2002 онд эрүүгийн гэмт хэрэгтнүүд тухайн үеийн  бизнесмен,  улс төрчдийг  дарамталж  зодоон цохиондоо хүрсэн  “Центрпойнт”-ийн гэх дуулиант хэрэг гарч байсан.  Уг хэрэгт холбогдсон  эрүүгийн элементүүд бүгд хорих ялаар шийтгүүлж,   Сэлэнгийн У.Баатаржав дүү “Доён” У.Болдтой хамт холбогдож, иргэдийг дарамталсан, гадаадын иргэнээс  их хэмжээний мөнгө залилан авсан, танхайрсан гэмт хэрэгтээ зургаан жил хорих ялаар  шийтгүүлж хугацаанаасаа өмнө суллагдсан.

Сэлэнгийн У.Баатаржав 2013 онд Улаанбаатар төмөр замын  авто зогсоолын  газрыг  хуурамч бичиг баримт бүрдүүлэн, эрх бүхий  этгээдийг айлган  сүрдүүлэх  замаар өөрийн  болгосон нь илэрч, хэрэг үүсгэн шалгагдсан боловч  хэн нэгний тусламжтайгаар хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ хэргийнх нь дуулиан намжаагүй байхад Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буюу Цонжинболдогт амралтын  газарт архидан согтуурсан үедээ  Ланд-200  маркийн машин унаж  танхайран,   амарч зугаалж явсан иргэдийг дайрах шахсан, явган хүний шат, хашлагыг мөргөж эвдэлсэн байдаг. Энэ хэргийн тухайн  үед Цонжинболдогийн хамгаалалтын албаны ажилчид  ярьж, гэрчилж байсан.  Энэ хэргийг мөн л хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин цагдаагийн байгууллагаас энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэн дахин шалгасан байдаг. Улмаар Эрүүгийн хуулийн  181.3 буюу танхайрсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллах дүгнэлттэйгээр шүүхэд шилжүүлсэн байна.  Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэрвээ энэ зүйл ангиар нь У.Баатаржавыг яллалсан бол  5-8 жилийн хорих ял оноох байв.  Өчигдөр  У.Баатаржавын гэм буруутай эсэхийг   Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцсэн. Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ю.Энхмаа, Ж.Мөнхтуяа, Д.Буянтогтох, улсын яллагчаар Б.Хурц, Шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Г.Мөнхтулга, Ц.Батбаяр, Ц.Гансүх нар оролцов.  Улмаар У.Баатаржавыг буруутгаад буй 181.3 танхайрах гэсэн зүйл ангийг 153.1 буюу бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх болгон өөрчилсөн. Эрүүгийн хуулийн 153.1-д “Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг. Хуульд заасны дагуу У.Баатаржав хоёр жилийн хорих ял оногдуулж, өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу өршөөл үзүүлсэн байна.  

А.Баярмаа