороод таван жил болж байгаа ч, одоог хүртэл төвийн төвлөрсөн дулаан хангамжинд холбогдож чадаагүйн улмаас оршин суугчид олон ч өвлийг зутруухан өнгөрөөсөөр өнөөдрийг хүрчээ.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж оршин суугчдад тусалж байсан
Өнгөрсөн хугацаанд иргэд энэхүү асуудлыг шийдвэрлүүлэх талаар уг хотхоныг барьж гүйцэтгэсэн “Могулскай” ХХК, дүүрэг, нийслэл, УИХ зэрэг газруудад олонтаа хандсан ч арга мухарджээ. Харин өнгөрсөн зургаадугаар сард болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дараа тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржид хүсэлт гаргасны дагуу түүний шадар зөвлөх Шагдарсүрэн болон бусад холбогдох эрх мэдэл бүхий хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулагдаж, оршин суугчдын гомдлыг нааштайгаар шийдвэрлэх арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд өнгөрсөн есдүгээр сарын 15-нд хуралдсан Эрчим хүчний яамны дэргэдэх Техникийн нөхцөл олгох комиссын хурлын шийдвэрээр “Могултаун” хотхоны дулаан хангамжийг 109/2014 дугаар бүхий техникийн нөхцлийн хүрээнд уг асуудлыг шийдэхээр болжээ. Гэтэл “Могулскай” ХХК-ийн захирал Л.Болд гэгчийн хариуцлагагүйн үйлдлээс болж уг асуудал гацаанд орсон байна. Уг нь оршин суугчид тухайн үед дээрх орон сууцыг худалдан авахдаа Л.Болд захирлаас орон сууц худалдан авах, төлбөр төлөх үүргээ гүйцэд биелүүлж байрыг худалдаж авсан. Угтаа бол тэрбээр оршин суугчдаас байрных нь төлбөрийг 100 хувь авсан хэрнээ төвийн дулаанд холбогдох мөнгөн хөрөнгийг нь холбогдох байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд төлөөгүйн улмаас оршин суугчид ийнхүү хохироход хүрсэн гэсэн үг.
Айл бүрээс 500 мянган төгрөг авсан
Аргаа барсан оршин суугчид таван жил хүйтэн байранд зутарсны эцэст өнгөрсөн есдүгээр сараас эхэлж айл бүрээс 500 мянган төгрөг татаж, дулааны асуудлаа шийдэхэд хүрчээ. Одоогоор тус хотхоныхон нам даралтын халаалтын зуухаар арай ядан халааж байгаа ч, энэ нь айлуудад хангалттай хүрэлцдэггүй аж. Энэхүү халаалтын зуух нь анх хоёрхон байрыг халаахад зориулагдан хийгдсэн гэнэ. Гэтэл одоо таван байрны халаалтыг халааж дийлэлгүй, айлуудын өрөөний дулааны хэм нь ердөө л 5-6 хэмтэй байгаа тухайг оршин суугчид хэлж байв. Байдал ийм учраас оршин суугчид нэмэлт халаалт хэрэглэж сардаа цахилгааны төлбөр хэмээн 150-200 орчим мянган төгрөгийг төлдөг байна. Хамгийн гол нь иргэдээс шалтгаалах зүйл нэг ч байхгүй. Учир нь тэд орон сууц худалдан авахдаа мөнгөө төлсөн үү гэвэл төлсөн. Харин ч тэд өндөр үнэтэй хотхонд тохилог сайхан орон сууц авлаа гэж бодтол, арга зальтай компанийн захирлуудын гоё сайхан үгэнд хууртаж ийнхүү бүтэн таван жил маш хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаа нь “Могулскай” ХХК-ийн захирал Л.Болдтой шууд хамаатай гэж хэлж болно. Тухайлбал, тус компани анхнаасаа тус хотхоныг дулаанд холбох асуудлыг шийдээгүй, дулааны худаг татаагүй. Худаг гаргаж техникийн боломжоор нь хангаагүй учраас дулаанаа татуулж чадахгүй байгаа юм байна. Цэвэр усаа гүний худгаас татаж, халуун усаа долоон хоногт хуваарийн дагуу халаадаг аж. Нэг айл метр квадратаасаа шалтгаалж 250-980 мянган төгрөгийн төлбөр төлдөг байна. Юутай ч тус байрны оршин суугчид даарч зутруухан амьдарч байгаагийн хажуугаар усгүй болох аюул ч нүүрлэжээ. Угтаа бол гүний худгийн нөөц нь шавхагдаж буй учраас тэд яаралтай төвийн дулаанд холбогдохыг ийн хүссэн хэрэг.
Л.Болд захирал алхам тутамдаа оршин суугчдаа хулхидсан
“Могулскай” ХХК-ийн захирал Л.Болд гүйцэтгэх захирал Д.Жаргалсайханы хамт
Уг нь Л.Болд захирал захиалгын мөнгөө 100 хувь оршин суугчдаас авсан хэрнээ “дулааны шугамыг тань барих гээд байна яаралтай 700 сая төгрөг гарга” хэмээн бас л авсан байгаа юм. Л.Болд захирлын хуудуу ингээд ч дуусахгүй. Тэрбээр бүх оршин суугчдаасаа барилга баригдаж байх явцад байрны урьдчилгаа хэмээн 70 хувийг нь авчихсан хэрнээ тус хотхоны 1а, 1б байруудыг Улаанбаатар хотын банкинд 2011 оны долоодугаар сарын 28-нд барьцаанд тавьжээ. Үүний улмаас одоог хүртэл дээрх айлууд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадаагүй учраас өнгөрсөн оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын банкны нэхэмжлэлтэй шүүх хурал ч болж байсан удаатай.
Хамгийн хачирхалтай нь Л.Болд дээрх хоёр байрыг Улаанбаатар хотын банкинд барьцаанд тавьж их хэмжээний мөнгө авчихаад байхад Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци /ТОСК/ бас л түүнд их хэмжээний мөнгө зээлсэн байгаа юм. Уг нь тус газар хэр баргийн хүнд тэгтлээ их зээлийг олгодоггүй гэдгийг бид сайн мэднэ. Гэтэл Л.Болд захирал тус газраас ямар аргаар дахин их хэмжээний зээл авав, ямар журмыг үндэслэж түүнд зээл олгов гэдгийг хууль хяналтынхан шалгаад үзвэл олон ч хуудуутай үйлдэл илрэх нь дамжиггүй. Хэрвээ уншигчид санаж буй бол ТОСК санхүүгийн хүнд байдалд орсны улмаас дампуурах дээрээ тулчихаад байгаа тухай мэдээлэл олон гарсан. Тэгвэл Л.Болд захирал мэтийн хүмүүсээс болж тус газар хүнд байдалд орсон гэж хэлэхэд нэг их буруудсан болохгүй юм. Ямартай ч үр хүүхдүүддээ үнэд хүрэх үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хэмээн баярлаж байсан олон мянган эцэг эх өдгөө Л.Болдын буруутай үйл ажиллагаанаас болж, насаараа банкинд өр төлж өөрсдийн гар дээрээ хэдэн зуун саяар худалдаж авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авч чадахгүй байгаа нь бодит үнэн. Хэрвээ оршин суугчид Л.Болдын энэ мэт заль мэхэнд автаагүй байсан бол тэд өнөөдөр өмчөө баталгаажуулж худалдан борлуулах, захиран зарцуулах гээд олон эрхийг эдлэх байсан. Гэтэл тэд юун өмчөө захиран зарцуулах нь битгий хэл энэ өвлийг яаж дулаахан давчих вэ гэсэн бодлыг сэтгэлдээ тээж яваа нь үнэхээр харамсалтай.
Дулааныг төвийн шугамд холбуулахад хэн гэгч этгээд саад болж байна вэ
Анх энэхүү уурын зуух нь хоёр байрыг халаах зориулалттай байсан
Ямартай ч хэний ч мэдэхгүй барилгын компанийн захирал Л.Болд гэгч олон мянган иргэний эрх ашгийг хөндөөд зогсохгүй иймэрхүү аргаар хөлжиж байхад салбар яамны удирдлагууд нь энэ асуудлыг яаралтай зогсоож тухайн компанийн барилгын тусгай зөвшөөрлийн асуудлыг яагаад цуцлаж болохгүй гэж. Магадгүй тэрбээр дараагийнхаа ов мэхийг хэрэглэж, иргэдийг хохироож өөрийнхөө халаасыг хэн нэгэн эрх мэдэлтэнтэй нийлж зузаалж байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс Барилга хот байгуулалтын яамны сайд Б.Мөнхбаяр та задарсан зайтай эр хэмээн нэрлэгдэж буй “Могулскай” ХХК-ийн захирал Л.Болдын энэхүү хууль бус үйлдлийг анхааралдаа авч, 250 айлын 1000 гаруй оршин суугчид ямархуу нөхцөлд амьдарч байгааг газар дээр нь очоод үзвэл нэгийг бодогдуулах нь лавтай. Ийн хэлэхийн учир нь 2011 онд УИХ-ын гишүүд, яам тамгын газрын дарга нарын амьдардаг орон сууц нь яг “Могултаун” хотхон шиг нөхцөл байдалтай байсан. Энэхүү асуудлаа шийдэхийн тулд дарга нар манай сонинд хандаж, бодит байдал ямархууг байгааг газар дээрээс сурвалжлуулж олон нийтэд хүргүүлсний ачаар тэд дулаанаа авч, бохирын асуудлаа шийдүүлж байсан удаатай билээ. Тиймээс энэхүү нийтлэлийг уншсан олон дарга нар Зайсанд нөхцөл байдал ийм байдаг гэдгийг мэддэг учраас энэ асуудлыг анхааралдаа, яаралтай шийдэх байх гэж найдаж байна. Хамгийн гол нь нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж оршин суугчид хохирох ёсгүй гэдгийг БХБЯ-ны сайд Б.Мөнхбаяр мэдэхэд илүүдэхгүй байх. Угтаа бол гоё сайхан үгээр иргэдийг урхиндаа оруулж байраа худалдчихаад, дээр нь байрыг нь өөр нэгэн газар барьцаанд тавьж иргэдийг луйвардсан хэрэг болоод байна.
Ямартай ч бид дараагийн дугаартаа тус хотхон руу дулаан өгөхийг татгалзаад буй нэгэн компанийн талаар хөндөн өгүүлэх болно.
Оршин суугчид төвийн дулаанд холбогдохын тулд гүйцэтгэгч компанид өөрсдөөсөө 700 сая орчим төгрөг гаргаж өгсөн
Эх сурвалж:
Зочин · 2016/11/08
Zaisand chin tuviin shugamtai holbogdoogui neleed heden bair baigaa shuu. Shalgaval yum garna!
Зочин · 2016/11/07
Тоск гантулгын нууц амраг мөн хотын дэд байсан очирбат нар энд байдаг ажил олж өгөөд л байраа авсан. Шалгавал шалгах л асуудал
Зочин · 2016/11/07
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР.АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. АН- хан Бүтээлч санааг ЭХЛҮҮЛНЭ ХЭРЭГЖҮҮЛНЭ. Эх орноо бодсондоо л тэр. Одоогийн байдал Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ.
zochin · 2016/11/07
unen muniig ni sain oloh heregtei. ehleed uneheer oron suutsnii irged bugd bairnii munguu buren ugsun esehiig ni shalgah heregtei. Buren tulsun bol ug hun hariutslaga huleeh ni zuv. Mun niitlel bichsen hun ta uuruu uuniig bichikhed notloh barimttai baij bichsen baih yostoi uchraas neree yund ni nuusiin bicheed garga. Ugui bol hun gujirdsen heregt unah uchraas. Ard bid chini odoo huurtagtahaa baichikhaad bna shu de.
Том толгой · 2016/11/07
Болд гэж хүнд байр захиалаад 5 жил болж байна байр ч байхгүй мөнгө ч байхгүй үнэхээр луйварчин