Спортын холбоодоор юу болоод байна вэ?
2017/01/21
Олимпийн цикл эхэлж байгаатай холбогдон спорт холбоод улсын аварга шалгаруулах тэмцээн, удирдлагуудаа шинэчлэн сольж, халаа сэлгээ хийх гээд хөдөлгөөн ихтэй байна. Басхүү маргаан мэтгэлцээн ч ихтэй байгаа гэж ойлгож болох юм.
Тухайлбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн үед хамгийн их маргаантай байгаа. Сагсчид болоод удирдлагууд нь заал, талбай байхгүй учир арга ядахдаа хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байна гэж гомдоллосон. Хэн нь ийм зүйл хийж, хөгжиж дэвжихэд нь саад болж байгаа тухай Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Ц.Цэвэрбалаас лавлахад “УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц нар манай холбоог авах гэж дайрч байна. Надад дургүй байж болно. Гэхдээ хоёр холбоо эвлэлдэн нэгдэж сагсан бөмбөгийн хөгжил зөв голдрилдоо орж байхад хүмүүс эрх мэдлээрээ далимдуулан элдэв асуудал үүсгээд байна” хэмээн ярьсан юм. Харин энэ тухайд Ц.Шаравжамцын зүгээс “Биеийн тамир спортын газрын даргаар ажиллаж байгаа хүн яах гэж нэг холбооны төлөө хэл, ам хийж явах вэ” гэх юм билээ. Ер нь тэгээд томхон албан тушаалтай хүмүүс нь сагсан бөмбөгийн холбоодын үл ойлголцол намжиж, басхүү өмнө нь үзүүлж байгаагүй том амжилт үзүүлээд ирэхээр нь ил биш ч далдуур хорлоод байгаа учир нь юу юм бол гэж бодогдох юм. Бодвол холбооны ерөнхийлөгч гэх суудалд л сууж, эрх мэдэл, нэр хүндтэй болох хүсэл нь хатгаад байдаг юм байлгүй. Сагсан бөмбөгийн холбоо иймэрхүү маргаан, зөрчилдөөнтэй байна.
Харин Монголын чөлөөт бөхийн холбоо нэгэн гэр бүлийн эзэмшил мэт болжээ. Ер нь Д.Долгорсүрэн зааны хүүхдүүд ерөнхийлөгчөөр нь суух хуваарь, эрэмбэтэй байгаад байх шиг харагддаг.Учир нь саяхан болсон Монголын чөлөөт бөхийн удирдах зөвлөлийн хурлаар Д.Дагвадорж тус холбооны ерөнхийлөгчийн байр сууриа төрийн түшээ төрсөн ахдаа бэлэглэчихсэн юм шиг харагдаж байна. Монголын чөлөөт бөхийн холбооны баталсан шинэ дүрмээр ерөнхийлөгч гэсэн нэр томьёог байхгүй болгож, холбооны удирдах эрх мэдлийг Удирдах зөвлөлийн даргад шилжүүлэхээр болсон юм байна. Ерөнхийдөө Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг удирдах зөвлөлийн дарга нь гүйцэлдүүлэх гэнэ. Энэхүү удирдлагаа шилж, сонгох чухал хурал оны өмнө болох ёстой байсан ч хойшлогдсон. Гэтэл Улсын аварга шалгаруулах үеэр Удирдах зөвлөлийн гишүүн Д.Сумъяабазар болсон гэх мэдээ чих дэлссэн юм. Ямартай ч ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй байсан хүмүүст ямар ч боломж олдоогүй гэх яриа байна лээ.
Тэгвэл олимпийн дараахан маргаан дагуулалгүй ерөнхийлөгчөө дуу нэгтэй сонгосон холбоо бол Монголын жүдо бөхийн холбоо. Нэрээ дэвшүүлэх өөр хүн ч байсангүй. Тус холбооны их хурлаар Х.Баттулгыг ерөнхийлөгчөөрөө улируулан сонгосон юм. Ерөнхийдөө Х.Баттулга дархлагдчихсан гэж болно. Тэрээр 2006 оноос тус холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж, олон амжилтыг эх орондоо авчрахад тус, дэм болсон. Мөн тэрээр өсвөр, залуучууд гэлтгүй жүдо бөхийн тэмцээн болгоныг заавал үздэг, дараа нь заавар зөвлөгөө өгдөг гэж тамирчид нь ам сайтай байдаг юм билээ. Тиймдээ ч холбооныхон Удирдах зөвлөлийн хурлаараа Х.Баттулгыг Хөдөлмөрийн баатар цолонд нэр дэвшүүлж байсан удаатай. Есдүгээр сард улиран сонгогдохдоо тэрээр “Тамирчдын маань сэтгэл зүй муу байгаа гэдгийг сайн мэдэж байна. Үүнд илүү анхаарч ажиллана” гэж байсан. Үүний хэрэгжилтийг бид ирэх Токиогийн олимпоор харах үлдэж байна.
Түүнчлэн Монголын буудлага спорт холбооны ерөнхийлөгчөөр Азийн буудлагын холбооны дэд ерөнхийлөгч, Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн, Монгол Улсаас Турк улсад суух Элчин сайдын яамны ерөнхий консул Э.Мөнх-Очир ажилладаг. Одоогоор буудлагын холбоо буудлагын шинэ төв байгуулаад тун чиг завгүй байгаа учир их хурлаа хийх товоо зарлаагүй байгаа аж. Харин дараагийн хамгийн их маргаантай байдаг холбоо бол Монголын хөлбөмбөгийн холбоо. Энэ холбоо нь Төрийн бус байгууллага гэсэн статустай. Гэхдээ бусад ТББ-аас ялгаатай нь Монгол Улсыг төлөөлсөн Олон улсын хөлбөмбөгийн холбооны гишүүнчлэлтэй юм. Улсын нэрээр энэ ТББ-д тусламж дэмжлэг их ирдэг. Тиймдээ ч маргаан ихтэй байх нь дамжиггүй биз. Энэ холбооны хамгийн дуулиантай ерөнхийлөгч асан бол Б.Ганболд. Энэ эрхмийг ФИФА-гийн гүйцэтгэх хорооны гишүүн Мухаммед Бин Хаммамаас авлига авсан хэмээн Олон улсын хөлбөмбөгийн холбооны ёсзүйн хорооноос таван жилийн хугацаанд хөлбөмбөгтэй холбоотой ажил хийхийг нь хориглож байсан. Мөн түүнийг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос өгсөн санхүүжилтийг хувьдаа шамшигдуулсан тухай ч мэдээлэл байдаг. Түүнийг гаднаас ирсэн хөрөнгө санхүүг зарцуулах ёстой төсөвт зарцуулсан бол Монголын хөлбөмбөгийн хөгжил үүнээс ч илүү байх байсан. Тиймдээ ч хөлбөмбөгийн хөгжилд том нэрмээс болсон хэмээн халаглаж суух хүмүүс цөөнгүй байдаг юм билээ. Түүний дараа Хөлбөмбөгийн IV их хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарыг тус холбооны ерөнхийлөгчөөр томилсон. Тэрээр энэ албан тушаалд 2017 он хүртэл байх юм. А.Ганбаатарыг салбараа мэдэхгүй, мэддэг зөвлөх ч үгүй гэж салбарынхан нь голдог гэсэн. Анх сонгогдохдоо л албан тушаалаа ашиглаж, төрийн нөлөөлөл үзүүлж байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм билээ.
Тэгвэл өчигдөрхөн боксын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн. Тус холбоо мөн л шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчийг шинээр бүрдүүлэх ажилтай байгаа гэнэ. Мөн төд удалгүй холбооны ерөнхийлөгчөө сонгох юм байна. Холбооны ерөнхийлөгч “Ажнай” Бат-эрдэнэ гадаадад байсан гэх шалтгаанаар тус Их хурал нь хэд хэдэн удаа хойшилжээ. Ямартай ч тус холбооны ерөнхийлөгчид нийслэлийн Засаг дарга С.Батболд, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир нарын нэр яригдаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Ер нь яагаад спорт холбоодын ерөнхийлөгчид манай улсын нэртэй бизнесмэнүүд, улстөрчид улайран зүтгэцгээдэг юм бэ? Энэ бол монголчууд хоосон ядуу байгаагийн л шинж. Учир нь Олон улсын спорт холбоодоос тухайн спортын хөгжилд зориулж төсөл, хөтөлбөр олноор хэрэгжүүлж, материаллаг бааз, бүхий л зүйлд нь тус дэм болгохоор хөрөнгө, мөнгөний туслалцаа үзүүлдэг. Үүнд шунахайрч, өөрт завших гэсэн бичигдээгүй хууль бий болчихжээ. Ер нь аль ч салбарт ийм хандлага тогтчихсон учраас хөгжил, дэвшил гацаанд байгаа гэхэд хилсдэхгүй болов уу. Угтаа бол ах дүү хамаатан садан, эрх мэдэл, албан тушаалаараа далайлгаж холбооны ерөнхийлөгчөөр суун мөнгө идэхдээ биш тэр л хөрөнгө мөнгийг спортынхоо хөгжилд зориулж, баг тамирчдаа дэмжиж, спорт цогцолбор, материаллаг баазаа бэлдэх гээд дундаршгүй их ажилд зориулах хэрэгтэй юм. Түүнээс удирдлагууд нь эрх мэдлээ булаацалдаж, мөнгө завшиж, тамирчид нь гэж гоншигоносон нөхдүүд нэмэгдээд байвал Монголын спорт цаашид юу болох вэ.
О.Ариунцэцэг
Хямралын эсрэг хамтдаа · 2017/01/21
http://Cash4Visits.com/ref.php?refId=344474 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.