Цагаан цамц өмсч, зангиа зүүсэн хууль завхруулдаг олон дарга нар манай төрд амьдарч байна. Уг нь хүн бүр хуулийн дор захирагдаж шударгаар амьдрах ёстой ч цагаан цаасан дээр хараар бичигдсэн хууль ард түмэнд л илүүтэйгээр үйлчлээд байгаа нь бодит үнэн.
 
Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн онд дуулиан тарьж байсан Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан “Либерти Партнерс” ХХК-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ нарыг Б.Батзаяагийн гэх хэрэгт сэжиглэж байцаалт авах гэсэн боловч нэр бүхий хоёр этгээд хил даван алга болсон юм.
 
Үүний улмаас тэднийг интерполоор эрэн сурвалжилж зургийнх нь хажууд улаан тэмдэглэгээ хийж аль ч улсын хууль хяналтын байгууллага болон цагдаагийнхан хаанаас ч дээрх хоёр этгээдийг баривчлах болно хэмээх тайлбарыг хуулийн эх сурвалж хэлж байсан удаатай. 
 
Түүнчлэн тэднийг эрэн сурвалжилж эхлэх үед АНУ-ын тал Ч.Ганбатыг баривчлахад хамтран ажиллах, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Ч.Ганбат Англи улс руу зугтсан тухайг эх сурвалж тухайн үед хэлж байсан. Харин “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ “Миний аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалалтад авна гэвэл мэдүүлэг өгөхөд бэлэн байна. Ирж авна уу” хэмээн дугаараа нууцалсан утаснаас ярьсан тухайг ч бас л эх сурвалж хэлж байсан.
 
Уг нь манай хууль хяналтынхан барина, баривчилна гэсэн хүнээ хилийн дээс алхаж тухайн улс оронд байгаа өөрсдийнхөө туршуулаар тандалт хийлгэж байгаад талийгаач асан Д.Энхбатыг Франц улсаас авчирч байсан. Гэтэл дээрх хоёр хүн яагаад өнөөг хүртэл сураг ажиг гарахгүй байна вэ гэдэг нь хачирхалтай. Мэдээж нэр бүхий хоёр хүнийг зүгээр ч нэг хэрэгт татаж дэлхийгээр эрэн сурвалжлаагүй байлтай.
 
Яг үнэндээ П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нарыг “Тавантолгой-Гашуун Сухайт” төмөр замын зураг төсөлд 11.8 сая ам.доллар, хуулийн үйлчилгээнд 4.5 сая, эдийн засгийн зөвлөх үйлчилгээнд 1.9, хяналтын зөвлөх үйлчилгээнд 5.5 сая нийт 510 сая долларын гэрээнд тухайн үед гарын үсэг зурсан асуудлаар сэжигтнээр тооцон шалгахаар болж байсан.
Бидэнд байгаа баримтаар П.Бат-Эрдэнэ Монгол Улсын түүхэнд гарч байгаагүй их хэмжээний мөнгөний гэрээ хэлэлцээр болон бусад зүйл дээр гарын үсэг зурсан олон баримт байна. Тухайлбал, 2013 оны тавдугаар сард “Энержи ресурс рэйл”, “Самсунг Си энд Ти” компаниудын хооронд хийсэн “Таван толгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр зам барих төслийн ажлыг цуцалж эрх шилжүүлэх гэрээгээр “МТЗ”-д шилжүүлэн өгч байсан юм.
 
Хамгийн хачирхалтай нь “МТЗ” энэхүү гэрээг шилжүүлэн авахдаа дахин ямар ч тендер зарлалгүйгээр “Самсунг Си энд Ти” компанийг үргэлжлүүлэн ажиллуулах эрхийг нь өгсөн явдал юм. Тэдний хийсэн энэхүү үйлдэл тухайн үед олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байсан гэдэг. Мэдээж эрх шилжүүлэх гэрээгээр үзэглэн авсан “Тавантолгой-Гашуун сухайт”-ын төмөр зам барих ажлыг эрх мэдэл бүхий хүмүүс яалт ч үгүй П.Бат-Эрдэнэтэй холбон тайлбарладаг юм.
 
П.Бат-Эрдэнэ, Ч.Ганбат нар нь өөрсдийг нь хэрэгт татахыг мэдсэн юм шиг эртнээс гадагш гарах бэлтгэлээ хийж хилийн дээсээр нэг л өдөр гараад явчихсан. Тухайлбал, П.Бат-Эрдэнэ “МТЗ” ТӨХК-ийн дэд захирлын албан тушаалыг хашиж байхдаа хувийн дансандаа чамлахааргүй их мөнгө хуримтлуулж чадсан нэгэн. Энэ бүх гэрээ хэлэлцээрийг П.Бат-Эрдэнэ “МТЗ” ТӨХК-ийн захирал байхдаа хийсэн гэдэг хөдөлшгүй баримт одоог хүртэл байсаар л байна.
 
Хамгийн гол нь тэрбээр энэхүү гэрээнүүдийг хийснийхээ дараа гэнэтхэн дэд захирлын суудалд заларч, хэсэгтээ л олны анхаарлыг татаж байсан юм. Ямартай ч асуудал, аюул хоёрыг зэрэг дагуулаад буй “Чингис”, “Самурай” бондын хэсэг мөнгө нь дээрх төмөр замын ажилд зарцуулсан нь гарцаагүй үнэн. Тиймээс харь оронд бүгж буй П.Бат-Эрдэнийг чирээд авчрах зоригтой албан тушаалтан алга бололтой. Яг үнэндээ энэ хэрэг нийгэмд бусад эдийн засгийн гэмт хэргүүдээс илүү шуугиан тарьж сүртэй гэмээр баривчилгаануудыг хийж байсан.
 
Өөрөөр хэлбэл, энэ хэргийн улмаас УИХ-ын гишүүн асан Х.Баттулгын эргэн тойрны хүмүүсийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч байсан. Ямартай ч энэ мэтээр цааш тоочвол эдийн засгийн асар олон гэмт хэрэг болон албан тушаалын хэргүүд өнөөг хүртэл эцэслэн шийдэгдэлгүй хэрхсэн нь бүрхэг хэвээр байгаа юм.
 
Угтаа бол цагдаагийн байгууллагаас иймэрхүү төрлийн гэмт хэргийг шалгаад прокурор шүүх рүү очдог ч ямар нэгэн байдлаар дарагдаж дээрээс ирсэн “том” ах нарын тушаалын дагуу замхардаг гэдгийг цагдаагийнхан учирлан ярьж байсан нь олон.
 
Тиймээс энэ мэт нийгэмд дуулиан шуугиан тарьж байсан эдгээр хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдсэн хэрэв шийдэгдээгүй бол ажиллагаа ямар шатандаа явж байгаа талаар хууль хяналтын байгууллагын нэр бүхий удирдлагууд олон нийтэд үнэн зөвөөр мэдээлэх хэрэгтэй байх.
 
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний сонин"