УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатар гэж нөхөр Монгол Улсын хууль журмаас дээгүүр харж, том аашилсныхаа төлөөсөнд өөрийгөө ямаршуухан этгээд болохыг нийтэд таниулсан гэхэд болох байх.  Тэрбээр УБТЗ-ы даргаар ажиллаж байхдаа Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам”-ын хувьцааг БНХАУ-ын талд тодорхой хэмжээг нь шилжүүлэхээр болсон тухай мэдэгдэж дуулиан тарьж байв.

Харин Оросын талаас уг асуудалтай холбогдуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг (УБТЗ ХНН)-ийн дарга Л.Пүрэвбаатар “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлнэ гэдгээ удаа дараа мэдэгдэж, энэ талаар Хятадын талтай хэлэлцээ хийж байгаа талаар мэдээлсэн. Үүнээс үүдэн Оросын тал 1949 оны хэлэлцээрт ямарваа нэгэн өөрчлөлт оруулахгүй гэсэн хатуу байр суурьтай болоод байна хэмээн мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас “УБТЗ” ХНН-ийн хувьцааг Хятадын талд хэсэгчлэн шилжүүлэх талаар аливаа шийдвэр гаргаагүй байхад “УБТЗ” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нь ийм хариуцлагагүй мэдэгдэл удаа дараа хийж, Монгол Оросын хоорондын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх үндсэн баримт бичиг болох Дунд хугацааны хөтөлбөрийн хэлэлцээг зогсонги байдалд оруулж байна. Иймд Л.Пүрэвбаатарын энэхүү үйлдэлд анхаарлаа хандуулж, зохих хариуцлага тооцохыг хүсье.” гэсэн мэдэгдэл гаргахад хүрч байлаа.

Тэгэхээр Л.Пүрэвбаатарын тухайд УБТЗ-ын даргаар ажиллаж байхдаа хоёр улсын хоорондох харилцааг самрахаа дөхсөн хүн юм. Ямартаа л  Зам тээврийн сайдаар тухайн үед ажиллаж байсан  М.Зоригт “Л.Пүрэвбаатар нь өөрийн дураар ийм ташаа зүйл ярьж, хувийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийсэн нь Монгол Улс, Оросын Холбооны Улсын улстөр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцлыг үүсгэсэн хариуцлагагүй үйлдэл гэдэгтэй санал нэгтэй байна.” гэж байсан юм.

Ер нь тэрбээр УБТЗ-ын даргаар сонгогдоод удаагүй байхдаа хэл ам татласан. Улсын хөрөнгөөр буюу 2 тэрбумаар байр, түүнчлэн “Ханбүргэдэй” худалдааны төвөөс гутал, хогийн шүүр, сав авсан гэхчлэн асуудлуудад холбогдож АТГ-т ээрэгдэж байв. Төмөр замын дарын суудалд суугаад л халаа сэлгээг өөрийн дураар хийж чадварлаг мэргэжилтэнгээ өөрийн хүрээнийхэн болоод Монгол Улсын Ерөнхий сайдын хүмүүсээр сольж цус сэлбэсэн гэж яригдаж байсан юм.

Эргэн сануулахад, Л.Пүрэвбаатарыг  “УБТЗ” ХНН-ийн даргаар 2014 оны 12 дугаар сарын 13-нд томилсон байдаг. Гэхдээ эхнээсээ түүний томилгоо ээдрээтэй байсан. Учир нь түүнийг томилогдохоос  гурав хоногийн өмнө Засгийн газар хуралдаж, “УБТЗ” ХНН-ийн Монголын талын эзэмшдэг хувийг Төрийн өмчийн хороо биш, Зам, тээврийн яам эзэмших нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлэн, үүний хариуг автал Л. Пүрэвбаатарыг  томилох Ерөнхий хорооны хурлыг хойшлуулахыг хүссэн албан бичиг илгээсэн байдаг. Гэвч  Ерөнхий хорооны дарга ноён В.В.Морозов түүнийг үл тоож, хуралдаж “УБТЗ” ХНН-ийн даргаар Л.Пүрэвбаатарыг томилсон түүхтэй.

Гээд яахав, нэгэнтээ томилогдсон хүн ажлаа авсан. Хийж эхэлсэн. Тэгээд л асуудал дагасан даа. Албаны 600 000 төгрөгөөр гутал авч өмсчихөөд  тэр нь илрэнгүүт  “Энэ гутлыг чинь би ажилдаа өмсөхөөр авсан юм” гэсэн гэдэг. Тийм ч биз. Ажилдаа бас амьдралдаа өмсөхөөр авсан байлгүй дээ, уг нь. Ажил тарангуут тайлдаг гутал лав биш байсан байх. Асуудал энэ гуталд байгаа хэрэг биш юм л даа. Гол нь Л.Пүрэвбаатар гэж хүн эхнээсээ хариуцлагатай ажлыг хувь эрх ашигтаа ашигласанд л байгаа хэрэг юм.

Мөн тэрбээр унаж байсан хувийн машинаа “УБТЗ” ХНН-д шахсан, мөн 1.8 сая төгрөгөөр өөртөө пальто авч өмссөн тухай мэдээлэл ч гарч л байлаа. Яахаараа ч тийм хувцасгүй амьтан байдаг юм, бүү мэд.  Улаанбаатар төмөр замд өмсөх гуталгүй ирсэн л гэж харагдахаар байдаг тэрбээр унах унаа, орох оронгийн асуудлаа ч УБТЗ-аас л шийдсэн бололтой байдаг. Тэрээр 2014 онд 200 саяар Лексус 570 машин авч унан, өөртөө 1.5 тэрбумаар байр авч байсныг нотлох баримт нь бий. Хачирхалтай нь тэр хариуцлага хүлээгээгүй. Төрийн өмчийн хорооноос шалгаж тогтоосон ч тэгсгээд л намжжээ.

14971792_920356594763026_188258741_n

Л.Пүрэвбаатарын нөмөр нөөлөг нь  Г.Батхүү гэдэг. Гэхдээ түүнд МАН-д ч бас түшиг тулгуурууд бий гэх юм билээ. Тэрбээр 2005 онд Улаанбаатар төмөр замын орлогч даргаар ажиллаж байхдаа 170 хүнтэй ажиллаж байсан удирдах газрыг 370 хүнтэй болгож томруулсан байдаг. Ерөөсөө төр төсвийн мөнгийг юман чинээ боддоггүй үрж зарлагадаж сурсан хүний зан л байх л даа. Харин 10 жилийн дараа Л.Пүрэвбаатар Улаанбаатар Төмөр замд даргаар  эргэж ирэхдээ өнөөх 370 хүнийхээ тоог  дахин 20 хувиар өсгөсөн байдаг. 13 хүний орон тоотой ажиллаж байсан Ачаа тээврийн албыг 50 хүнтэй болгон өргөжүүлсэн гэхээр л түүний хийдэг ажил юу байсан нь харагдана.  Мөн түүний талаар анхаарал татсан нэгэн мэдээлэл gereg.mn сайтад гарсан байдаг. Юу гэхээр  “Далт” гэх компаниараа дамжуулан 3,4 дүгээр хорооллын “Алтан төгрөг” дэлгүүрийн ард 16 давхар барилга бариулж байгаа гэх мэдээлэл байсан юм. Дарга болоод төсвийн мөнгөөр гутал авч өмсөж байсан хүн ямар мөнгөөрөө тийм том барилга барьдаг байнаа гэж гайхагсад ч олон байгаа. Эрх мэдэл байхад Л.Пүрэвбаатарын санасан бүхэн сэтгэгчлэн бүтэж ирсэн байхыг үгүйсгэх аргагүй юм л даа.

Эх сурвалж: Шуурхай.мн